Image description
Катар улсад Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нээгдлээ. Нээлтийн ёслол маш гайхалтай, гоё болсон тухай дэлхийн ХМХ бичиж байна. Гайхамшигтай супер цэнгэлдэх хүрээлэн, хий үзэгдэл мэт цагаан хувцастай ДАШТ-ий бэлгэ тэмдэг, алдарт жүжигчин Морган Фримений цэнгэлдэхэд шууд эфирээр явуулсан шоу, Өмнөд Солонгосын супер од Чон Жон Гукийн дуу.... Харамсалтай нь, 2022 оны ДАШТ нь зохион байгуулагч эзэн багийн ялагдлаар эхлэв. Эквадорын шигшээ баг 2:0 харьцаагаар Катарын шигшээ багийг ялжээ. 
“Бусад ДАШТ-ээс ялгаатай нь энэ тэмцээний үеэр цэнгэлдэх хүрээлэнд архи согтууруулах ундаа, шар айраг зарахыг хориглосон. Энэ шийдвэр тус ДАШТ эхлэхээс 2 өдрийн өмнө гарсан юм” хэмээн “The Times” бичжээ. Харин “Canal 26” мэдээлэхдээ “Энэ жил хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид сэтгэлийн хөдөлгөөн, догдлолоо олны өмнө гаргаж болохгүй. Өөрөөр хэлбэл, үнсэх, тэврэх хориотой.... Мөн цэнгэлдэх хүрээлэнд тамхи татах болон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон. Түүнчлэн мөр өвдөг зэргээ ил гаргавал шийтгэнэ. Тэр бүү хэл орон нутгийн иргэд болон шашны, цэргийн объектын зургийг авч олохгүй. Цагдаа хууль сахиулагчдын зургийг ч авахыг хориглосон, зөрчвөл торгох буюу баривчилна. Бас мөрий бооцоо тавих ч хориотой. Олны өмнө харааж доромжлох, бүдүүлэг дохио зангаа үзүүлэх, интернэтэд иймэрхүү материал нийтлэхийг хориглосон.... Катар луу гахайн махан хүнс, шашны ном материал, хар тамхи, архи, порно материал зэргийг  оруулж ирж болохгүй” хэмээн сэрэмжлүүлэв. 
Катар улс энэ ДАШТ-д 220 тэрбум доллар зарцуулсан гэж албан ёсоор мэдэгдлээ. Харьцуулбал, Орос 2018 оны ДАШТ-д үүнээс 20 дахин бага мөнгө үрсэн. Иймээс Катарын энэ тэмцээн бол дэлхийн түүхэн дэх хамгийн үнэтэй ДАШТ. Харин “Bloomberg” сонины мэдээгээр Катар 300 тэрбумыг ДАШТ-д зарцуулжээ. 
Катарчууд 6,5 тэрбум доллараар 8 цэнгэлдэх хүрээлэнг барьсан, үүний 7 нь хов хоосон газарт сүндэрлэжээ. Үлдсэн мөнгийг дэд бүтцийн төслүүдэд (хурдны шинэ авто замын систем, метро, гүн усны боомт, нисэх буудал, зочид буудал, ирээдүйн хот) зарцуулсан ба энэ нь “Qatar National Vision 2030” (QNV) хөтөлбөрийн хэсэг. Ганц жишээ: Нийслэл хот Дохад 40 тэрбумаар 76км урт метро барьсан, одоо 4 шугамын 3 нь 37 станцтай ажиллаж байна. Машинистгүй орчин үеийн галт тэргийн хурд нь 07км/ц. Уг нь энд метро барих шаардлага байгаагүй, хүн ам нь хувийн машинаараа зорчдог, тэгээд ч ямар ч түгжрэл байхгүй. Гэсэн ч эрх баригчид эко төслийн хүрээнд 2030 онд гэхэд ард иргэдийнхээ 20%-г нийтийн тээврээр зорчуулах зорилт тавьжээ. 
Сонирхуулахад, Катар жилд 12 сая зорчигч хүлээн авах чадалтай онгоцны буудлаа 16 тэрбум доллараар өргөтгөж 60 сая хүний багтаамжтай болгоод “Hamad International” гэж нэрлэжээ. Хамад шинэ боомтыг 7,5 тэрбум, “Doha Expressway” хурдны авто замыг 8 тэрбумаар барьсан гэх зэргээр бүтээн байгуулалтыг тоочоод баршгүй. Хурдны шинэ замын урт 800 км бөгөөд 95 байгууламжтай, түүний дотор 200 гүүр, газар доорх 90 гарц, 50 хонгилтой, бүгд ухаалаг автомат хяналт удирдлагатай. Бас 450 км явган гарц, дугуйн зам барьсан аж.
Хамгийн гол нь катарчууд энэ хугацаанд цоо шинэ хот Лусаилыг сүндэрлүүлж амжсан. И
рээдүйн хот Лусаил д 350 мянган хүн байнга амьдарна, 37км2 талбайтай. Эндхийн 80 мянган хүний багтаамжтай “Lusail Iconic” цэнгэлдэхэд 2002 оны ДАШТ-ий сүүлийн тэмцээн явагдах юм. ДАШТ-ий дараа энэ хотыг Дубайн өрсөлдөгч болно гэцгээж байгаа. Ирээдүйн хотыг хэдээр барьсан нь тодорхойгүй, бүр 2014 онд анх төсөл яригдаж байхад 45 тэрбум доллар гэж байсан юм.
Орчуулсан #МЦогзолмаа