Image description
Монгол орныхоо хөрсний бүх хэв шинж, төрөл зүйлийг ангилан тодорхойлж, тэдгээрийн нөөцийг тооцоолон гаргах арга зүйг боловсруулан баталгаажуулж, экосистемүүдийн хэмжээнд үнэлэн хамгаалах шинжлэх ухааны мэдлэг бий болгосон. Мөн Монгол орны анхны хөрсний зураг болон анхны сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, хөрс судлалын шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан, эх орныхоо нутаг дэвсгэр, байгалийн нөхцөл, нөөц баялаг, хүн ам, түүх, соёл, нийгэм, эдийн засгийн талаарх бүхий л мэдээллийг багтаасан эрдэм шинжилгээний иж бүрэн зураг зүйн  суурь бүтээл болох 16 сэдэвчилсэн бүлэг бүхий 300 орчим газрын зураг, схем бүхий анхны үндэсний атлас болох “БНМАУ-ын Үндэсний атлас”-ыг хэвлүүлэн гарган, удаа дараа шинэчлэн боловсруулж, хөрс шороо, цаг уур, байгаль орчин судлал болон шинжлэх ухааны хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Дэчингунгаагийн Доржготовд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Эзэн Богд Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал-"Чингис хаан" тэргүүн зэргийн одон хүртээв.