ОХУ-ын Санкт-Петербург хотод “Орос-Африк” дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаж хар тивийн 49 орны төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Дашрамд дурдахад, Африк тивд 54 улс байдаг билээ. Энэ 49 орны 27-г нь тухайн улсын 1 ба 2-р зэргийн өндөр албан тушаалтан, 17-г нь Засгийн газрын Шадар сайд ба сайд нар, 5-ыг нь Элчин сайд нар төлөөлсөн байв. Саммитын үеэр Орос ба Африкийн орнуудын хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, анагаах ухаан, боловсрол, аюулгүй байдал гээд бүх чиглэлд авч хэлэлцжээ. Энэ арга хэмжээний гол сэдвийн нэг нь Үр тарианы хэлцэл байлаа.
“Нэг туйлт дэлхийн яг хөзрийн байшин шиг нуран уналаа”, “Өрнөд үг ч хэлж чадахгүй шоконд оров”, “Африк тивийн орнуудыг айлгаж Оростой найзалбал эдийн засаг, улстөрийн асуудалд орно шүү гэж сүрдүүлсэн ихэнх нь иржээ”, “Африкийг Оростой муудалцуулах гэсэн Өрнөдийн ажиллагаа бүтэлгүйтлээ”, “Гадаадын улстөрчид одоо Оросыг ганцаардсан, тусгаарлагдсан гэж хэлээд үз дээ”, "Манай гарагийн нөөц баялгийн 30% нь Африкт бий", "Дээд хэмжээний уулзалт өндөр түвшинд сайн үр дүнтэй явагдаж байна" хэмээн Оросын ХМХ бичиж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Африкийн агуу хөвгүүдийг Орос мэднэ, Гамаль Насер ба Патрис Лумумбу, Самора Машела.... Тэд бие даасан хөгжлийн замын төлөө хатуу зогссон билээ.... Африк бүхэлдээ дэлхийн дэг журам илүү шударга байхын төлөө байна.... Африкийн холбоог “Их 20”-ын бүлэгт багтаахыг Орос дэмждэг. НҮБ-ын бүтцэд Африкийн төлөөллийг тэлэхийг ч бид дэмждэг. Энэ нь Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхэд ч хамаатай, түүхийн шударга бус байдлыг залруулах цаг ирлээ.... Орос одоо Буркина-Фасо, Экваторын Гвинейд Элчин яамаа дахин нээж, бусад орнуудад дипломатчдын тоогоо нэмнэ. Хар тивд мөн “орос соёлын төв”-г олноор нэмж нээнэ, одоо 8 ажиллаж байгаа... Бид энэ оны эхний 6 сард Африкт 10 сая тонн улаанбуудай экспортолсон, өнгөрсөн оны мөн үед 6 сая байсан. Орос бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэгч гэдэгт та бүхэн итгэлтэй байж болно..... Африкийн орнуудын нийт 23 тэрбум долларын өрийг ОХУ тэглэсэн... Одоо нэмж 90 сая долларыг Африкийн орнуудын хөгжилд зориулан өгөхөөр боллоо.... Бид Үр тарианы хэлцлээс гарснаа зарласан, үнэ ч өслөө. Москвагийн тавьсан бүх болзол нөхцлийг биелүүлсэн цагт Орос сэргээх боломжтой.... Манайх энэ жил асар их ургац авна. Бид төсвийн их орлогоосоо хуваалцана..... Украины зөрчлийн талаарх Африкийн орнуудын Энхийн санаачилгыг бид өндөр үнэлж байна. Яагаад хэлэлцээр хийхгүй байна вэ гэхээр тэд довтолж байхад бид галаа зогсоох боломжгүй"..хэмээн. мэдэгдлээ.
