Image description

Европын холбоо стратегийн хувьд бие даасан бодлого явуулах ёстой гэж Хятадын дарга Си Жинь Пин уриалжээ. Тэрбээр Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярихдаа ингэж хэлсэн байна. “Хятад орны хөгжил бол Европын холбооны хувьд боломж. Европын холбоо бие даан дүгнэлтээ хийж үнэлгээ өгнө гэж бид найдаж байна. ЕХ үнэн хэрэгтээ стратегийн хувьд өөрийн бие даасан бодлогоо явуулбал зохилтой” гэж Хятадын Си дарга анхааруулжээ.

Олон асуудлаар санал зөрчилддөг ч Бээжин ба Брюсселийн хоорондын харилцаанд хөгжлийн шинэ, шинэ боломж байгаа гэдгийг Хятадын дарга онцлон тэмдэглэв. "Хамгийн гол нь Хятад ба ЕХ-ны харилцааны хөгжлийн гол векторт 
стратегийн үзэл бодлын үүднээс хандаж тов тодорхой ойлгон, бие биеэ хүндэлж хөндлөнгийн оролцоог арилгах ёстой” гэж Си Жинь Пин утсаар ярихдаа хэлжээ. Хятад улс ийм мэдэгдэл хийснээр ЕХ-ны цаана АНУ байгааг далд утгаар дахин санууллаа. Сүүлийн үед Хятад ба АНУ-ын харилцаа сайнгүй, харилцан хориг тавиад байгаа. АНУ, ЕХ өмнө нь уйгаруудыг боолчилсон зэрэг асуудлаар Хятадад хориг тавьсан. Хятадын Гадаад харилцааны яам дор нь АНУ, Канадын эсрэг хариу хориг арга хэмжээг авсан билээ.