Image description

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден өчигдөр ОХУ-ын тэргүүн Владимир Путин рүү утастаж хоёр талын харилцаа, олон улсын зарим асуудлын тухай ярилцжээ. Орос, Америк болон дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцсэн, даяаршсан аюулгүй байдлыг хангах чиглэлд харилцан ярилцахад бэлэн гэдгээ Талууд ярианы үеэр илэрхийлэв. Хоёр талын харилцааг хэвийн болгох ба стратегийн тогтвортой байдал, зэвсэглэлийг хянах, Ираны цөмийн хөтөлбөр, Афганистаны нөхцөл байдал, цаг уурын даяаршсан өөрчлөлт зэрэг тулгамдсан, хурц асуудлуудаар урьдаас тохиролцон тогтвортой, харилцан үйлчлэлцэх сонирхолтой байгаа гэж Байден ярьжээ. Талууд мөн Украины нөхцөл байдлыг авч хэлэлцэв. Путин энэ үеэр Минскийн цогц арга хэмжээнд суурилсан улс төрийн зохицуулалтын хандлагын тухай онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн Байден өмнө нь Путинд өгсөн Цаг уурын саммитын урилгаа баталгаажуулав. Цаг уурын саммит онлайнаар 4 сарын 22-23-нд явагдах юм байна. Ийнхүү Орос, Хятадгүй экологийн асуудлыг шийдэх боломжгүй гэдгээ Америк хүлээн зөвшөөрлөө. Ярианы төгсгөлд утсаар хөндсөн асуудлууд дээр ажиллах үүргийг зохих яам газруудад өгөхөөр Талууд тохиролцов. Америкийн Ерөнхийлөгч Байден ойрын хэдэн сарын дотор биечлэн уулзах хүсэлтийг Оросын тэргүүн Путинд энэ ярианы үеэр тавилаа. Гэхдээ өмнө нь алуурчин гэж муулж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путинтэй нүүр тулах нь АНУ-ын тэргүүн Байденд мэдээж халуухан л санагдах байх.
“Орос, Америкийн төрийн тэргүүнүүдийн энэ яриа бол эерэг, сайн мэдээ. Байден мэдээж өөрийн бодлогоо явуулж, хатуу байр суурин дээр зогссоор байна. Харин тэр өөрөө санаачилга гарган утсаар ярьсан нь өнөөгийн хурцадмал нөхцөл байдалд Орос болон даян дэлхийд өгч буй чухал дохио. Дэлхийн улстөрд ноёрхож буй мэдээллийн хаос дунд улс орнуудын хооронд, төрийн тэргүүнүүдийн хооронд хариуцлагатай, зөв мэдээлэл өгөх холбоог хадгалах нь маш чухал. Бие биеийн байр суурийг тодруулах, ухаалаг шийдвэр гаргахад шууд яриа, шууд асуулт ба хариулт зайлшгүй хэрэгтэй” хэмээн “Валдай” клубын тэргүүлэгч Андрей Быстрицкий мэдэгдлээ.