АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп “Америк гүрний өнөөгийн тэргүүн Жо Байденыг Хятад улс хяналтандаа байлгадаг. Жо Байден бол нэрээ бузарласан Ерөнхийлөгч. Түүний гэр бүл Хятадын компаниас мөнгө авсан... Хятадад энэ тухай сайн мэддэг, иймээс л тэд Байденыг бүрэн эзэмшдэг, түүний эзэн. Чухам ийм учраас л Хятад улс нууц баазаа Кубад байршуулах гэж байгаагийн эсрэг тэр юу ч хийхгүй байна. Хэрэв би 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах юм бол 48 цагийн дотор Куба улсаас цэргийн болон тагнуулын тоног төхөөрөмжөө гарга гэж Хятадаас шаардах болно” хэмээн Нью-Гэмпшир мужид мягмар гарагт мэдэгдлээ. Нэмж өгүүлэхэд, “The Washington Post” сонин 2022 оны 3 сард Ерөнхийлөгч Байдены хүү Хантер бараг 5 сая долларыг Хятадын “CEFC” эрчим хүчний компаниас авсан тухай бичсэн юм.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Байден сонгуулийн кампанит ажлын мөнгөө цуглуулахаар Мэрилэнд мужид уулзалт зохион байгуулав. Энэ үеэр Байден "Хятад улс маш ноцтой, том асуудлуудтай тулгарсан... АНУ-ын эдийн засаг хүчирхэг хэвээр. Буурч доройтно гэж би бодохгүй байна" хэмээн мэдэгджээ. Тэрбээр өмнө нь Хятадын тэргүүн Си Жинь Пинийг дарангуйлагч гэж нэрлэсэн билээ.