Image description
 
Орос гүрний бүрэлдэхүүнд Украины Донецк, Луганск, Запорож, Херсон мужийг багтаах тухай Гэрээнд гарын үсэг зурах ёслол дээр хэлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгээс хэсэгчлэн хүргэж байна. Түрүүч нь: http://massnews.mn/a/3341
 
.... Донецк, Луганск, Запорож, Херсон мужид Ард түмний санал хураалт явагдаж хүмүүс сонголтоо хийлээ. Орос гүрэнд 4 шинэ нутаг, 4 шинэ субъект нэгдэв, энэ бол сая сая хүмүүсийн хүсэл тэмүүлэл, дур зориг. Энэ бол тэдний эрх, НҮБ-ын дүрмийн эхний бүлэгт заасан салшгүй эрх. Энэ эрх нь зуун зууны турш Орос орныг бүтээж байгуулж хамгаалж ирсэн эртний оросуудаас эхлэлтэй манай өвөг дээдсийн түүхэн эв нэгдэл дээр суурилсан юм. Энд Новороссид Румянцев, Суворов, Ушаков нар тулалдаж явсан, II Екатерина ба Потёмкин шинэ шинэ хотуудыг байгуулсан. Чухам энд өвөө эмээ, өвөг буурлууд маань Эх орны агуу дайны үеэр эцсээ хүртэл зогсч хамгаалсан билээ. 
2014 онд Украинд неонацист төрийн эргэлт хийгсэдтэй эвлэрээгүй “орос хавар”-ын баатруудаа, төрөлх хэлээр ярих эрхийн төлөө мөн өөрийн соёл, уламжлал, итгэл үнэмшил, амьд явах эрхийн төлөө амь үрэгдэгсдээ бид үүрд мөнхөд санан дурсах болно. 
Энэ бол Донбасссын дайчид, “Одессын Хатынь”-д амьдаараа шатаж үрэгдэгсэд, Киевийн дэглэмийн үйлдсэн хүмүүн бусын террорист аллагын золиосууд. Тэд бол сайн дурынхан, босогчид, энгийн номхон иргэд, хүүхдүүд, эмэгтэйчүүд, хөгшид, тэд бол оросууд, украинчууд гээд янз бүрийн ястан үндэстнүүд. Энэ бол Донецкийн тэргүүн агсан Александр Захарченко, Арсен Павлов ба Владимир Жога, Ольга Кочура, Алексей Мозговой нарын командирууд, Луганскийн прокурор Сергей Горенко, десантчин Нурмагомед Гаджимагомедов... зэрэг цэргийн тусгай ажиллагааны үеэр эр зоригтой тулалдаж амь үрэгдсэн манай цэргүүд, офицерүүд. Тэд баатрууд, агуу Оросын баатрууд. Тэдний дурсгалыг хүндэтгэн 1 минут эмгэнэлээ илэрхийлье (1 минут дуугаа хураав).
Донецк, Луганск, Запорож, Херсон мужийн сая сая хүмүүсийн сонголтын ард манай нийтлэг хувь заяа, 1000 жилийн түүх бий. Энэ оюун санааны холбоог хүмүүс үр хүүхдүүддээ, ач зээ нартаа дамжуулан өгч байна, тэд бүх саад бэрхшээлийг үл харгалзан Оросыг хайрлах хайраа дотроо тээсээр иржээ. Бидний доторх энэ мэдрэмжийг хэн ч устгаж чадахгүй. Ийм учраас ахмад үеийнхэн, мөн ЗХУ-ын эмгэнэлт задрал бутарлын дараа төрсөн залуус ч гэсэн манай эв нэгдэл, манай нийтлэг ирээдүйн төлөө санал өгсөн. 
1991 онд Беловежскид энгийн иргэдийн санал хүслийг асуулгүй тухайн үеийн намын элитүүд ЗХУ-ыг тараах тухай шийдвэр гаргасан. Хүмүүс хоромхон зуур өөрийн Эх орноос таслагдаж үлдчихсэн. Энэ нь манай ард түмнийг хүчээр салган тусгаарлаж манай ард түмний нэгдмэл чанарыг хэсэгчлэн тасчин хаяж үндэстний сүйрэл болон хувиргасан юм. 
