Image description
“COVID-19”-н эсрэг вакцины аэрозоль хувилбарыг ашиглах зөвшөөрлийг Хятад улсын Эм, эмийн бүтээгдэхүүний үндэсний удирдах газар яаралтай журмаар олгосон тухай “CanSino Biologics” компани өчигдөр мэдэгдлээ. Түүнийг бүүстэр тун болгон ашиглах юм байна. “Манай вакциныг Засгийн газар сайшаалаа, энэ нь компаний ажиллагаанд сайнаар нөлөөлнө гэж үзэж байна. Гэхдээ бид Хятадад ширүүн өрсөлдөөнтэй тулгарах нь гарцаагүй. Яагаад гэвэл өөр олон өрсөлдөгч коронавирүсийн эсрэг вакцин бүтээсэн. Тэдний зарим нь клиник туршилтад яваа, мөн заримыг Засгийн газар зөвшөөрсөн. Манай бүтээгдэхүүн яг хэзээ зах зээлд гарахыг тодорхой хэлэх боломжгүй. Засаг захиргаанаас нэмэлт зөвшөөрөл авах, баримт бичгийн бүрдүүлэлт шаардлагатай. Үүний зэрэгцээ борлуулалт маань улс орны болон гадаадад үүссэн нөхцөл байдал, Хятадын вакцинжуулалтын түвшнээс хамаарах нь ойлгомжтой" хэмээн “CanSino Biologics” компаний мэдэгдэлд дурджээ. 
Нэмж өгүүлэхэд, Хятад улсад ковидын нөхцөл байдал сайнгүй байгаа. Өчигдөр Хятадад коронавирүсийн халдварын 1848 тохиолдол бүртгэгджээ, зарим нь шинж тэмдэггүй. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Шэнжээний ихэнх дүүрэгт Хөл хорио тогтоосон. 21 сая хүн амтай Чэндү хот бүхэлдээ 9 сарын 1-нээс карантинд орсон билээ.