Image description
ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргиз, Тажикистан хоёр уснаас болж хил дээрээ буудалцаж хүний амь нас эрсэдсэн хэрэг гарлаа. Пүрэв гарагт дэгдсэн зэвсэгт зөрчлийн үеэр 2 орны хил дээр 13 цэрэг амь үрэгдэж, 134 хүн шархаджээ. Тэдний дунд энгийн иргэд ч байгаа аж. Азаар энэ зэвсэгт мөргөлдөөнийг газар авахуулалгүй нэг өдөрт амжин намдааж чадлаа хэмээн Талууд мэдээлэв. Киргизийн Ерөнхийлөгч одоо нөхцөл байдал хэвийн болсон тухай мэдээлж нас барсан хүмүүсийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ. Тажикистаны тал албан ёсоор амиа алдагсад болон шархадсан хүмүүсийн талаар мэдээлэл өгөөгүй гэж ХМХ бичиж байна. Тус орны Гадаад харилцааны яамны сайд Сироджиддин Мухриддин “Зөрчлийг зохицуулахаар бид ажлын хамтарсан бүлэг байгуулахаар тохирсон” гэжээ. Тажикистаны Ерөнхий сайд Кохир Расулзода ба Киргизийн Ерөнхий сайд Улукбек Марипов нар ярилцсаны эцэст хил дээрх байдлыг намдаах шийдэлд хүрч чаджээ. 2 тал хоёулаа яриа хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдсэн байна.
Киргизийн Гадаад харилцааны сайд Руслан Казахбаев “Бид одоо хэлэлцээрээ Душанбе дахь Элчин яамаараа дамжуулан хийж байгаа. Аль аль тал нь цэргүүдээ хуучин байрлалд буцаахаар шийдсэн” хэмээжээ. Тодруулбал, Талууд хилийн цэргийн ангиудын оролцоотой хамтарсан бүлэг байгуулж хилээ цуг эргэж тойрон жижүүрлэх юм байна. Чухам аль тал буудалцааныг эхлүүлсэн нь тодорхойгүй, талууд бие биеэ буруутгаж байна. "Бишкек хавар, намрын улиралд газар тариалангийн ажил эхлэх үед Исфар голын усыг шударга бус хуваарилдаг" гэж Душанбе нөгөө талыг буруутгасан. Харин Киргиз улс "Чухам Тажикистаны төлөөлөгчид ус хуваарилах цэгийн ойролцоо видео камер суулгаж өдөөн хатгалга үйлдсэн. Үүнийг нутгийн иргэд эсэргүйцэж дургүйцлээ илэрхийлж байлаа.... Дараа нь Тажикистаны тусгайгийнхан эхэлж манай хилийн анги руу буудсан" гэж тайлбарлажээ.