Image description

---Францын “Le Figaro” сонины нийтлэлээс---

Германы эдийн засгийн загвар бол Оросын хямд байгалийн хийг худалдаж авах, мөн өндөр нэмүү өртөгтэй бараа таваарыг Хятадад зарах дээр суурилдаг. Үүнээс болоод Герман одоо алдарт ёгт үлгэр дээр гардаг тэмээлзгэнэ болж хувирчихлаа. Энэ бол удаашруулсан ажиллагаатай тэсрэг бөмбөг бөгөөд араасаа евро бүсийг бүхэлд нь уналт, рецесст татан оруулж магадгүй. Герман үнэндээ болгоомжгүй, алсын хараагүй, арчаагүй дорой тэмээлзгэнэ, харин Франц ба Өмнөд Европын орнууд сайхан сэтгэлт шоргоолжийн дүрд оржээ. Эрчим хүчээ хэмнэх зөвлөгөөг францчууд маань амгалан тайван хүлээж авсан бол харин манай хөршүүд ихэд сандарч бараг л дайны үеийн өлсгөлөнд бэлдэж эхэллээ.
Манай тивийн хамгийн том аж үйлдвэржсэн гүрэн уг нь 
Оросын байгалийн хийг асар ихээр хэрэглэж ирсэн, гэвч одоо сүйрлийн ирмэг дээр тулж ирлээ: нийлүүлэлтийн хомсдол, нөөц байхгүй, өөр салаа зам ч алга. Энэ орны эдийн засгийн өсөлт аль хэдийн саарсан, бас инфляци ба ажилгүйдэл улам нэмэгдсээр байна, гэтэл өвлийн хүнд цаг үе удахгүй ирэх гэж байгаа. Энэ бүхний дүнд евро бүсийн бүх орон рецесст орж магадгүй.
Германы эрх баригчид “магтмаар прагматизм” гаргаж, өнөөдөр шүршүүрт орохдоо илүү хүйтэн ус гоожуулж өмнөхөөс арай хурдан амжуул хэмээн ард иргэддээ зөвлөж байна. Тэнд “гашуун ч гэсэн нэн шаардлагатай” шийдвэр гаргаж нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа буцааж ашиглахаар болжээ, уг нь 2030 онд гэхэд тэдгээрийг бүрмөсөн устгах гэж байсан юм. Тэгээд бас Берлин атомын 3 цахилгаан станцаа үргэлжлүүлэн ашиглах гэж байгаа, уг нь Фукушимагийн осол гамшгийн дараа эдгээр станцаас татгалзахаар төлөвлөсөн юм.
Гэвч улстөрийн болон нийгмийн дуудлагын өмнө үзэл суртлын хагарал тийм ч чухал биш болсон. Германчуудын хувьд байгалийн хий ашигласны төлбөр 3 дахин нэмэгдсэн төдийгүй он дуусахын өмнө бас дахин нэмэгдэх гэж байна. Гэсэн ч энэ нь эрх баригч эвслийнхэн шинэ татвар ногдуулах тухай зарлахад саад болоогүй.... Иймээс нийгэмд удахгүй том эсэргүүцэл дэгдэж болзошгүй.
....Германы эдийн засгийн загвар үнэндээ Оросын хямд байгалийн хийг худалдаж авах ба өндөр нэмүү өртөгтэй бараа таваарыг Хятад руу экспортлох дээр суурилсан билээ. Энэ загвар дэлбэрч магадгүй. Бөөн бөөн хоригуудын дарамтад буй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин удаашруулсан ажиллагаатай энэ тэсрэх бөмбөгийг өөрийн үзэмжээр удирдан залуурдаж байна. Германыг тогтворгүй болгосноор Европыг бүхэлд нь тогтворгүйжүүлж байгаагаа тэр мэдэж байгаа....
Орчуулсан #МЦогзолмаа