Image description

БНСУ-ын 17 дахь удаагийн ерөнхийлөгч асан И Мён Паг мөнгө завшсан, авлигалын хэргээр 17 жилийн ял авлаа. Тэрээр Самсун зэрэг томоохон корпорациудаас их хэмжээний авлигал авч, компанийн хөрөнгө завшсан хэргээр шүүхээс түүнд 17 жилийн ял, 13 тэрбум воны торгууль, 5 тэрбум 780 сая воны төлөгдөөгүй төлбөр төлөхөөр тогтоосон байна. Түүний намтраас товч сонирхвол 2008-2013 он хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажилласан тэрбээр Японы колоничлолын үе болох 1941 оны 12 сард одоогийн Япон улсын Осака хотын Ширанү дүүрэгт харъяалагдах Жусончуудын амьдардаг (хуучнаар Оосака хотын Накакаваүчи-гүн, Ками-мүра) дүүрэгт төрсөн. 4 эрэгтэй, 3 эмэгтэй хүүхэдтэй айлын 3 дахь хүү юм. Гэр бүлийнхэн нь ядуу амьдралын улмаас Япон руу дүрвэсэн бөгөөд чөлөөлөлтийн дараа 1945 оны 11 сард Кёнбүг аймгийн Пухан гэдэг газар руу буцаж ирж суурьшжээ.

Эдийн засгийн асуудлаас шалтгаалан ахлах сургуулиа дүүргэлгүй хаясан хэдий ч анги даасан багшийн ятгалгаар төлбөрөөс хөнгөлсөн хугацаанд л суралцах болно хэмээн амлалт өгөн, Дунжи ахлах сургуулийн оройн ангид элсэн орж, 3 жил онц сайн дүнтэйгээр тэтгэлэг аван суралцаж сургуулиа төгсжээ. Дараагаар нь Сөүл хот руу яван, 1 жил хар ажил хийсний эцэст, Гурё их сургуулийн эдийн засгийн ангид элсэн орж суралцсан. Өглөөгүүр цэвэрлэгчийн ажил хийн сургалтын төлбөрөө олж байжээ. Дээд сургуулийн 2-р курст суралцаж байхдаа цэргийн албанд татагдсан бөгөөд, мөгөөрсөн хоолойн үрэвсэл (бронхит) нь архагшиж хүндрэн, цэргийн албанаас чөлөөлөгджээ. Дээд сургуулийн 3-р курст байхдаа Гурё их сургуулийн эдийн засгийн факультетын оюутны зөвлөлийн даргаар сонгогдон, дараа жил нь 1964 онд тус сургуулийн оюутны зөвлөлийн даргаар сонгогдон, Япон-Солонгосын дипломат харилцааг эсэргүүцэн 6 сарын 3-ны хөдөлгөөнийг зохион байгуулж байгаад эрэн сурвалжлагдах болжээ. Үүний дараа улсын батлан хамгаалах байгууллага дээр сайн дураараа очин мэдүүлэг өгчээ. 3 жилийн хорих ял, 5 жилийн тэнсэн харгалзах ял аван, Сөүл хотын хорих газарт 6 сар хоригджээ.

Дараагаар нь тэрээр Хьюнда барилгын компанид ажилд орсон ажээ.  29 настайдаа хувь нийлүүлэгчдийн тэргүүн, 12 жилийн дараа 1977 онд 35 настайдаа Хьюнда барилгын компанийн захирал, 1988 онд тус компанийн тэргүүлэгч болжээ. Харин1992 онд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жон Жү Ёнын үед Хьюнда групын тэргүүнд нэр дэвшилгүй, Ардчилсан намаас парламентад нэр дэвшин улс төрд хөл тависнаар, Жон Жү Ёнтой харьцах харьцаа нь муудсан байна. Гэсэн ч 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Жон Мун Жүн гишүүнийг намд элсэж орсноор Жон Жү Ёнтой найрамдсан хэмээн хэвлэл мэдээллээр яригдаж байжээ.

И Мён Пак нь парламентын гишүүнээс огцорсны дараа АНУ-д амьдарч байгаад Солонгост эргэж ирэн үнэт цаасны зах зээл дээр ажиллах болжээ. Эл Кэй банк хэмээх хөрөнгө оруулалтын компани байгуулсан боловч амжилтанд хүрч чадаагүй байна. Энэ үед хамтран үйл ажиллагаа явуулж байсан Ким Кён Жүнтэй хамт түүний байгуулсан BBK компанийн хувьцааны үнийг унагаж, ихэсгэж байсантай холбогдуулан И Мён Пакыг хэргийн хамсаатан байсан гэсэн сэжиг таамаг байсны улмаас прокурораас хэргийг мөрдөн шалгаж, 2007 оны 12 сарын 6-нд И Мён Пак нь BBK-тай холбоогүй хэмээн дүгнэлт гаргуулж байжээжээ.