Image description
---“The Washington Times” сонины нийтлэлээс ---

Энэтхэг улс ирэх онд хүн амын тоогоор Хятадыг гүйцэн түрүүлнэ гэж эрдэмтэд таамаглаж байна. Ингэснээр дэлхийн тавцанд мөнхийн өрсөлдөгч 2 орны хувьд нөхцөл байдал өөрчлөгдөж Энэтхэгийн байр суурь улам бэхжинэ... Энэ тухай Энэтхэгийн хамгийн нөлөө бүхий сонин “The Times of India” бичихдээ “Хэдхэн сарын дараа бид хүн амын тоогоор Хятадыг гүйцэн түрүүлнэ. Энэ бол түүхэн дэвжилт. Сүүлийн удаа 300 жилийн өмнө ийм тохиолдол бүртгэгдсэн. Энэтхэгт өдөр бүр 63 мянга гаруй хүүхэд мэндэлдэг бол Хятадад ердөө 29 мянга төрдөг. 2022 онд Хятадын хүн ам сүүлийн 60 жилд байгаагүйгээр цөөрсөн. Харьцуулахад манай Энэтхэгийн хүн ам ирэх 40 жилийн турш өсч үржсээр байх болно” хэмээжээ. Харин “Press Trust of India” сонин “Манайх хамгийн олон хүн амтай болсноор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болох хүчин чармайлт маань үр дүнд хүрч магадгүй” гэжээ... 
“Дэлхийн хүн ам 2022 оны 11 сарын дундуур 8 тэрбумд хүрнэ. Ойрын 20 жилд Энэтхэгт хүн амын тоо мэдэгдэхүйц өсөх бол Хятадад эсрэгээр буурна, энэ бууралт 2023 оноос эхэлнэ” гэж НҮБ-ын шинэ илтгэлд дурджээ. Энэтхэгийн хувьд ойрын ирээдүйд ядуурал, хүн амын хэт өсөлт хамгийн ноцтой асуудал хэвээр байх болно, гэсэн ч 2023 оноос энэ орон хүн ам хамгийн шигүү амьдардаг улс болж хувирах аж. “Хамгийн олон хүн амтай болсноор Энэтхэг хүчирхэгжинэ. Илүү том, илүү хүчирхэг стратегийн өрсөлдөгч Хятадыг ямар ч хамаагүй фронт дээр ялж гүйцэн түрүүлнэ гэдэг Энэтхэгийн хувьд маш чухал. Энэ бүхэн Энэтхэгийн хүч чадал, геостратегийн ач холбогдол, дэлхийд эзлэх байр суурийн тухай олныг илтгэх юм, тэгээд ч энэтхэгчүүд дэлхийд илүү том үүрэг роль гүйцэтгэхийг эртнээс эрмэлзэж тэмүүлсээр ирсэн” хэмээн Вашингтон дахь Вудро Вильсоны нэрэмжит олон улсын эрдэмтдийн төвийн шинжээч Майкл Кугельман ярилаа. 
...АНУ-ын хүн амын тоо 337 саяд хүрсэн тухай тус орны Хүн амын тооллогын товчоо мэдээлсэн. Харин Хятад ба Энэтхэгийн хүн ам тус бүр 1,4 тэрбум гэж НҮБ-ын тайланд дурджээ. Гэхдээ коронавирүсийн Цар тахалтай холбоотойгоор эрдэмтэд энэ 2 орны хүн амын тоонд эргэлзэж эхэлжээ.... Түүнчлэн 2000 оноос хойш хүн амын тоогоор дэлхийд эхний 10-д баттай ордог байсан Орос, Япон улсууд энэ жагсаалтаас бүрмөсөн хасагдах юм. 
2011 онд Энэтхэгт явуулсан тооллогоор 1,21 тэрбум хүнтэй гэж гарсан. Энэ улс 10 жил тутам хүн амын тооллого явуулдаг боловч Цар тахлаас болоод 2021 онд хойшлуулсан билээ. НҮБ-ын хүн амын асуудал хариуцсан төлөөлөгч Жон Уилмот “Энэтхэг хүн амын тоогоор дэлхийд тэргүүлснээр эрх баригчид ба ард иргэдийн өмнө тулгарч буй эртний, шийдэгдээгүй олон асуудал улам гүнзгийрч болзошгүй. Хүн амын өсөлтөөс болж ядуурал, ажилгүйдэл газар авна. Энэ бүхэн хүн амын өсөлтөөс олох ашгийг үгүй хийж магадгүй. Асар олон тооны залуустай Энэтхэг мөн чанартаа энэ давуу байдлаа ашиглаж чадахгүй байгаа, яагаад гэвэл улс даяар ажлын байр хангалтгүй. Залуусын ихэнх нь боловсролгүй, мэргэжлийн ур чадваргүй учраас ажил олдохгүй, улмаар тэд улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж чаддаггүй” гэж анхааруулав. 
Энэтхэг улс Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр дэлхийн жагсаалтад дээшилж байгааг Дэлхийн банк баталсан, гэвч энэ улс үнэндээ Хятад, АНУ-тай эдийн засгийн засгаар өрсөлддөг болтол урт зам туулна. Энэтхэг 2021 онд ДНБ-ий хэмжээгээр дэлхийд 6-д жагсч Францын өмнө орсон. Гэтэл Францын хүн амын тоо 65 сая. 
“Манай гарагийн улс орнуудын хүн амын тоо хаана хөгжил дэвшил гарч, хаана асуудал үүсэхийг харуулдаг. Нигери улс 2000 онд дэлхийн хамгийн олон хүнтэй орнуудын эхний 10-т багтсан Африкийн ганц орон (10-р байр) байлаа. Гэтэл 2050 он гэхэд Нигери хүн амаараа АНУ-ыг гүйцнэ, мөн эхний 10-т Конго, Этиопи улсууд орж ирнэ” хэмээн “Global Times”-н нийтлэлд дурджээ. 
Орчуулсан #МЦогзолмаа