Image description
---“Bloomberg” -н нийтлэл--- 

Ямар ч индикатор харсан эрчим хүчний зах зээл дээр Ерөнхийлөгч Путин ялж байна. Москва “сүүтэй үнээгээ сааж” өдөр болгон хэдэн зуун сая доллар олсоор л. 11 сард Оросын нефтийн эсрэг шинэ багц хориг хэрэгжмэгц эрчим хүчний хямрал европчуудыг “хазаж” эхлэн улмаар Европын Засгийн газрууд хүнд хэцүү сонголтын өмнө ирнэ. 
Тог цахилгааны мөнгө бүр 10-р сараас эхэлж өсөх болно. Англид энэ өсөлт 75% хүрнэ гэж таамаглаж байгаа бол Германы зарим нутагт бүр 100% болох төлөвтэй. Өрнөдийн Засгийн газрууд тэрбум тэрбумыг нэг бол ард иргэддээ зарцуулна, эсвэл Франц шиг эрчим хүч үйлдвэрлэгчдээ хянахад зориулна. 
Эхний индикатор нь Путин нефтиэс хэр их мөнгө олж байгааг харуулдаг, энэ бол үйлдвэрлэсэн нефтийн тоо хэмжээ. 7 сард олборлолтын хэмжээ өдөрт бараг 10,8 сая баррель хүрсэн, энэ бол өвөл 1-р сард олборлодог 11 сая баррелийн хэмжээнд арай хүрээгүй гэсэн үг. Европын худалдан авагчид татгалзсаны дараа Орос шинэ үйчлүүлэгчдийг олжээ. Суларсан нефтийн ихэнх одоо Энэтхэг рүү, бас Турк зэрэг Ойрхи Дорнодын орнууд руу очдог болов. Түүнчлэн европчуудын зарим нь 11-р сард худалдан авалтаа зогсоохын тулд одоо үргэлжлүүлэн Оросын нефть худалдаж авсаар байгаа.... Оросын нефтийн олборлолт буурна гэж бид тооцоолсон, гэтэл алджээ. 
2-р үзүүлэлт бол орос нефтийн үнэ. Москва эхлээд түншүүдийг өөрт татахын тулд үнээ хямдруулж байв. Гэвч сая үнэ нэмэгдлээ. Москва шинэ трейдерүүдийг олсон, тэд Оросын нефтийг худалдан авч хомсдолтой зах зээл дээр зардаг. Тиймээс одоо хориг ажиллахгүй байна. 
3 дахь нь улстөрийн үзүүлэлт. Өрнөдийн орнууд хавар ОПЕК өөрийн холбоогоо Оросоос тасална гэж үзэж байв. Гэтэл яг эсрэгээр. Жо Байден Саудын Арабт айлчилсны дараахан ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Александр Новак тэнд очсон билээ. Хэдэн өдрийн дараа ОПЕК нефтийн олборлолтоо өчүүхэн багаар нэмснээ зарлав, үүнээс болоод эрчим хүчний даяаршсан зах зээл дээр дарамт шахалт хэвээр үлдлээ. 
“Нефтийн зах зээл дээрх ялалт” гэдэг нь Путин үнэндээ Европт зарж буй байгалийн хий, нефтийн орлогогүй оршин тогтнож чадна гэсэн үг, энэ нь Берлин болон Парис, Лондонд очих дарамтыг улам хүчтэй болгожээ. Хүйтэн цаг агаар, тог цахилгааны эрэлт нэмэгдэж үнэ өссөнөөр Украиныг дэмжих хандлага буурч болзошгүй. Улстөрчид үүний төлөө төлөөс төлж өөрийн хүн амаа эрчим хүчний ядуурал руу хөтлөхийг хүсэхгүй байх. Европын улстөрчид олон нийтийн өмнө мэдэгдэл хийхдээ Оросын эрчим хүчээс татгалзахын төлөө гэдэг. Гэвч энэ бүхэн өөрийнх нь эдийн засагт яаж нөлөөлөхийг тэд дотроо ойлгож байгаа. Путин эрчим хүчний дайнд ялж явна, гэхдээ энэ хөшүүрэг нь Европын улстөрчид жинхэнэ дайнд хандах байр сууриа зөөлрүүлэхэд хүргэхээр хангалттай хүчтэй биш гэж найдна.
Орчуулсан #МЦогзолмаа