Image description

Умард Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичиг Ким Чен Ун “Бэрх хэцүү аянд мордохыг намын бүх шатны байгууллагуудад хандан уриалж байна. Яг 1990-ээд оны эдийн засгийн хямрал, өлсгөлөнгийн үе шиг ийм алхам хийх ёстой. Энэ бол ард түмний зовлон шаналлыг нимгэлж, олон арван жилийн турш Эх намдаа итгэж дагасан иргэдээ материаллаг ба соёлын баялгаар хангахад чиглэсэн билээ. Одоо бид улам хүнд хэцүү зам туулах болно, иймд Төв хорооноос өгсүүлээд намын бүх ажилтан, гишүүд оролцох ёстой. Манай нам хэзээ ч санамсаргүй тохиолдолд найдаж байсангүй, хэнээс ч горьдож хүлээж байгаагүй. Бид зөвхөн өөрийн намын гишүүдэд итгэж найдаж болно” гэж мэдэгджээ.

Ким дарга энэ явдлаас хэд хоногийн өмнө Умардын нөхцөл байдал урьд өмнө байгаагүй маш хүнд хэцүү байдалд орсон гэж хэлснийг дэлхийн ХМХ-үүд дамжуулсан билээ. Энэ байдлаас гарахын тулд алдаа дутагдлаа яаралтай засах хэрэгтэй гэсэн үүрэг даалгаврыг тэр өөрийн намын бүх үүр, шат шатны дарга нарт өгчээ. Гэхдээ чухам ямар алдаа гаргасан талаар дурдаагүй гэдгийг шинжээч, судлаачид онцлон тэмдэглэв. Умард Солонгосын намын үүр болгон 5-30 гишүүнээс бүрддэг ба үйлдвэр фабрик зэрэг бүх байгууллагад хатуу чанд хяналт цензүүр тогтоочихсон. Судлаачид “Умардын энэ хүнд хэцүү хямрал бол удаан хугацааны турш ямар ч ашиггүй, үр бүтээлгүй удирдсаны үр дүн. Үүнд бас Цар тахал, АНУ-ын хориг арга хэмжээ нэрмээс болсон” хэмээн тайлбарлажээ.