Image description
Америкийн тэрбумтан,  "SpaceX" ба "Тесла" компаний ерөнхий захирал Илон Маск хөлбөмбөгийн клуб “Манчестер Юнайтед”-ыг худалдаж авна гэж мэдэгдлээ. “Би Бүгд найрамдах намын зүүн хэсгийг бас Ардчилсан намын баруун хэсгийг дэмждэг. Түүнээс гадна би “Манчестер Юнайтед” (МЮ) клубыг худалдаж авч байгаа” хэмээн тэрбээр нийгмийн сүлжээнд бичжээ. Дашрамд дурдахад, Английн клуб “Манчестер Юнайтед” бол АНУ-ын Глейзерийн гэр бүлийн өмч. Тэд энэ клубээ зарах эсэх тухай мэдээлэл алга, иймээс Илон Маск зүгээр “дүрсгүйтсэн” байх магадлалтай (энэ нь үнэн болж таарсан).  
Харин "Манчестер Юнайтед" клубын тухайд гэвэл байдал тийм ч сайнгүй. Английн Премьер Лигийн тэмцээний 2-р шатанд “МЮ” клуб 0:4 харьцаатай “Брентфорд”-д ялагдсан билээ. “МЮ” одоо 0 оноотойгоор Английн Премьер лигийн жагсаалтад хамгийн сүүлийн байранд явж байна. Тиймээс Илон Маск энэ клубыг худалдаж авах нь үнэн бол Премьер Лигт сүүл мушгисан болохоор үнэ бууна гэж тооцоолсон байх. 
Сонирхуулахад, “Манчестер Юнайтед”-г хөлбөмбөгчдийн оршуулгын газар гэсэн утгатай нийтлэл “Mirror” сонинд гарчээ. “МЮ”-н экс хамгаалагч Гари Невилли тус сонинд ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн байна. 9 жилийн өмнө дасгалжуулагч, сэр Алекс Фергюсон тэтгэвэртээ гарсны дараа “улаан чөтгөрүүд” нийт 1,25 тэрбум фунт стерлингийг трансферт зарцуулжээ. Гэсэн ч тус клуб өнгөрсөн улиралд түүхэндээ байгаагүй доогуур байрыг эзэлж, энэ улирлын тэмцээнд 2 ялагдаад байна. 
“Сүүлийн 10 жилд “Манчестер Юнайтед” клуб үнэндээ стратегчид, менежерүүдээс татгалзаж трансферийг дасгалжуулагчдын гарт өгсөн, тэд л бүхнийг хянаж байна. Энэ бол ноцтой асуудал. Эдгээр трансферийн 75% нь улаан тэмдэглэгээтэй, огт үр ашиггүй. Мөн 20% нь шар тэмдэглэгээтэй ба ердөө 4-5% л үр дүнтэй. “МЮ” клуб одоо хөлбөмбөгчдийн хувьд оршуулгын газар болж хувирлаа. Хөлбөмбөгчид ийшээ шилжиж ирэхийн өмнө маш сайн боддог болжээ” хэмээн Невилл ярилаа. 
Түүвэрлэж орчуулав, #МЦогзолмаа