Image description
Казахстаны экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев лалын шинэ сүмийг нээх ёслолд оролцлоо. Нур-Султан хотод сүндэрлэсэн энэ сүм бол Казахстанд төдийгүй Төв Ази даяар хамгийн томд орох аж. “Өнөөдөр ариун баасан гарагт бид өөрийн нийслэлд сайхан сүмээ нээж байна. Энэ бол манай мусульманчуудын хувьд чухал үйл явдал.... Би ажлаа өгөхөөс 1 өдрийн өмнө 2019 оны 3-р сард шав тавьсан билээ... Туурга тусгаар эх орноо хөгжин цэцэглэг гэж бид бүгд залбирч мөргөдөг. Энэ бол мусульман хүний үүрэг, эх нутгийнхаа өмнө хүлээсэн хүүгийн үүрэг. Шинэ, бие даасан Казахстаныг байгуулахын төлөө зүтгэсэн миний хөдөлмөрийг Аллах адисласан гэж би боддог” хэмээн экс Ерөнхийлөгч Н.Назарбаев нээлтэн дээр хэлжээ.
Шинэ сүмд нэг дор 235 мянган хүн мөргөл үйлдэх боломжтой. Сүмийн нийт газар бараг 10 га эзэлдэг, урд талдаа цэцгийн мандал, дуут усан оргилууртай. Гол оройн өндөр бараг 90 м буюу 83,2 метр, диаметр -62 м бол харин минаретуудын өндөр 130 м. “Шинэ сүмийн орой нь иймэрхүү төрлийн байгууламжуудаас дэлхийд хамгийн томд ордог” гэж “Hill International” компаний менежер Александр Артеменко тайлбарлав. Сүмийн нийт талбай 57 мянган м2, орох хаалга нь дэлхийн хамгийн өндөр, модон хаалгын нэг хэмээн албан ёсоор бүртгэгджээ. Африкт ургадаг ироко модоор гар аргаар урласан энэ хаалганы өндөр 12,4 метр, жин 1,5 тонн. Сүмийн хаалгыг казах хээ угалзаар чимсэн, мөн хана, дотор хэсгийг Коран судрын шүлэг, голдуу казах хээ угалз, залбирал мөргөлийн үгээр чимжээ. Сүмийн дотор хаалга бүгд 12 м өндөр, цонх нь өнгөт шилэн шигтгэмэл. Шигтгэмэл ханын урт 100 м, өндөр 22,4 м. Энэхүү хана нь 25 сая өнгө өнгийн шилээс бүрдсэн аж. Том танхим ба эмэгтэйчүүдийн бүс нь шалан дээрээ битүү хивстэй. Шалны хивсний нийт талбай 15525м2. Энэ бол гар аргаар нэхсэн дэлхийн хамгийн хивс юм байна. Хивсний зузаан 15мм бөгөөд Шинэ Зеландад 100% ноосоор нэхжээ. Гол танхимын болор люстерийн диамер 27 м, жин 20 тонн бөгөөд 1360890 хэсгээс бүрдсэн ба сүмийн 4 булан тус бүрийг 8 м  диаметртэй люстрагаар гоёжээ. 
Сүмийн газар доорх давхарт 440 хүний багтаамжтай танхим бий, тэнд оршуулгын ёслол болон сайн үйлсийн аян зохион байгуулах боломжтой. Түүнчлэн газар доор 405 машины зогсоол ч байгаа. Сүмийн доор тусгай хонгил барьжээ, хотын автобусууд газар доорх станцаас шууд сүм рүү хүргэж ирэх юм байна. Сүмийн нээлтэд экс Ерөнхийлөгч Назарбаеваас гадна Шадар сайд Ералы Тугжанов, экс ЕС Аскар Мамин, экс-аким Бердибек Сапарбаев, экс аким Амандык Баталов, экс депутат Куаныш Султанов, “BI-Group” холдингийн тэргүүн Айдын Рахимбаев нарын алдартай хүмүүс оролцжээ.