Image description
Швед улсын Линчепингийн их сургуулийн сэтгэл зүйч эрдэмтэд шинэ судалгаагаа дууслаа. “Логикоор сэтгэхэд улстөрийн үзэл суртал саад болдог. Улстөрийн талаарх яриа хэлэлцүүлгийн үеэр хүмүүс силлогизм ашиглахдаа алдаа эндэгдэл гаргах нь их байна” гэж эрдэмтэд мэдэгджээ. Тэдний судалгааны дүгнэлтийг “Thinking & Reasoning” сэтгүүл нийтэлжээ. 
Эрдэмтдийн судалгаанд 1005 хүн оролцсон байна. Оролцогчдод цуврал силлогизм үзүүлж эдгээрээс ямар учир шалтгаан, баримт нь логик үндэслэлтэй болохыг заа гэж хүсчээ. Тэдгээр силлогизм нь улстөрийн болон улстөрийн бус агуулгатай байсан аж. Гэтэл хүмүүс улстөрийн силлогизмыг зөв үнэлэх чадваргүй байгаа нь судалгаагаар илэрчээ. Жишээлбэл, зүүний үзэлтэй оролцогчид зөв хариутай силлогизм нь хэрэв өөрсдийнх нь зүүний үзэл сурталтай авцалдахгүй байвал хүлээн авч чадахгүй байв. Эрдэмтэд энэхүү судалгааг өмнөх ажилтайгаа харьцуулан үзсэний эцэст “Хүмүүс өөрийнх нь улстөрийн үзэл бодолд нийцдэг логик гаргалгааг дуртайяа, шуурхай хүлээн авдаг” хэмээн тайлбарлалаа.