Image description
Украинаас салан тусгаарлаж өөрийгөө улс хэмээн зарласан Донбассын (Донецкийн БНУ, Луганскийн БНУ) эрх баригчид мягмар гарагт Орос гүрэнд дагаар орох тухай Бүх нийтийн санал асуулгыг явуулах шийдвэр гаргажээ. Тэд Оросын бүрэлдэхүүнд субъект хэлбэрээр багтахыг хүсчээ. Донецкийн БНУ-ын тэргүүн Денис Пушилин энэ шийдвэрийн дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан “Бүх нийтийн санал асуулгаар Орост нэгдэхээр шийдвэр гарсан тохиолдолд аль болох хурдан хариу өгч Донецкийг Оросын бүрэлдэхүүнд багтаан авна уу. Бид энэ мөчийг 8 жил хүлээсэн” хэмээн хүсэлт гаргажээ. Ерөнхийлөгч Путин одоогоор үүнд хариу өгөөгүй байна. Сануулахад, Донецк, Луганскийн тэргүүнүүд 2-р сард өөрсдийг нь тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө үү гэсэн хүсэлтийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд илгээсэн. Путин ч хүлээн зөвшөөрч харин 3 хоногийн дараа оросууд Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн билээ. 
Өчигдөр мөн Украины Херсон муж, Запорожск мужийн захирагчид бас Орост нэгдэх талаар Бүх нийтийн санал асуулга явуулахаа мэдэгдэв. Харин энэ 2 мужийн эрх баригчид Оросын харъяаны муж эсвэл хязгаар болж нэгдэхэд бэлэн бололтой. Яагаад гэвэл, Херсон ба Запорожск нь автономт эрхтэй биш, Украины мужууд. Иймээс тэд Бүх нийтийн санал асуулгын үеэр шууд л Украины бүрэлдэхүүнээс гарч улс байгуулан улмаар ОХУ-д нэгдэх тухай асуултуудыг ард иргэддээ тавих гэнэ. Өөрөөр хэлбэл, яг 8 жилийн өмнөх Крым шиг. Дашрамд дурдахад, Донецк, Луганск, Херсон, Запорожск гэсэн энэ 4 нутагт 2022 оны 9 сарын 23-27-ны хооронд Бүх нийтийн санал асуулгыг явуулах тов гарчээ. 
Оросуудаас хамгийн түрүүнд экс Ерөнхийлөгч, Аюулгүйн зөвлөлийн дэд тэргүүлэгч Дмитрий Медведев дээрх мэдэгдэлд хариу өгөв. Тэрбээр “Донбасс болон Херсон, Запорожск мужийн эрх баригчдын Орост нэгдэх саналыг бүрэн дэмжиж байна.... Хэрэв нацистууд Оросын газар нутагт халдахыг завдвал өөрийгөө хамгаалах бүх хүчээ  дайчилж ашиглах болно” хэмээн мэдэгдлээ. Дараа нь “RT” телевизийн дарга Маргарита Симоньян “Шинэ газар нутгуудыг 2014 оны Крым шиг нэгтгэх боломжтой” хэмээжээ. ОХУ-ын парламентын Доод танхим –Төрийн Думын спикер Вячеслав Володин “Донбасс болон Украины чөлөөлөгдсөн нутгуудын ард иргэд хэрэв Оросын бүрэлдэхүүнд багтах шийдвэр гаргавал манай парламент бүрэн дэмжинэ” гэж мэдэгдлээ. 
Америкийн дайн судлалын хүрээлэн (ISW) энэ талаар “Энэ бол Кремлийн шинэ маневр, түүнээс биш Оросын талыг баримтлагчдын өөрийнх нь санаачилга биш ээ” гэж мэдэгдэв. Украины улстөр судлаач Татьяна Становая "Энэ бол Өрнөдөд өгч буй Оросын хариу, тулган шаардлага. Путин энэ дайнд байлдааны талбарт ялахыг хүссэнгүй, Киев тулалдалгүй бууж өгөхийг тэр хүсч байна” гэжээ. Харин Луганск мужийн цэргийн захиргааны дарга Сергей Гайдай “Хэрэв Луганск зэрэг Оросын мэдэлд буй газар нутаг дээр Бүх нийтийн санал асуулга явагдвал оросууд дараа нь орон даяар цэрэг дайчилгаа явуулах боломжтой болно гэсэн үг” хэмээжээ. 
НАТО-гийн Ерөнхий нарийн бичиг Йенс Столтенберг “Украины Донецк, Луганск, Херсон, Запоржск мужид явагдах гэж буй Орост нэгдэх тухай Бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж үзэж байна” гэсэн бол Германы канцлер Олаф Шольц “Орост нэгдэх тухай Донбасс, Херсон, Запорожск мужийн санал асуулгын дүнг Герман улс хүлээн зөвшөөрөхгүй, энэ нь олон улсын хууль эрх зүйг зөрчиж буй хэрэг” хэмээн сануулав. Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба “Орост дагаар орох тухай Донецк, Луганск, Запорожск, Херсон мужууд санал хураалт явуулсан ч юуг ч өөрчилж чадахгүй. Украин өөрийн газар нутгийг чөлөөлөх бүрэн эрхтэй, Орос юу ч гэж байсан бид чөлөөлөх болно” хэмээн мэдэгдлээ. 
Орчуулсан #МЦогзолмаа