Image description

Их Британий хатан хаан II Елизаветагийн нөхөр, ханхүү Филипп 4 сарын 9-нд таалал төгсөн улс даяараа эмгэнэн гашуудаж байна. Тэр 2 сарын дараа 100 нас хүрэх байлаа. Ханхүү Филипп нас барахын өмнөхөн том хүү, хунтайж Уэльсийн Чарльзэд хандан гурван зүйл хүсчээ. Түүний сүүлчийн хүсэлтийн тухай хатан хааны намтар судлаач Роберт Жобсон ярьсныг “The Sun” сонин дамжууллаа. Аав, хүү хоёрын энэ яриа Лондоны эмнэлэгт болсон байна.  
Нэг: Намайг өнгөрсний дараа хатан хаан, ээжийгаа асран халамжлаарай.
Хоёр: Одоо чи гэр бүлээ, хааны ордныг толгойлох ёстой.
Гурав: Би сүүлчийн өдрүүдээ гэртээ, Виндзорын шилтгээндээ өнгөрүүлэхийг хүсч байна.

Мэдээж түүний хүсэлтийг ёсоор болгож эмнэлгээс гарган гэрт нь аваачсан. Ханхүү Филиппийг 4 сарын 17-нд оршуулах ба өөрийнх нь хүссэнээр салах ёслолыг сүр дуулиантай хийхгүй байхаар шийджээ. Тэр бүү хэл ордны гадаа цэцэг дурсгал бүү авчраарай гэсэн уриалгыг Хатан хааны ордноос гаргасан. Хэдий тийм ч цэцэг барьсан англичууд хайрт ханхүүгээ дурсан ирсээр л байна. Хатан хааны гэр бүл бүгд оршуулганд оролцоно, хаа холын Америкаас ач Харри эх орондоо буцаж ирлээ. Тэр өвөөгөө сүүлчийн замд нь үдэхээр эхнэргүй, хүүхэдгүй ганцаараа Англид хөл тавив. Түүний гэргий Меган Маркл нялх үртэйгээ Америкт үлдсэн тухай “
The Sun” сонин бичжээ. Цар тахлын үеийн журмын дагуу Харри одоо 10 өдрийн турш Ноттингэмийн коттежид хөл хорионд байгаа. 

Сонирхуулахад, 
Ханхүү Филипп, хатан хаан Елизавета хоёр гэрлээд 74 жил болсон, 4 хүүхэдтэй, хунтайж Чарльзаас гадна гүнж Анна, ханхүү Эндрю, ханхүү Эдвард.

Ханхүү Филипп бол Грекийн хаан I Георгийн хүү, төрсөн цагаасаа л Грек, Даний ханхүү хэмээх цол хэргэм хүртсэн. Яагаад гэвэл түүний элэнц өвөө нь Даний хаан IX Кристиан. Түүнчлэн Филиппийн эцгийн талын эмээ Ольга нь Оросын хаан I Николайн ач охин билээ. Түүний ээж Алиса бол Баттенбергийн удмын гүнж, Оросын сүүлчийн хаан II Николайн 3 дахь үеийн үеэл.