Image description
Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Ун халуурч хүндээр өвчлөөд эдгэрсэн тухай түүний дүү, Хөдөлмөрийн намын Төв хорооны хэлтсийн дэд дарга Ким Ё Жон мэдэгдэв. Тэрбээр энэ мэдэгдлийг Тахлын эсрэг арга хэмжээг авч хэлэлцсэн хуралдаан дээр хийжээ. “Ах маань хэдийгээр маш их халуурч хүнд өвчилсөн ч тахлын эсрэг дайны нөхцөлд аж төрж буй ард иргэдээ үргэлж бодож халамжлан нэг ч минут хэвтэж амарч чадаагүй” хэмээн Ё Жон ярилаа. "Умард Солонгос өөрийн оронд дэгдсэн коронавирүсийн халдварыг “халуурлын тахал” гэж нэрлэдэг. Иймээс III Ким үнэндээ ковидоор өвчлөөд эдгэрсэн бололтой" гэж “The Guardian” сонин бичжээ. 
“Өмнөд Солонгос хэрэв коронавирүсийг Умард руу зөөвөрлөх гэж дахин оролдож өдөөн хатгалга үйлдвэл Пхеньян энэ вирүсийг төдийгүй танай эрх баригчдыг ч бүгдийг устгах болно" гэж Кимийн дүү сүрдүүлсэн тухай "Yonhap" дамжууллаа. Дашрамд дурдахад, 7-р сард Өмнөдтэй хилллэсэн газраас “хачин эд юмс” олдсон, үүнээс болж “COVID 19” дэгдэлт гарсан гэж Умардын эрх баригчид мэдэгдсэн, гэхдээ ямар хачин юм олсноо тодруулаагүй. 
Ким дарга пүрэв гарагийн уулзалтад биечлэн оролцож "Манай улс тахлыг бага гарз хохиролтой даван туулж яллаа" хэмээн мэдэгдэв. Умард Солонгост энэ оны 4 сарын сүүлээр анх “халуурдаг үл мэдэгдэх өвчин” бүртгэгдсэн ба энэ тухай албан ёсоор 5 сарын 12-нд дэлхий нийтэд зарласан билээ. Энэ улсад нийт 4,77 сая хүн коронавирүсийн халдвар авснаас 99,99% нь эдгэрч 74 нь нас барсан юм. Өвчлөгсдийн тоо 5 сарын 15-нд дээд хэмжээндээ хүрч хоногт 392 мянган хүн халдвар авч байсан ч дараа нь аажмаар буурчээ. Харин 7 сарын 30-нд Умардын эрх баригчид халуурал нэмж бүртгэгдээгүй хэмээн мэдээлсэн юм.