Урьд нь хувьсгалын дараа Холбооны улсуудыг хилийг сэмхэн хэрчиж хуваасантай яг адилаар ЗХУ-ын сүүлчийн удирдагчид үнэндээ 1991 оны Бүх нийтийн санал асуулгаар ихэнх хүмүүсийн өгсөн саналыг үл тоомсорлон манай агуу орныг сүйрүүлж нураан ард түмэнд зүгээр л тулгачихсан. Тэд юу хийж буйгаа, энэ нь эцсийн бүлэгт ямар уршиг дагаварт хүргэхийг бүрэн ойлгоогүй байх гэж бодож байна. Гэвч одоо энэ чухал бишээ. ЗХУ байхгүй, өнгөрснийг буцаах боломжгүй. За, тэгээд ч өнөөдөр Орост энэ хэрэггүй ээ, бид тийм бодол өвөрлөөгүй. 
Соёл, итгэл үнэмшил, уламжлал, төрөлх хэлний хувьд өөрсдийгөө Оросын хэсэг гэж үздэг бөгөөд өвөг дээдэс нь олон зууны турш нэг улсад аж төрж ирсэн сая сая хүмүүсийн зориг зүрхээс илүү хүчирхэг зүйл гэж үгүй. Жинхэнэ, түүхэн Эх орондоо эргэн нэгдэх гэсэн энэ хүмүүсийн шийдмэг байдлаас илүү хүчтэй зүйл байхгүй. 
Урт удаан 8 жилийн турш Донбассын иргэдийн эсрэг геноцид үйлдэж буудан хороож бүслэлтэд амьдруулсан билээ. Херсон ба Запорожийн хүмүүсийг Оросын эсрэг турхирч, орос гэсэн бүхнийг үзэн ядуулах гэж оролдож ирсэн. Киевийн дэглэм сая Бүх нийтийн санал хураалтын үеэр сургуулийн багш нар, сонгуулийн комисст ажилласан эмэгтэйчүүдийг алж хорооно гэж айлган, мөн хүсэл зоригоо илэрхийлэхээр ирсэн сая сая хүмүүсийг залхаан цээрлүүлнэ гэж сүрдүүлж байв. Гэвч Донбасс, Запорож, Херсоны иргэд бууж өгөөгүй, өөрсдийн үгээ хэллээ. 
Киевийн эрх баригчид ба Өрнөд дэх тэдний жинхэнэ эзэд миний хэлэхийг сонсч бүгдийг сайн тогтоож автугай: Луганск, Донецк, Херсон, Запорожид амьдардаг хүмүүс үүрд манай иргэд болсон. Киевийн дэглэм нэн даруй галаа зогсоо, бүр 2014 оноос дэгдээсэн байлдаан тулаанаа зогсоож хэлэлцээрийн ширээний ард суухыг бид уриалж байна. Бид бэлэн гэдгээ нэг бус удаа илэрхийлсэн. Гэхдээ Донецк, Луганск, Запорож, Херсоны ард түмний сонголтыг хэлэлцэхгүй, сонголт хийгдсэн, Орос тэднээс урвахгүй ээ (алга ташив).
Хүмүүс дур зоригоо эрх чөлөөтэй илэрхийлсэн үйлдэлд Киевийн өнөөгийн эрх баригчид хүндэтгэлтэй хандах ёстой, өөрөөр байх боломжгүй. Энх тайванд хүрэх зам зөвхөн энэ. Бид өөрийн газар нутгаа байгаа бүх хүч, зэвсгээр хамгаалж манай хүмүүсийн аюулгүй амьдралын төлөө бүхнийг хийнэ. Манай ард түмний агуу, чөлөөлөх үүрэг зорилго үүнд л оршдог. 
Эвдэрч нурсан хот тосгод, суурин газрууд, орон сууц, сургууль, эмнэлэг, театр, музейгээ бид заавал сэргээн барьж босгоно. Үйлдвэр завод, дэд бүтэц, нийгмийн хангамж ба тэтгэвэр, эрүүлийг хамгаалах, боловсролын системээ сэргээн босгож хөгжүүлнэ....
