Image description
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ 2022 оны 9 сарын 21-нээс Орост хэсэгчилсэн цэрэг дайчилгаа явуулах тушаалд гарын үсэг зурснаа мэдэгдэв. Энэ дайчилгаанд зөвхөн бэлтгэл цэрэг, офицерүүд хамрагдах аж, өөрөөр хэлбэл өмнө нь Оросын Зэвсэгт хүчинд алба хаасан хүмүүс. Путины хэлсэн үгээс хэсэгчлэн хүргэж байна.  
Өрнөд одоо манай эх орныг аль болох сулруулж доройтуулах, хагалж бутаргах, эцсийн бүлэгт бүрэн устгахыг зорьж байна. “ЗХУ-ыг 1991 онд задлан бутаргасан, одоо Оросын ээлж ирлээ. ОХУ хоорондоо үхтэл дайсагналцсан асар олон бүс, муж болж хуваагдах ёстой” гэж тэд ил тод ярих болжээ. Энэ төлөвлөгөөг тэд аль эртнээс тээж ирсэн. Тэд Кавказад олон улсын террористуудад дэмжин тусалсан, НАТО-гийн давших дэд бүтцийг манай хилд бүр тултал авчирлаа. Оросуудыг үзэн ядах үзлийг тэд зэвсэг болгон ашиглаж олон арван жилийн турш Оросын эсрэг үзэл санааг ялангуяа Украинд тэтгэн ургуулж дэвэргэсэн. Тэд Украиныг Оросын эсрэг плацдарм болгож Украины ард түмнийг “их бууны мах” болгон хувиргаж манай орны эсрэг дайнд түлхсэн. Тэд энэ дайныг бүр 2014 онд дэгдээсэн... энгийн номхон иргэдийн эсрэг Зэвсэг хүчнийг ашиглаж, Украинд төрийн эргэлтийн дараа байгуулагдсан төр засгийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан хүмүүсийн эсрэг геноцид, бүслэлт, террор үйлдсээр байна. 
Киевийн өнөөгийн дэглэм Донбассын асуудлыг энхийн замаар шийдэхээс олон нийтийн өмнө татгалзаж тэр бүү хэл цөмийн зэвсэгтэй болохыг хүсч байгаа тухай мэдэгдсэний дараа тэд Донбасс руу дахин өргөн, цар хүрээтэй довтлох нь тодорхой болсон юм. Үүний дараа Оросын Крым рүү, Орос орон луу дайрах нь ойлгомжтой байлаа. Үүнтэй холбоотойгоор түрүүлж цэргийн тусгай ажиллагаа явуулах нь цорын ганц зөв зам байсан. Манай энэ ажиллагааны гол зорилго бол Донбассыг бүхэлд нь чөлөөлөх бөгөөд одоо ч өөрчлөгдөөгүй хэвээрээ. 
Луганскийн Бүгд найрамдах улс бараг бүхэлдээ неонацистуудаас чөлөөлөгдсөн. Донецкийн Бүгд найрамдах улсад тулаан үргэлжилж байна. Энд 8 жилийн турш Киевийн дэглэм бат бэх, гүн бэхлэлт барьсан... Тийшээ шууд довтлох нь их гарз хохирол авч ирж болзошгүй тул манай цэргийн анги нэгтгэлүүд, мөн Донбассын цэргүүд өнөөдөр бие бүрэлдэхүүнээ хайрлан хямгадаж техник ашиглан төлөвлөгөөний дагуу алхам алхмаар Донецкийн газар нутгийг чөлөөлж хот суурин газруудыг неонацистуудаас цэвэрлэн, улмаар Киевийн дэглэмийн золиос барьцаа, амьд бамбай болсон хүмүүст тусламж үзүүлж байна....
....::Донецк, Луганск, Запорожск, Херсон мужууд Оросын бүрэлдэхүүнд орохоор Бүх нийтийн санал асуулга явуулах үед Орос улс аюулгүй байдлыг бүрэн хангах болно. Эдгээр нутгийн ард иргэдийн гаргасан ямар ч шийдвэрийг ОХУ дэмжинэ. 
Орчуулсан #МЦогзолмаа