Image description
Европын хөлбөмбөгийн тэргүүлэгч 12 клуб хамтарч СуперЛига байгуулсан тухай өмнө нь манай сайт мэдээлсэн билээ. Гэтэл Олон улсын болон Европын хөлбөмбөгийн холбоо (“FIFA”, “UEFA”) энэ мэдээг шууд эсэргүүцэн хүлээн авч, “Суперлигад оролцсон тамирчдыг орон орны Үндэсний аварга шалгаруулах тэмцээн, дэлхий тивийн хэмжээний тэмцээнд оролцуулахгүй” гэж мэдэгдсэн. Дэлхий даяар хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид ч үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж буруушааж байлаа. Иймээс Английн Тэргүүн Лигад багтдаг 6 клуб 4 сарын 20-нд энэхүү СуперЛигагаас гарч байгаагаа зарласан юм. Мөн Италийн “Милан, “Интер” клуб ч энэ тэмцээнийг орхиж буйгаа мэдэгдэв.
Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александер Чеферин “Топ клубууд энэ СуперЛига тэмцээнээс гарахаар шийдсэнийг дэмжиж байна. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь магтууштай, бахархам алхам гэж би өмнө нь нэг бус удаа хэлж байсан. Эдгээр клуб том алдаа хийсэн, харин одоо тэд буцаад ирж байгаа нь сайн хэрэг. Тэд манай уралдаан тэмцээнд, ер нь Европын хөлбөмбөгт цаашид ч их үүрэг гүйцэтгэх болно” гэж мэдэгдлээ. Үүний дараа СупериЛига өөрийн тэмцээнийг цуцалсан тухай албан мэдэгдэл гаргав. Уг нь СуперЛигад Английн "Арсенал", "Челси", "Ливерпуль", "Манчестер Сити", "Манчестер Юнайтед", "Тоттенхэм", Испаний "Атлетико" Мадрид, "Реал", “Барселон", Италийн "Интер", "Милан", "Ювентус" багтсан байсан. Нийт 20 баг тэмцээн хийж, үүнээс 15 нь байнгын журмаар оролцох байлаа.