Image description
Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Төрийн албан хаагчдын тухай шинэ хуулинд гарын үсэг зуржээ. Энэхүү хууль нь төрийн байгууллагуудад алба хаших дэс дараалал, төрийн албан хаагчдын эрх зүйн байдал зэрэг олон асуудлыг зохицуулжээ. Дээд шатны дарга хууль бус үүрэг даалгавар өгөх, шаардлага тавьсан тохиолдолд төрийн албан хаагч нар татгалзах эрхтэй, мөн авлигын тухай мэдээлбэл төрийн хамгаалалтад багтана гэж Узбекистаны энэ шинэ хуулинд заасан аж. 
Бизнес хийхийг төрийн албан хаагчдад бүрмөсөн хориглосон, түүнээс гадна гадаад орнуудад ямар нэг компани, байгууллага байгуулах, удирдахыг ч хоригложээ. Төрийн албанд ажилладаг хүмүүс цаашид Узбекистаны хилийн гадна данстай байж болохгүй, гадаадад ямарваа үл хөдлөх хөрөнгө худалдаж авах ч хориотой, 
Хамгийн гол нь төрийн албан хаагч болгон өөрийн орлого, эд хөрөнгийн тухай мэдүүлгийг заавал гаргаж өгөх үүрэгтэй болжээ. Узбек хэл мэддэг, мэргэжлийн зохих шаардлагыг хангасан иргэдийг төрийн албанд авна, ажлын 5 өдөртэй ба 7 хоногт 40 цаг ажиллана гэж шинэ хуулинд дурджээ. Түүнчлэн донгодох, торгох, ажлаас халах, мэргэшил бууруулах, албан тушаал бууруулах зэрэг арга хэмжээг төрийн албан хаагчдад авах юм байна. Узбекистаны шинэ хууль 2022 оны 11 сарын 8-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.