Image description
Хүн төрөлхтөнийг аврах агуу төсөлд тэрбумтан Билл Гейтс 44 сая доллараа зориулсан тухай “InterestingEngineering” мэдээллээ. Энэхүү төсөл хэдийн хэрэгжиж эхэлсэн ба роботуудын тусламжтай аварга том нарны ферм байгуулж байна. Төслийн эцсийн зорилго бол хүн төрөлхтөнийг ногоон энергиэр хангах, агаар мандалд хортой хий ялгарахыг болиулах, цаг уурын өөрчлөлтийг зогсоох. Билл Гейтс тэргүүтэй тэрбумтнуудын дэмждэг “Breakthrough Energy Ventures” фирм бол цаг уурыг өөрчлөх асуудлаар дагнадаг бөгөөд одоо нарны энергийн төсөл “Terabase Energy”-т нэгджээ. “Breakthrough Energy Ventures” фирм нь хөрөнгө оруулагч “Prelude Ventures”-н хамт “Terabase Energy”-тай хэлцээ хийснээр нийт санхүүжилт 52 сая доллар хүрлээ. 
“Terabase Energy” компаний зорилго бол олон тераваттын (1 тераватт = 1 сая мегаватт) цар хүрээтэй, роботуудыг ашигладаг нарны ферм байгуулах” гэж компанийг үндэслэгчдийн нэг, ерөнхий захирал Мэтт Кэмпбелл мэдэгдлээ. Автоматжсан завод нь робот гаруудыг ашигладаг, энэ роботууд том нарны хавтанг өргөж төхөөрөмжинд бэхлэх зэргээр барилгын ажлыг маш шуурхай гүйцэтгэдэг. Үйлдвэрлэл бүрэн компьютержсэн, бүтэн хоногийн турш амралтын өдөргүй 24/7 ажилладаг тул хурднаас гадна зардлыг хэмнэдэг. “Terabase” түнчлэн нарны фермийн төсөл ба барилгын ажлыг удирдах программыг бүтээдэг юм байна. “Энэ хөрөнгө оруулалт бол тераватт масштабаар нарны энерги үйлдвэрлэх бидний төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Нарны энергийн эхний тераваттыг барихын тулд дэлхийд 50 жил шаардагдах юм. Гэтэл бид нүүрс-усгүй болох даяаршсан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд багаар бодоход 50 тераваттыг барих ёстой, энд л роботууд тусална” гэж Кэмпбелл ярилаа. “Terabase” өөрийн технологийн нууцыг чанд хадгалдаг ч төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг билээ. Компаний анхны арилжааны төслийн хүрээнд 10 мегаватт хүчин чадалтай нарны хавтангуудыг байршуулжээ. “Цаг уурын хямралыг жинхэнээр шийдэх ганц найдвар бол экологийн цэвэр технологийг асар их хэмжээгээр байгуулж ашиглах....  “Terabase”-н платформ гайхалтай инноваци бөгөөд илүү их нарны энергийг олборлох боломж олгох болно. Бид “Terabase”-н түнш болсондоо баяртай байна” гэж “Intersect Power” компаний ерөнхий захирал Шелдон Кимбер мэдэгдлээ. 
Нэмж өгүүлэхэд, “Breakthrough Energy Ventures” фирмийг Билл Гейтс үндэслэсэн ба захирлуудын зөвлөлд Жефф Безос, Масаеши Сон нарын олон тэрбумтан багтдаг билээ. Энэ фирм саяхан Аризоны “Source Global” компаний агаараас ус ялгаруулах төслийг дэмжсэн юм.