Эх орон нэгтнүүд минь, манай нэгдмэл ард түмний хэсэг болох Украин дахь ахан дүүс маань өнөөдөр Өрнөдийн эрх баригчид ямар хувь заяаг хүн төрөлхтөнд бэлдэж буйг өөрсдийн нүдээр харлаа. Тэд зүгээр л маскаа хуулан хаяж өөрсдийн жинхэнэ дүр төрхийг ил гаргалаа. 
ЗХУ задарсны дараа тэд өөрсдийн нь дарангуйллыг даян дэлхий, бид бүгдээрээ хүлээн зөвшөөрч эвлэрэх ёстой гэж үзсэн. Өрнөд тэр үед буюу 1991 онд Орос хэзээ ч хямрал, цочролоосоо гарч чадахгүй, цаашид өөрөө аяндаа хуваагдаж бутарна гэж тооцоолж байлаа. Энэ нь бараг биелэх шахсан, 90-ээд оныг бид мартахгүй ээ. Аймшигт, өлсгөлөн, хүйтэн, итгэл найдваргүй 90-ээд он.
Гэвч Орос тэсч үлдсэн, сэргэн мандаж батжин бэхжиж дэлхийд өөрийн зохих байр сууриа дахиад эзэллээ. 
Өрнөд энэ бүх хугацааны турш биднийг дахин цохилтод оруулж Оросыг сулруулж сүйрүүлэх шинэ боломжийг үргэлжлүүлэн эрж хайсаар байсан. Манай улсыг хувааж бутаргах, ард түмнүүдийг хооронд нь хагаралдуулж мөргөлдүүлэх, ядуурал гуйранчлалд оруулж мөхөөхийг тэд үргэлж хүсдэг. 
Асар өргөн уудам газар нутагтай, байгалийн нөөц баялаг ихтэй, хэзээ ч бусдын заавраар амьдрахгүй, амьдарч ч чадахгүй ард түмэнтэй ийм агуу, аварга том Орос орон оршин буйтай тэд эвлэрч чадахгүй байна.....
Манай гарагийн бүх улс орон өөрийн тусгаар тогтнолоос АНУ-ын төлөө татгалзахыг Өрнөд хүсдэг. Зарим орны эрх баригчид үүнийг сайн дураараа хийж дагуул болохыг зөвшөөрдөг бол нөгөө хэсгийг нь худалдан авч айлган сүрдүүлж байна. Харин тэгж чадаагүй тохиолдолд бүхэл бүтэн улс орнуудыг устгаж үгүйрүүлдэг, тэдний ард хүмүүнлэгийн сүйрэл, гай зовлон, сая сая хүмүүсийн амь эрсдэл, эвдэгдсэн хувь заяа, террорист засаглал, нийгмийн гамшгийн бүсүүд, бусдын эрхшээлд орсон нутгууд, колониуд, хагас колониуд л үлддэг. Тэд энэ бүхнийг үл тоож зөвхөн ашиг олохыг хүсдэг. 
Дахин онцолъё, Оросын эсрэг явуулж буй “хамт олонч” Өрнөдийн гибрид дайны гол, цаад шалтгаан бол чухамдаа ховдоглол шунахайрал, юугаар ч хязгаарлагдаагүй өөрийн эрх мэдлийг хэвээр хадгалах хүсэл эрмэлзлэл. Тэд бидэнд эрх чөлөөг хүсдэггүй, харин биднийг өөрийн колони болгохыг мөрөөддөг. Эрх тэгш хамтын ажиллагааг бус харин дээрэмдэж тонохыг хүсдэг. Биднийг эрх чөлөөт нийгэмлэг байлгах бус харин сэтгэл сүнсгүй боолуудын сүрэг болгохыг хүсдэг. ...
Манай хөгжил цэцэглэлт тэдний хувьд аюул занал, өрсөлдөөн. Тэдэнд ерөөсөө Орос хэрэггүй. Орос бидэнд л хэрэгтэй. 
