Image description
---Хятадын "Global Times" сонины нийтлэлээс---

....Америк гүрний Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ нэмсний дараа доллар чангарлаа, үүний зэрэгцээ дэлхийн бусад орны валютын ханш олон жилийн доод түвшинд хүртэл унажээ. АНУ-ын мөнгө-зоосны түрэмгий бодлогоос болж дахиад л даян дэлхий төлөөс төлж байна.... Тэд долларын манлайллаас залхаж энэ валютыг сольж орлуулахаар зарим нэг арга хэмжээ авч эхэллээ....
“Америк найтаахад дэлхий бүхэлдээ ханиадаг” гэж өмнө нь ярьдаг байлаа. Өөрөөр хэлбэл, хэрэв АНУ-ын эдийн засаг унавал бусад орны эдийн засаг ч бас цуг буурч унадаг гэсэн үг. 1929 онд Америкийн хөрөнгийн биржид итгэх итгэл алдагдсаны улмаас Уолл стрит дээр сүйрэл болж Их хямрал дэгдсэн билээ. АНУ яг ийм байдлаар 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг өдөөж Их уналт, Европын өрийн хямрал болсон юм. 
Өнөөдөр дэлхийн эдийн засагт бас л Америк улсаас түгээн тарааж буй санхүүгийн өвчин эмгэг нүүрлэх аюул дахиад тулгарлаа. Энэ удаа “чанга доллар”-аас болж.... Нефть, байгалийн хийг америк доллараар зарж борлуулдаг. Эрчим хүчний түүхий эдийн үнэ жаахан өсөхөд л дэлхийн эдийн засагт бараг бүхэлд нь шууд нөлөөлж инфляцийн өсөлт болж байна....
Хачирхалтай мэт боловч чанга доллар нь бараа таваарын үнэ өртгийг нэмэгдүүлдэг (хэрэв бусад валюттай харьцуулж үзвэл). АНУ-ын Холбооны нөөцийн систем одоо өөрийн бодлогын хүүгээ өсгөх замаар долларыг чангаруулж дотоод инфляциа тогтоон барих гэж оролдож байна. Энэ бол америкчуудын хувьд сайн мэдээ, харин бусад орны иргэдийн хувьд эсрэгээр. Долларын өндөр хүү нь Америкт ашигтай, гэвч үүний зэрэгцээ дэлхийн эдийн засагт гарз хохирол авч ирж байна. Холбооны нөөцийн сан энэ арга хэмжээний дүнд долларын ханшийг байж боломгүй хэт өсгөсөн, үүний төлөөсийг даян дэлхий төлж байгаа.... 
Чанга доллараас болж хөрөнгө оруулагчид бусад валютыг бараг сонирхохоо больжээ. Еврогийн ханш сүүлийн 20 жилд байгаагүйгээр нам уналаа. Японы иен 25 жилд үзэгдээгүй доод түвшинд хүрчихсэн. Удалгүй фунт стерлинг ч сүүлийн 37 жилд тохиогоогүйгээр шалдаа буух шинжтэй. 
Дэлхийн бусад орны Төвбанкууд бас л өөрийн бодлогын хүүгээ өсгөх замаар доллар чангарахын эсрэг тэмцэж байгаа, гэвч энэ бол түр зуурын арга хэмжээ. Урт хугацаанд авч үзвэл дэлхий дахин хэрхэн долларын хамаарлаас зугтаах тухай нухацтай бодож эргэцүүлэн, улмаар харилцан тооцооны шинэ системд шилжих хэрэгтэй байна. Доллар хэдийгээр дэлхийн хамгийн хүчтэй валют гэж тооцогддог боловч түүний ханш АНУ-ын хилийн гаднах дэлхийг тогтворгүйжүүлж болзошгүй. 
Долларын манлайллыг болиулах өөр арга зам эрж хайх цаг ирлээ, энэ чиглэлд эхний алхмууд хийгдэж байна. Жишээлбэл, Орос, Хятад, Энэтхэг, Саудын Араб өнөөдөр америк валютыг орлуулж хэсэгчлэн рубль,  юань, рупи зэргээр наймаа худалдаа хийж эхэлсэн. Манай гарагийн улс орнууд шаналж зовж байхад Америк л өөрийн дотоод эдийн засгаа хамгаалахын тулд бусдад учруулах уршиг дагаврыг үл тоож урагшилсаар л....  АНУ өөрийгөө инфляциас эмчлэхийн зэрэгцээ даян дэлхийд бүхэлд нь мөнгөний ханшны уналтыг халдаачихлаа.... 
Орчуулсан #МЦогзолмаа