Image description
ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia дэргэд “Галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах лаборатори байгуулах“ төсөл амжилттай хэрэгжиж байна.
Уг төслийг Эм Си Эс групп, Монголын Урлагийн зөвлөлийн “Өв эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөр дэмжин сэргээн засварлах лабораторийн дотоод засвар тохижилтийг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.
ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн санхүүжилтээр төслийн төлөвлөгөөний дагуу эхний хэсгийн худалдан авалтыг хийж лабораторид байршуулсан бөгөөд энэхүү лаборатори байгуулагдсанаар галд өртсөн 20-р зууны Монголын сор бүтээлүүдийг авран хамгаалж, соёлын өвийг сэргээн засварлах ажил эрчимжих юм. Дашрамд дурьдахад 2022 оны 2 дугаар сард энэхүү зургийг сэргээн засварлах төслийг амжилттай эхлүүлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж байсан юм.  

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан. Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм.

Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн урлагийн бүтээлүүд байсан юм.

Ийнхүү ХБНГУ-ын зүгээс Монголын уран зургийн галерейд хөрөнгө оруулалт оруулж байгаа хүрээнд Монгол Улс олон улсын стандарттай уран зураг сэргээн засварлах лабораторитой болж, түүх соёлын дурсгалт зүйлийг анхны төрхөөр нь сэргээн засварлах ажилд бодит дэмжлэг болох юм.