Өрнөд дүрэм журамд суурилсан дэг журмын төлөө байдаг гэсэн үгс тал бүрээс сонсогддог. Тэр дүрэм нь хаанаас гарч ирэв? Түүнийг харсан үзсэн хүн байна уу? Хэн хэн хэлэлцэж зөвшөөрсөн юм? Энэ бол зүгээр л солиотой, тэр чигтээ хууран мэхлэлт, давхар стандарт бүр гурвалсан стандарт! Тэнэгүүдэд зориулсан дүрэм. 
Мянган жилийн түүхтэй агуу гүрэн, соёл иргэншилт Орос орон ийм бульхайтай, хуурамч дүрмээр амьдрахгүй ээ!.... 
Өрнөдийн элитүүд үндэсний тусгаар тогтнол, олон улсын эрхийг үгүйсгэдэг төдийгүй тэдний манлайлал үнэндээ тоталитаризм, деспотизм, апартеид шинжтэй. Тэд дэлхий дахиныг өөрийн дагуул орнууд –соёл иргэншилтэй ба бусад – зэрлэг бүдүүлгүүд гэж хуваадаг.... “Бидэнтэй цуг биш бол бидний эсрэг” - энэ сонсоход ч хачин байгаа биз?....
Тэд ард түмнүүдийг алагчилж ялгаварлан 1-р ба бусад сорт гэж хуваадаг... Х
арин бид хэзээ ч ийм улстөрийн үндсэрхэг үзэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг хүлээн зөвшөөрөхгүй. 
...Өрнөд өөрийн колоничлолын бодлогыг бүр Дундад зууны үед эхэлснийг сануулъя. Дараа нь боолын худалдаа, Америкт индианчуудын омог аймгуудыг хүйс тэмтэрч Энэтхэг, Африкийг тонож дээрэмдсэн, Хятадын эсрэг Англи ба Франц дайтаж эцэст нь хятадууд өөрийн боомтуудыг опиумд нээж өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн билээ. Тэд бүхэл бүтэн хотуудыг хар тамхинд оруулж газар нутаг ба баялгийн төлөө зориуд санаатайгаар бүр үндэстэн угсаатнаар нь мөхөөсөн, хүмүүсийг яг л араатан амьтад шиг авлаж байсныг сануулъя....
XX зуунд колоничлолын эсрэг хөдөлгөөнийг чухам манай орон манлайлж ядуурал ба тэгш бус байдлыг бууруулах, өлсгөлөн ба өвчнийг ялахын төлөө олон ард түмэнд хөгжих боломжийг нээсэн гэдгээр оросууд бид бахархдаг.
...Өрнөд XX зууны сүүлээр манай баялагт гар дүрж чадсан... Тэд биднийг найз нөхөд, түншүүд гэж нэрлэж байсан ч үнэн хэрэгтээ колони шиг хандсан юм. Манай орноос янз бүрийн схем ашиглан триллион триллион доллар гадагш гаргасан. Бид бүгдийг санаж байна, юуг ч мартаагүй ээ. 
Өрнөдийн орнууд өөрсдийгөө бусад ард түмэнд эрх чөлөө, ардчиллыг түгээдэг гэдэг ч бодит байдал дээр яг эсрэгээр... Дэлхийн ганц туйлт дэглэм үнэндээ ардчилсан бус, эрх чөлөөт биш, худал хуурамч бөгөөд хоёр нүүртэй. 
АНУ бол 2 удаа цөмийн зэвсэг хэрэглэж Японы Хирошима, Нагасаки хотуудыг устгасан манай гарагийн цорын ганц орон.... Чухам Америк л англичуудтай цуг Дэлхийн 2-р дайны үед ямар ч шаардлага хэрэгцээгүй байхад Германы Дрезден, Гамбург, Кёльн зэрэг олон хотыг балгас болтол бөмбөгдсөн билээ. Тэд үүнийг зориуд санаатайгаар цэрэг дайны ямар ч шаардлагагүй үүсээгүй үед үйлдсэн гэдгийг давтан хэлье. Ганц л зорилгоор үүнийг хийсэн, яг Япон дээр атомын бөмбөг хаясан шигээ, манай орныг бас даян дэлхийг айлган сүрдүүлэх гэж тэр шүү дээ. 
