Image description
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв.Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр санал нэгдэв.Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-тай сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт болохыг тэмдэглэж, олон улсын нөхцөл байдал тогтворгүй, цар тахал бүрэн арилаагүй энэ цаг үед харилцаа, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн, өргөжүүлж, илүү ойр дотно хамтран ажиллах нь зүйтэй болохыг тэмдэглэв.Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортлох, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгох асуудлаар ярилцлаа.

Ханги-Мандал боомтын төмөр замаар холбох асуудларх манай талын хүсэлтийг хятадын тал анхааралдаа авч, дотоодын холбогдох байгууллагатайгаа ярилцахаа илэрхийлэв.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцов. Гадаадхарилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд манай талаас өндөр ач холбогдол өгдөг болохыг онцолж, “Эдийн засгийн коридорын хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг урагшлуулах талаар санал солилцов.

Хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-д суралцаж буй оюутнуудыг үргэлжлүүлэн танхимаар хичээллүүлэхээр тохиролцож, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг хялбаршуулж сэргээхээр ярилцав. Төрийн тэргүүн нар утсаар ярих үеэр тохиролцсон цөлжилт, шороон шуургатай тэмцэх, байгаль орчныг хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Түүнчлэн олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож тус тусын байр сууриа илэрхийллээ.