Image description
Украины Зэвсэгт хүчин энэ оны 8 сарын 7-ноос эхэлж Запорожскийн атомын цахилгаан станц руу буудаж байгаа тухай дэлхийн ХМХ мэдээлж байна. Тус АЦС одоо Орос, Донбассын цэргүүдийн хяналтад байгаа билээ. Зөвхөн сүүлийн ганц хоногт Украины армийн их бууны 3 сум нь АЦС-ын радио идэвхт изотопийн хадгаламжийг онож дэлбэрсэн тухай Запорожск мужийн засаг захиргаа пүрэв гарагт мэдээлсэн. Түүнчлэн Украины Зэвсэгт хүчний 5 пуужин АЦС-ын дэргэд байрладаг Гал сөнөөх газрыг онож ноцтой сүйрэл учруулжээ. Тодруулбал, цөмийн реакторыг хөргөх төхөөрөмж буудлагад өртөж гэмтсэн байна. 
НҮБ-ын ерөнхий нарийн бичиг Антониу Гутерриш АЦС-ыг тойруулан аюулгүй бүс байгуулахыг Украин, Оросоос шаардлаа. “Киев атомын объект руу үе үе халдлага үйлдэж байна, украинчууд ийнхүү Запорожскийн АЦС руу буудахаа үргэлжлүүлж байгаа цагт цөмийн аюул дэгдэх нь ердөө цаг хугацааны асуудал. Оросыг үүнд буруутгаж эхэлжээ, гэвч манай цэргийнхэн өөрийн мэдэлд буй АЦС руу буудах ямар ч шалтгаан байхгүй. Одоогоор Запорожскийн АЦС-н радиацийн байдал хэвийн. Өрнөдийн орнуудад хандан бид нэг бус удаа сэрэмжлүүлэг хүргүүллээ. Хэрэв тэд Киевийн дэглэмд сэхээ оруулж сэнхрүүлэхгүй бол хамгийн аймшигтай, ухаангүй алхам хийж болзошгүй, тэгвэл уршиг дагаврыг нь Украины хилээс ч хаа хол мэдрэх болно. Цөмийн объектийн дэд бүтэц рүү халдаж буй Киевийн гэмт үйлдэл манай дэлхийг Чернобылийнх шиг өргөн цар хүрээтэй цөмийн том сүйрэл рүү түлхэж байна. Харамсалтай нь, одоо яг ийм явдал өрнөж байна” гэж НҮБ дэх Оросын суурин төлөөлөгч Василий Небензя мэдэгдлээ. 
Хятад улс мөн Запорожскийн АЦС-д санаа зовж буйгаа илэрхийлэв. “Манай улс Запорожскийн АЦС-г тойрон өрнөж буй нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа. Бид Украинд хандан хэлэлцээр хийхийг уриалсан” гэж НҮБ дэх Хятадын суурин төлөөлөгч Жан Цзюнь мэдэгдлээ. 
 Запорожск мужийн захиргааны Ерөнхий зөвлөлийн гишүүн Владимир Рогов “Манай АЦС руу буудах, халдах тушаалыг шууд АНУ, Англиас өгч байна. Чухам тэд л Зеленскийн дэглэмийг хянадаг, Украины ЗХ ердөө гүйцэтгэгч. Тэд ядаж ийм аргаар Холбоотнуудын хүчийг (Донбасс ба Оросын хамтарсан арми) цааш нэвтрүүлэхгүй гэж оролдож байна. Киев үнэндээ цөмийн аюулаар хорвоо ертөнцийг шантаажилж байна. Иймээс АЦС руу буудахыг болиулахын тулд Никополь, Марганец, Токмаковк зэрэг суурин газруудыг неонацистуудаас чөлөөлөх хэрэгтэй, чухам эдгээр газраас Запорожскийн АЦС руу бууддаг” хэмээн мэдэгдэв.
Орчуулсан #МЦогзолмаа