Америк мөн харгис “нэлэнхүй бөмбөгдөлт” үйлдэн напалм, химийн зэвсэг ашиглаж Солонгос, Вьетнамын ард түмнүүдийн ой дурсамжид аймшигт ул мөрөө үлдээсэн. Америк өнөөдөр үнэндээ Герман, Япон, Өмнөд Солонгос зэрэг орныг эзлэн түрэмгийлчихсэн, тэгсэн хэрнээ эрх тэгш холбоотнууд гэж ичгүүр сонжуургүй нэрлэдэг. Сонс доо, үүнийг ямар холбоотон гэх вэ? Эдгээр орны эрх баригчдыг тагнаж мөрдөн төрийн тэргүүнүүдийн утсуудад чагнах төхөөрөмж суурилуулдаг, албан тасалгаанд төдийгүй хувийн гэр оронд нь хүртэл шүү. Энэ үнэхээр шившигт, жигшүүртэй хэрэг. Үүнийг хийдэг хүмүүсийн хувьд ч, яг зарц боол мэт ийм бүдүүлэг авирлалыг таг дуугүй хүлээн зөвшөөрч хүлцэнгүй дагагсдын хувьд ч тэр энэ нь шившиг гутамшиг. Тэд өөрийн дагуул орнуудад тушаал буулгаж бүдүүлэг доромж харьцдагаа Евро-Атлантын эв нэгдэл гэж тайлбарладаг, биологийн зэвсэг бүтээж амьд хүмүүс дээр туршилт хийдэг үйлдлээ (түүнчлэн Украинд ч гэсэн) сайн санаат үйлс, анагаах ухааны судалгаа гэж нэрлэдэг.
Тэд чухамдаа улстөрийн сүйрүүлэгч бодлого, дайн дажин, дээрэм тонуулаараа өнөөдрийн энэ цагаачид, дүрвэгсдийн асар их урсгалыг өдөөсөн. Сая сая хүмүүс зовлон шаналал, доромжлолыг тэвчин мянга мянгаараа ийм Европт очих замдаа үхэцгээж байна.
“Дэлхийн ядуу орнуудын хүнсний аюулгүй байдлыг хангах” нэрийдлээр Украин улсаас ачиж тээвэрлэсэн үр тариа хаашаа очиж байна? Нөгөө л Европын орнууд руу. Зөвхөн 5% нь ядуу орнуудад хүрчээ. Ээлжит заль мэх, шууд хууран мэхлэлт. АНУ-ын элитүүд мөн чанартаа өөрийн өрсөлдөгчдийг сулруулахын тулд, үндэстний улс орнуудыг сүйрүүлэх гэж энэ хүмүүсийн эмгэнэлт хувь заяаг ашиглаж байна. Энэ нь бас Европт ч хамаатай, олон зууны түүхтэй Франц, Итали, Испани зэрэг оронд. 
Вашингтон шинэ шинэ хоригийг Оросын эсрэг тавихыг өөрийн дагуулуудаас дахин дахин шаардсаар л, Европын олон улстөрч үүнийг номхон, хүлцэнгүй хүлээн зөвшөөрсөөр л. Тэд уг нь сайн ойлгож байгаа. АНУ-ын дарамт шахалтын дагуу Оросын эрчим хүчний болон бусад түүхий эд, нөөцөөс Европын холбоо бүрэн татгалзсанаар үнэндээ Европ тив аж үйлдвэрлэлгүй болохыг, америкчууд өөрийн гарт Европын зах зээлийг оруулж буйг тэд тодорхой мэддэг. Европын энэ элитүүд бүхнийг бүгдийг ойлгож байгаа ч харийн ашиг сонирхлын төлөө үйлчлэхийг урьтал болгожээ. Энийг бялдуучлал, долигонол гэхгүй харин өөрийн ард түмнээс шууд урвасан хэрэг гэж нэрлэдэг. За, энэ ч яахав тэдний хэрэг. 
Гэтэл англосаксуудад багц хоригууд багадсан бололтой бүр шууд хорлон сүйтгэх ажиллагаа үйлдэж эхэллээ. Итгэмээргүй боловч тэд Балтын тэнгисийн ёроолоор тавьсан “Умардын урсгал” олон улсын хийн магистраль хоолойд дэлбэрэлт зохион байгуулав. Ингэснээр тэд Европын эрчим хүчний дэд бүтцийг устгаж эхэллээ. Энэ хэнд ашигтайг бүгд мэднэ, тэр л үүнийг хийсэн. 
