Р.Чойномтой холбогдох нэгэн уран барималын бүтээлтэй боллоо


Төрийн соёрхолт яруу найрагч Р.Чойномтой холбогдох нэгэн уран барималын бүтээл Баянзүрх дүүрэгт байрлах “ХАРХ” автоүйлчилгээний төвд нээгдлээ.Шүлэг бичсэнийхээ төлөө улстөрийн хэргээр ял эдлэн хоригдож байсан Р.Чойном найрагч нь утга зохиол, урлагийн тал бүрийн авъяастай билигт хүмүүн байсан бөгөөд 1970 онд Дорноговь аймгийн Хажуу-Улааны чанга дэглэм шоронд хоригдож байхдаа захиргааны удирдлагын даалгавараар ажилчдад зориулсан усан бассейны голд орших “Буур”ны хөшөөг бүтээснийг тэр үеийн тэнд амьдарч, ажиллаж байсан хүмүүс мэддэг байв. Тухайн үед Хажуу-Улааны хүүхдүүдийн зуны уринд очиж наадах дуртай хамгийн хөл хөгжөөнтэй газар нь тэрхүү “Буур” ны баримал бүхий усан бассейн байсныг энэ өдрийн арга хэмжээнд оролцохоор ирсэн олон хүмүүс дурсан ярьж байлаа. Мөнхүү хөшөөний суурь болон төмөр зангидлага хэсэг нь 2000 оны үед хүртэл байсныг “ХАРХ” автоүйлчилгээний төвийн захирал С.Мөнхбаяр орон нутгаараа явж байхдаа олж авчиран хадгалж байгаад улмаар уран барималч Цолмонбаатартай танилцан уг “Буур”ны хөшөөг дахин бүтээхээр зорьсон аж. Улмаар Р.Чойномын нэрэмжит “ӨД” сангийн тэргүүн Д.Ганболдтой уулзан холбогдох зөвшөөрлийг авснаар их найрагчийн 80 жилийн ойн арга хэмжээний нэгэн ажил болгон сүндэрлүүлсэн байна. Тухайн үед баруун хойшоо харан баруун хөлөө өргөн зогссон “буур”ны хөшөөг хүмүүс “тэмээний” хөшөө байсан гэж ярьдаг байснаас үүдэн “Буур”ны баримал маань “Тэмээ”ний хөшөө болсон түүхтэй аж. Харин яагаад чухам “Тэмээний” хөшөө байв гэдгийг Хэлбичгийн ухааны доктор, “ӨД” сангийн тэргүүн Д.Ганболд “Р.Чойном өөрөө Цагаан тэмээт овогтой байсан болохоор нутгаа санан бүтээсэн байх гэсэн нь” хамгийн дөхөм судлагдхуунтай дүгнэлт байлаа. Тус шорон татагдан буугдаж “Монголросцветмет” нэгдлийн харъяанд шилжин шинээр уурхайн байгуулагдахад ажиллаж байсан геологч Дорлигийн хүү болон Д.Ганболд өөрөө Хажуу-Улаанд мэндэлсэн хүүхэд билээ. Юм бүхэн учиртай гэдэг энэ бус уу. Нээлтийн арга хэмжээнд Р.Чойномын эрхэм анд нөхөд болох Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, П.Бадарч, Ш.Дулмаа нар ирж дурсамжаа хуваалцан, шүлэг зохиолоо уншсанаас гадна Р.Чойномын гэргий агсан Нина, охин Хулантайгаа, МУСГЗ, дуучин “солгой” Төмөрхуяг тэргүүтэй Хэнтий нутгийн төлөөлөгчид, мөн журмын итгэлт нөхдүүд болох зураач Дэмбэрэл, яруу найрагч Р.Чулуунбазар, Л.Содномдорж, “ХАРХ” автоүйлчилгээний төвийн захирал С.Мөнхбаярын ангийн багш Ж.Уранчимэг, ангийнхан нь болох “Хажуу-Улааны хүүхдүүд”, “Залуу нас” дугуйлангийн Удирдах зөвлөлийн гишүүд зэрэг олон хүндтэй хүмүүс ирсэн байв.


Нийтэлсэн: 2016-05-10 17:21:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