Image description
Аргентины хөлбөмбөгчин, “Парис Сен Жермен” клубын довтлогч, "Алтан бөмбөг"-ийн 7 удаагийн эзэн Лионель Месси хуучин багтаа буцаж очиж магадгүй тухай “Forbes” сэтгүүл мэдээлэв. Ямартай ч өмнө нь түүний тоглож байсан Испаний “Барселон” хөлбөмбөгийн клубын ерөнхийлөгч Жоан Лапорт саяхан Месси рүү утастаж багтаа буцаж ирээч гэсэн санал тавьсан төдийгүй өмнө нь түүнтэй гэрээгээ сунгаж чадаагүйнхээ төлөө уучлал гуйсан байна. Харин Месси “Катарт явагдах 2022 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө одоогийн “ПСЖ” багаа орхих бодолгүй байна, харин дараа нь “Барселон” клубтээ буцаж очих асуудлыг авч үзэж болох юм" гэж хариулжээ. Сануулахад, Лионель Месси 2021 оны 8 сард “Барселон” клубыг орхиж Францын “ПСЖ”-т шилжин ирсэн юм. Месси энэ клубтэй 2024 оны 6 сарыг дуустал гэрээ байгуулсан ба улирлын цалин нь 35 сая евро билээ.