....Жинхэнэ стратегийн тусгаар тогтнолтой, эсвэл тийм болохыг эрмэлзэж Өрнөдийн ноёрхлыг сөрсөн бүх улс орныг шууд л дайснууд гэж байна. АНУ, НАТО-гийн цэргийн номлол ийм л зарчим дээр тулгуурладаг.... 
Орос, Хятад, Ираныг тогтоон барих тухай ярихыг бид сонссон. Дараагийн ээлжинд Ази, Латин Америк, Африк, Ойрхи Дорнодын орнууд, түүнчлэн АНУ-ын өнөөгийн түншүүд ба холбоотнууд.
...Өрнөд өөрийгөө онцгой, шилэгдмэл гэсэн бодлого явуулдаг.... тэнд мэдээллийн өлсгөлөн үүсчихжээ. Үнэнийг худал хуурмаг мэдээ, хий төсөөлөл, домог ярианд живүүлж түрэмгий суртал ухуулгыг ашиглан Геббельс шиг бурцгааж байна. Худал мэдээ хичнээн итгэмээргүй байх тусам түүнд хурдан итгэдэг гэсэн зарчмаар ажилладаг.... Гэвч хэвлэсэн доллар, еврогоор хүмүүсийг тэжээх боломжгүй. Эдгээр цаасаар хооллож болохгүй, хүнс хэрэгтэй... Өрнөдийн нийгмийн сүлжээний виртуаль, хөөс шиг хөрөнгөжүүлэлтээр орон сууцыг халаах аргагүй, эрчим хүчний эх үүсвэр хэрэгтэй. Иймээс Европын улстөрчид бага ид, усанд цөөн ор, гэртээ дулаан хувцасла гэж ард иргэдээ ухуулж байна. “Яагаад?” гэсэн шударга асуулт тавьсан бүгдийг шууд дайсан, хэт даврагч, радикал гэж зарлаж бүх гай зовлонгийн эх сурвалжийг Орос гэж зарладаг. Дахиад л худлаа бурцгааж байна. 
...Шинэ колоничлолын загвар бүтэхгүй, гэвч тэд эцсээ хүртэл зууралдах болно. Нөгөө л дээрэм тонуул, рэкетийн системээс өөр санал болгох юм тэдэнд байхгүй. 
Хүн төрөлхтөний ихэнх хэсэг буюу тэрбум тэрбум хүмүүсийн эрх чөлөө, шударга ёс, ирээдүйгээ өөрсдөө бие даан тодорхойлох заяагдмал эрхийг тэд нулимж байна. Тэд одоо бүр ёс суртахууны хэм хэмжээ, шашин шүтлэг, гэр бүлийг эрс үгүйсгэх болжээ... Өрнөдийн элитүүдийн диктатур нь нийгмийн эсрэг түүнчлэн Өрнөд дэх орнууудын ард түмнүүдийн эсрэг чиглэсэн..... 
Дэлхий маань хувьсгалт өөрчлөлтийн үед шилжлээ, энэ нь суурь шинж чанартай. Хөгжлийн шинэ төвүүд бүрэлдэж тогтож байна, дэлхийн ихэнхийг төлөөлж буй эдгээр төв өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлж хамгаалахад бэлэн төдийгүй олон туйлт дэглэмийг тусгаар тогтнолоо бэхжүүлэх боломж гэж хардаг... 
Хувь тавилан, түүх биднийг тулааны талбарт дуудлаа, энэ бол манай ард түмний төлөөх, агуу түүхэн Оросын төлөөх байлдаан. Түүхт Орос, ирээдүй үеийн төлөө, манай үр хүүхдүүд, ач гучийн төлөө. Тэдний ухамсар, оюун санааг эрэмдэглэх аймшигт туршилтуудаас бид тэднийг хамгаалах ёстой. Бидний ард Үнэн бий, бидний ард Орос бий!
Орчуулсан #МЦогзолмаа