Image description

---Оросын тоймч Екатерина Кобицын нийтлэлээс хэсэгчлэн авав---

Монголын тал мэдэгдэл хийж өөрийн газар нутгаар нь дамжин өнгөрч Хятад хүрэх “Сибирийн хүч 2” хийн хоолойг 2024 онд барьж эхэлнэ гэжээ. Гэтэл “Газпром” корпораци юуны өмнө Хятадад хий нийлүүлэх гэрээний асуудлаа шийдэх шаардлагатай гэдгийг шинжээчид онцолж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө “2024 онд “Сила Сибири-2” хийн хоолойн барилгын ажил эхэлнэ. Оросын төсөл ТЭЗҮ-г эцэслэж баталсан” гэж мэдэгдлээ. Гэтэл үнэн хэрэгтээ Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн эцсийн маршрутыг одоо ч авч хэлэлцсээр байгаа. 
...Монголын Засгийн газар ба “Газпром” 2019 оны 12 сард меморандумд гарын үсэг зурсан. 2020 оны 8 сард “Газпром”-ын тэргүүн Алексей Миллер ба Монголын Шадар сайд Я.Содбаатар нар өөр нэг меморандумд гарын үсэг зурав... ... 2019 оны зун “Сила Сибири” хоолойг Орос-Хятадын хил дээр холбов. Харин 2019.12.2-нд “Сибирийн хүч”-г нээх ёслол болсон. Энэ бол Якутаас Приморскийн хязгаар, “APEC”-н орнууд, Хятад руу хий нийлүүлэх Оросын хийн хоолой, Оросын “Газпром” ба Хятадын “CNPC” корпорациудын хамтарсан төсөл. Экспортын хүчин чадал жилд 38 тэрбум м3....
Санхүүгийн их сургууль, Эрчим хүчний үндэсний аюулгүй байдлын сангийн шинжээч Игорь Юшков “Энэ төслийн түүх их урт. Анх төслийг “Алтай” гэж нэрлэсэн ба Оростой хиллэсэн Хятадын баруун нутгаар дамжин өнгөрөх ёстой байв. Хятадтай их дээр үеэс, маш удаан хэлэлцээр хийсэн. Хятад бол хэлэлцээр хийхэд маш хатуу чанга улс.... Ямал дахь Пур-Тазовсзийн орд газрын боломж үнэндээ Европын хэрэгцээнээс хавьгүй давсан учир “Газпром” одоо түүнийг “Сибирийн хүч 2” хийн хоолойд ашиглахаар төлөвлөсөн. Хятадын шинэ чиглэлд 50 тэрбум м3 хий нийлүүлэх төлөвлөгөөтэй... Харин одоо энэ хоолой Орост тулгамдсан асуудал болж ирлээ. “Газпром”-ын хувьд Баруун Сибирийн хийг дотоодын хэрэглээнд ашиглахаас гадна гадаадад экспортлох нь чухал. Түүнээс гадна Европт нийлүүлэх хий аажмаар багасна гэж тооцоолбол Орос улс шинэ хийн хоолойгоор Хятад руу төлөвлөсөн 50 тэрбумаас ч хэд дахин их хийг нийлүүлэх боломжтой. Гэхдээ Хятад одоо цаг хугацаа өөрийн нь талд байгааг анзаарчээ. Европын зах зээл дээр Оросын хувьд нөхцөл байдал муудах тусам “Газпром”-ыг шахаж илүү таатай болзол, нөхцөл авч чадна гэж хятадууд бодож байгаа бололтой. Ийм учраас Хятад одоо гэрээ хэлэлцээрээс цааргалж удаашруулан Европын нийлүүлэлт бүрэн зогсохыг хүлээж байна. Тэгээд өөрийнх нь тавьсан бүх нөхцлийг “Газпром” хүлээж авч зөвшөөрнө гэж хятадууд найдсаар л. Хийн хоолой барих бэлтгэл ажил хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хэрэв Хятадад хий нийлүүлэх арилжааны хэлэлцээрийг гар дээрээ авахгүйгээр хийн хоолойгоо барьж эхлэх юм бол энэ нь Хятадын байр суурийг улам бэхжүүлнэ. Ингэж огт болохгүй. Дээр дурдсан хүчин зүйлсийг тооцон үзвэл Монголын Ерөнхий сайдын зарласан 2024 он бол зүгээр л цаг зуурын, хий хоосон тоо... "Сили Сибири 2" ямар ч гэсэн шингэрүүлсэн байгалийн хийгээс хямд. Чухам энэ санааг л хятадуудад хүргэх шаардлагатай" гэж хэлсэн. 
ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн шинжээч Станислав Митрахович “Сибирийн хүч2 төслийн гэрээг хэлэлцээд 6 жил өнгөрлөө. Сүүлийн хэдэн сард нөхцөл байдал өөрчлөгдсөн ч Хятадтай гэрээ хийх асуудал огт урагшилсангүй. Тиймээс Монголын нутгаар дамжуулан хийн хоолойг барих тухай ярих арай эртэднэ ээ. Хэрэв Хятад хэлэлцээр хийхгүй бол яахын? Тэгээд ч хэрэв хятадууд дэмжихгүй бол бид Монголоор дамжуулан барих шаардлагагүй. Мэдээж, Монголын Ерөнхий сайд газар нутгаар нь хийн хоолой дамжин өнгөрдөг болбол баярлана. Монгол орон Оросыг Хятадтай холбож, дамжуулан өнгөрүүлсний төлбөр авах болно. Үүний ачаар улс орноо байгалийн хийгээр бүрэн хангах боломж бүрдэнэ. Гэвч Оросын хувьд ЕС Л.Оюун-Эрдэний өнөөгийн энэ мэдэгдэл бол ямар ч гэрээн дээр суурилаагүй, зүгээр л хоосон үг. “Сибирийн хүч 2” хийн хоолойн хэлэлцээрт Хятад давуу байр суурьтай байгаа, энийгээ ч мэдэрсэн. Гэхдээ Хятадын эрчим хүчний баланс тийм ч тогтвортой биш ээ. Бээжин ба Вашингтоны зөрчил хурцдах юм бол Хятадын далай тэнгисийн нийлүүлэлт эрсдэлд орно. Тэр үед л Оросын хийн хоолой стратегийн ашиг тусаа өгнө” хэмээжээ. 
Шинжээчдийн ярианаас үзэхэд Бээжин өөрт ашигтай нөхцлийг Оросоос гаргуулж авахыг оролдсоор байгаа аж. Гэвч энэ байр сууринд хязгаарлалт бий, яагаад гэвэл зөвхөн Москва л эрчим хүчний болзошгүй хямралаас Хятадыг аварч чадна. Иймээс л Талууд цаг тухайд нь хөдлөхөөр бүгд бэлэн байх ёстой. Үүнийг л Монгол зөөлнөөр сэрэмжлүүлж анхааруулж байна. 
Орчуулсан #МЦогзолмаа