Image description

ОХУ-ын мужуудын амбан захирагчдын ажлын үр дүнг өөрөөр үнэлэх болсон тухай тус орны Засгийн газар мэдээлэв. Оросын Ерөнхийлөгч Владимир Путины шууд заавраар гаргасан энэхүү баримт бичгийг өнөөдөр Ерөнхий сайд Михаил Мишустин баталжээ. Нийт 38 аргачлал боловсруулсан, үүнээс 19 нь өмнөх жилийн ажлын үзүүлэлтийг тооцох бол үлдсэн 19 нь ирээдүйн зорилтуудыг нь үнэлэх юм байна. “Энд нийгэм, эдийн засгийн хамгийн чухал асуудлуудыг хамруулсан. Бодит цалин хөлсний өсөлт, боловсролын түвшин, баригдах орон сууцны хэмжээ, бүс нутгийн экологийн байдал зэргээс өгсүүлээд иргэдийн наслалтыг хэд хүргэх зэрэг олон үзүүлэлтийг харгалзан үзэх юм” хэмээн ЗГ-ын албаны хүн цохон тэмдэглэжээ.

Тус аргачлалд өмнө байгаагүй олон үзүүлэлт нэмэгдсэн байна, жишээлбэл ард иргэдээ спорт, биеийн тамираар хичээллүүлэхэд анхаарах, хүмүүсийг сайн дурын ажиллагаанд татан оролцуулах, соёлын арга хэмжээг олон нийтэд хүртээмжтэй хүргэх, төрийн байгууллагуудын дижитал түвшин. Өөрөөр хэлбэл, бүтэн жилийн турш ахиц гаргаагүй, гарт баригдах нүдэнд харагдах өөрчлөлт шинэчлэл байхгүй, бүтээн байгуулалт 0 зэрэг дутагдал гаргасан бол амбан захирагчдын цалин хөлстэй ярьж ажлаас халах хүртэл шуурхай арга хэмжээ авах гэнэ. Харин шилдэг, сайн үзүүлэлттэй мужуудад Холбооны төсвөөс нэмэлт хөрөнгө, санхүүжилт өгөх юм байна.