Image description

Дэлхийн алдарт “Forbes” сэтгүүл 35 дахь удаагаа хамгийн баян орон, баян хүмүүсийг тодрууллаа. Америк, Хятад, Энэтхэг баячуудаараа тэргүүлж байна. Цар тахал, Хөл хорио, эдийн засгийн хямрал нүүрлэсэн ч энэ нь зарим хүний хувьд мөнгө хийх хамгийн сайхан үе болжээ. Мнай дэлхий одоо 2755 тэрбумтантай, үүнийг 2020 онтой харьцуулахад 660-аар нэмэгдсэн гэсэн үг. Тэдний мөнгө нийлээд 13,08 триллион доллар хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 64%-иар их.
Эгэл жирийн иргэд Хөл хорионд амьдарч төр засгийн ачаар өлбөрч үхэхгүй өдөр хоногоо өнгөрөөж байхад баячууд улам баяжсаар байна. Тэрбумтнуудын жагсаалтад 493 хүн нэмэгдэж 84 хасагдав, үүнээс 23 нь нас барсан аж. Нийт тэрбумтнуудын бараг тал хувь нь 2-хон орных, АНУ ба Хятад. Тодруулбал, Америк 724 тэрбумтантай, өнгөрсөн жил 615 байсан. Харин Хятадад тэрбумтны тоо 239-өөр нэмэгдэн 526 болжээ. Энэ хэвээр үргэлжилбэл коммунист Хятад удахгүй тэрбумтны тоогоор капиталист Америкийг гүйцэх шинжтэй. Гуравт орсон Энэтхэг 140 тэрбумтантай, Герман -136, Орос -117. Оросын 117 баяны хөрөнгө нийлээд 584 тэрбум доллар хүрсэн нь өмнөх жилээс бараг 200 тэрбум доллараар их. 6-р байранд Хонконг 71 тэрбумтантай орсон, тэд нийт 448 тэрбум доллартай, цааш дурдвал Бразили 65 тэрбумтантай (212 тэрбум доллар), Канад 64 тэрбумтантай (231 тэрбум доллар), Англи 56 тэрбумтантай (214 тэрбум доллар), Итали 51 тэрбумтантай (201 тэрбум доллар).
Дэлхийн хамгийн баян хүнээр “Amazon” корпорацийг үндэслэгч Жефф Безос тодорлоо. Энэ ч аргагүй, бүх юм хаалттай үед интернэт худалдаа хэвийн үргэлжилсээр байсан. Хоёрт, Илон Маск жагсчээ, тэр ганцхан жилийн дотор 126,4 тэрбум доллараар баяжсан хүн. Маск уг нь өнгөрсөн жил “Forbes” сэтгүүлийн рейтингэд 31-т бичигдэж байсан юм. Түүний “Tesla” компаний хувьцаа ганцхан жилд 720% өсч эзнээ дэлхийн тэргүүн баячуудын нэг болгожээ. Гуравт, “LVMH” загварын ордны Бернар Арно орсон, тэр гэр бүлийнхээ хамт $150 тэрбумтай. Сонирхуулахад, Хятадын иргэн, “Алибаба”-г үндэслэгч Жек Ма 26-д оржээ, тэр 48,4 тэрбум доллартай. “Forbes” сэтгүүлийн жагсаалтын эхний 20 хүний хөрөнгө 1,81 триллион доллар болжээ.