Турк улсын Ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль 5 сарын 14-нд явагдаж дууслаа. “Туркууд маш идэвхтэй оролцсон, ирц 88,19% байсан. Харин гадаад орнуудын сонгуулийн хэсгүүдэд ирц 45,5% байв. Дэлхийн 73 оронд, мөн хилийн дамжин өнгөрөх цэгүүдэд ард иргэд саналаа өгсөн” гэж “Anadolu” агентлаг мэдээлэв.
Саналын хуудсын 99,9%-ийг тоолсны дараа өнөөгийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоган түрүүлж яваа тухай тус орны Сонгуулийн ерөнхий хороо мэдэгдсэн гэж “TRT” телевиз дамжууллаа. Сонгогчдын 49,39% нь түүнд саналаа өгчээ. Харин Эрдоганы гол өрсөлдөгч, “Ардын бүгд найрамдах нам”-ын тэргүүн, сөрөг хүчний эвслийн төлөөлөл Кемаль Кылычдароглу одоогоор 45%-тай явна. 13 дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд уг нь 4 хүн нэр дэвшсэн. Дээрх 2-оос гадна “Ata” эвслийн Синан Оган бас “Memleket” намын Мухаррем Инже. 3 хоногийн өмнө хэдий Мухаррем Инкер нэрээ татаж авсан, гэвч саналын хуудас хэвлэгдсэн байлаа. “Эрдоган хэдий түрүүлж яваа ч Турк улс Ерөнхийлөгчөө сонгохын тулд сонгуулийн 2-р шат явуулах шинжтэй” гэж “Frankfurter Allgemeine” бичжээ. "Сонгуулийн эцсийн дүн 5 сарын 19-нд сонин хэвлэлд нийтлэгдэх ёстой. Нэр дэвшигчдээс нэг нь ч 50%-ийн санал аваагүй учраас 5 сарын 28-нд Ерөнхийлөгчийн сонгуулийн 2-р шат явагдана" гэж Туркийн зарим ХМХ бичжээ.