Image description
Орос орны Санкт-Петербург хотын Балтын завод дээр мягмар гарагт “Урал”, “Якут” цөмийн хөдөлгүүртэй, мөс зүсэгч хөлгийг хүлээн авах ёслол болов. Тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин энэ ёслолд онлайнаар оролцжээ. Путин “Арктикийн хүчирхэг гүрэн Оросын байр суурийг бэхжүүлэхэд эдгээр мөс зүсэгч стратегийн ач холбогдолтой. Эдийн засаг, аж үйлдвэрлэлд хүндрэл учирч байгаа ч Орос орон атомын флотоо цаашид ч хөгжүүлж төлөвлөсөн бүхнээ хэрэгжүүлнэ... Орон нутгийн тоног төхөөрөмж сэлбэг материал ашиглаж байгаа” гэж мэдэгдлээ. Энэ тухай дэлхийн хэвлэлүүд бичихдээ “Путин Арктикийн хүч чадлаа гайхуулж шинэ мөс зүсэгчээ сурталчиллаа”, "“АНУ, Өрнөдийн орнууд хэрэв Арктикт Оросыг гүйцэхийг хүсвэл 10 жил шаардлагатай” хэмээжээ. 
“Урал” хөлөг 12-р сараас Хойд мөсөн далайд эргүүл хийж эхэлнэ, харин сая усанд тавьсан “Якут” мөс зүсэгчийг барьж дуусгахад дахин 2 жил шаардагдах аж. “Якут” хөлгийн урт 173,3 метр, усан түрц 33540 тонн бөгөөд 3 метр зузаан мөсийг зүсч хагалж чадна. Эдгээрээс гадна Оросын өөр 2 мөс зүсэгч “Арктик”, “Сибирь” одоо хойд туйл хавьцаа ажиллаж байна. Оросууд бас “Чукотка” мөс зүсэгчээ 2026 онд барьж дуусна. Түүнчлэн “Россия” хэмээх дэлхийд байхгүй аварга том, цөмийн хөдөлгүүрт мөс зүсэгч нь 2027 онд ашиглалтад орно. “Россия” хөлгийн урт 209 м, усан түрц 71380 тн ба 4м зузаан мөс зүсэх чадвартай аж. 
Орчуулсан #МЦогзолмаа