Image description
Америк улсын Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом сармагчны цэцэг өвчний дэгдэлтийн улмаас тус мужид Онц байдал зарласнаа мэдэгдэв. “Муж даяар явагдаж буй вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих зорилгоор Онц байдал зарласан. Одоогийн байдлаар сармагчны цэцэг өвчний 61 мянга гаруй тун вакциныг Калифорни муж хүлээн авсан, үүний 25 мянгыг хуваарилаад байна” хэмээн амбан захирагчийн мэдэгдэлд дурджээ. Өмнө нь энэ өвчний улмаас АНУ-ын Нью-Йорк муж, Сан-Франциско хотод бас Онц байдал зарласан юм. “Одоогийн байдлаар Америкт 5000 гаруй хүн сармагчны цэцэг өвчний халдвар авсан” гэж АНУ-ын Өвчнөөс сэргийлэх, хянах төв мэдээлжээ. “The Washington Post” сонин өмнө нь сармагчны цэцэг өвчний улмаас улс даяар Онц байдал зарлах асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден судалж байгаа тухай мэдээлсэн билээ. 
Одоогоор сармагчны цэцэг өвчний халдвар дэлхийн 80 оронд тархаж 22 мянган хүн өвчилжээ. 
Боливи улсын Эрүүл мэндийн сайд Жейсон Ауса “Манай оронд анх удаа сармагчны цэцэг өвчний халдвар илэрлээ. Санта-Крус хотын 38 настай иргэн өвчилснийг лабораторийн шинжилгээ баталсан” хэмээн мэдэгдэв. 
Перу улсад сармагчны цэцэг өвчнөөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн тухай “RPP” радио мэдээллээ. 45 настай өвчтөн 7 сарын 27-нд эмнэлэгт хүнд байдалтай хүргэгдсэн, тэрээр ДОХ-той, бас уушгины өвчтэй байсан аж. Өмнө нь сармагчны цэцэг өвчний халдвар авсан 5 хүн Африкийн Конго ба Нигери улсад, мөн 1 өвчтөн Бразилид,  бас 1 хүн Энэтхэгт өнгөрчээ. Энэтхэг эр саяхан АНЭУ-аас буцаж ирсэн ба 10 хоногийн өмнө тэнд сармагчны цэцэг өвчний халдвартайгаа мэдсэн ч эмч нараас нуужээ. Одоо түүнтэй харьцсан 20 хүний хөл хорионд оруулаад байна. 
Харин Европт энэ өвчнөөр 2 дахь хүн нас барсан тухай өчигдөр мэдээллээ. Хоёулаа Испани улсад.