Саммитын дараа Путин сэтгүүлчдийн асуултад хариулав. “ЗХУ цагтаа үндэсний эрх чөлөө, нийгмийн шударга ёсны төлөөх тэмцэлд даян дэлхийд, түүний дотор Африк тивийн хувьд манлайлагч үүрэг рольтой байсан. Орос одоо Африкт худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна юуг санал болгох вэ? Африкийн зүгээс ямар хамтын ажиллагаа хэрэгтэй вэ?” гэж сэтгүүлч асуухад Путин “Манлайлагч мэдээж сайн хэрэг, гэхдээ Калашниковын автомат тухайн үед илүү үр дүнтэй байсаан. Иймээс л Африкийн орнууд эрх чөлөөний төлөө тэмцэлд тусалсан манай тусламжийг дурсан санасаар байна. ЗХУ-ын үед “Бид мөнгөө Африкт дэмий үрж байна, манайд өөрийн асуудлууд хангалттай” гэсэн үзэл бодол манай нийгэмд зонхилж байв. Харин одоо би Африкийн найзуудтайгаа харьцаж байхдаа яг тэр бодлогыг тэнд явуулсан хүмүүст талархдаг. Тэд Африкийн орнуудтай бат бөх, найрамдалт харилцааны үндсийг тавьсан.... Гэхдээ тэд өөрсдөө ийм үр дүнд хүрнэ гэж тооцоолсон эсэхийг мэдэхгүй. Өнөөдөр Африкийн чиглэлд авч явуулж буй бүх арга хэмжээ юуны өмнө Оросын эрх ашгийн төлөө байгаа.... Африкийн эдийн засгийн потенциал агуу, энэ нь маш хурдан геометрийн прогрессоор өсөн нэмэгдэж байна. Тэнд 1,5 тэрбум хүн амьдардаг, энэ бол асар залуу үе.... Ихэнх хүмүүс өглөө ажилдаа явж, орой гэр лүү харих зэргээр амьдрал үргэлжилдэг. Харин мэргэжлийн хүмүүс болон сэтгүүлчид дэлхийд юу болж байгааг илүүтэй анзаардаг. Дэлхий хурдан өөрчлөгдөж байна.... Африкийн орнуудаас нэг ч гуйлт хүсэлт ирээгүй.... Бүгд харилцан ашигтай, хамтын төслүүдийг санал болгож байгаа.... Энэ бол маш том өөрчлөлт.... Африк тивийн орнууд өөр өөр, хүмүүс ч өөр, улстөрийн бодлого ч ялгаатай. Хэдий тийм ч Африк бүхэлдээ манай оронд дээд зэргээр найрамдалтай, эерэг хандаж байна. Энэ бол харилцаа, ажил хэргийг зохион байгуулах чухал бааз суурь.... Африк олон хүн хүнсний хомсдолд орсон, 600 сая хүн тог цахилгаангүй... Потенциал их... Атомын энерги нэн хэрэгцээтэй байна.... Мөн олон орон сансрын чиглэлийг сонирхож байна. Энэ боломжийг алдаж болохгүй.... Африк аюулгүйн салбарт хамтран ажиллахыг хүсч байна. Олон орны хувьд терроризм том асуудал болжээ.... Манай зэр зэвсгийг тэд худалдан авч байгаа, манайд Африкийн олон орны хэдэн зуун мянган цэргийнхэн бэлтгэгдэж байна.... Орос бол НҮБ-ын АЗ-н байнгын гишүүн, олон улсын тавцан дээр тэдэнд манай дэмжлэг хэрэгтэй. Бидний өмнө хийсэн бүхнийг тэд мартдаггүй, одоо ч баярлаж талархсанаа илэрхийлсээр байна” хэмээжээ. Оросын тэргүүнээс НАТО-гийн талаар, мөн 37 он давтагдаж байгаа эсэх талаар асуув. Ерөнхийлөгч В.Путин “Манай улс НАТО-той байлдах хүсэлгүй. Гэхдээ хэн нэгэн манайд халдахыг хүсвэл Орос бэлэн, үйл явдал яаж ч өрнөсөн бид бэлэн..... Харин 37 оны тухайд гэвэл, ОХУ өнөөдөр хөрштэйгээ зэвсэгт зөрчилдөөнтэй байна. Улс орны эрх ашигт хор хөнөөл учруулсан хүмүүст тодорхой шийтгэл ногдуулах нь зүй ёсны хэрэг” хэмээн хариулав.
Орос улс түүнчлэн 50 мянган тонн үр тариагаа Буркина-Фасо, Зимбабве, Мали, Сомали, Төв Африкийн БНУ, Эритрей зэрэг 13 оронд бэлэглэнэ, бүр үнэ төлбөргүй хүргэж өгөхөө мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, Орос ба Африкийн худалдаа удахгүй “Умард-Өмнөд” гэсэн өөр гудмаар явагдана. Энэ маршрут Санкт-Петербургээс эхэлж Энэтхэгийн далай хүрнэ. Түүнчлэн үүний ачаар эрчим хүчийн төслүүд (тухайлбал Конгод нефть дамжуулах хоолой барих, Танзанид ураан боловсруулах үйлдвэр барих) хэрэгжих аж.
#МЦогзолмаа орчуулав.