НАТАЛЬЯ ВОРОТНИКОВА:БИ ЗӨНБИЛЭГЧИЙН ХУВЬД ЭМЧЭЭС ИЛҮҮГ ХАРЖ ЧАДНА

 


Оросын “Зөнбилгийн тулаан”тэмцээний анхны ялагч Наталья Воротникова бол дэлхийн хамгийн хүчирхэг зөнбилэгчдийн нэг. Тэрбээр удам дамжсан зөнбилэгч төдийгүй чадалтай домч. Түүний удмын эмэгтэйчүүд зургаан үеийн турш далдыг харж, ангааж домнож ирсэн аж. Наталья Воротникова өөрийгөө хэзээ нас барахыг ч мэднэ. “93 настайдаа оройхон хэрд орон дотроо өнгөрнө, гадаа сайхан, нартай өдөр байх болно” гэж зөнбилэгч ярьжээ. Ингээд түүний хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг уншигчиддаа хүргэж байна.
-Ингэхэд та хүнийг яаж үздэг вэ, жишээлбэл домогт Ванга хүнийг яг киноны дүрс зураг мэт хардаг байсан гэдэг. Таны хувьд?
-Миний хувьд хүн бол нээлттэй ном, би түүний өнгөрсөн, ирээдүйг хэлж чадна. Гэхдээ энэ бол би Дээд оюунтай шууд харьцаж байгаа хэрэг биш. Би медиум биш, трансад ордоггүй, астралтай харьцдаггүй.
-Та хүнийг хэрхэн эмчилдэг талаараа тодорхой ярьж болох уу?
- Би өөрийн дотоод хараагаар бусад хүний эрхтэн бүрийг дотроос нь хардаг. Тэгээд ч би олон жил анагаахын салбарт ажилласан тул хүний биеийн анатомийг сайн мэднэ. Энэ маань их тус болдог. Бэртэл, хугаралт, тархины шигдээс, ходоод гэдэсний өвчинг сайн эмчилдэг. Хөх няц болсон газрыг, мөн цөсний ба бөөрний чулууг устгадаг. Үргүйдлийг эмчлэн, нөхөн үржихүйн үйл ажиллагааг сэргээж чадна. Түүнчлэн айдас, сэтгэл гутрал, архины донг ч эмчилж явлаа. Намайг зорьж ирсэн хүний өвчнийг эмчлэхээс гадна өөр бусад далд өвчнийг ч арилгах боломжтой. Тэгж байж л хүнийг бүрэн эдгээнэ. Эсрэг тохиолдолд өвчнийг анагаах биш “тайвшруулаад” өнгөрнө гэсэн үг. Зөнбилэгчийн хувьд хамгийн гол зүйл бол өвчтөн өөрөө эдгэрэх хүсэлтэй байх хэрэгтэй.
-Танд шууд бэлэн хариу ирдэг үү?
-Мэдээлэл голдуу бүдэг бадаг, ямар нэг дүрс, мэдрэмж хэлбэрээр ирдэг. Өөрийн харсныг зөв ойлгож, бусдад тайлбарлаж сурах нь чухал. Зөнбилэгчийг хөгжмийн зохиолчтой зүйрлүүлж болно. Ялгаа нь гэвэл хөгжмийн зохиолч нь дуу авиа, аялгуутай харьцдаг бол зөнбилэгч нь энергитэй ажилладаг. Харин хүн хэзээ үхэхийг би шууд хэлж чаддаг. Яагаад гэвэл сөрөг мэдээлэл илүү хурц, тод бөгөөд амархан уншигддаг. Гэхдээ энэ их хэцүү, хэн нэгний ирээдүйн үхлийг харах нь тийм ч таатай явдал биш.
-Яагаад?
-Ирээдүйг үзэж харах нь асар их хариуцлага. Энэ нь олон хүний хувьд даашгүй ачаа болон хувирдаг. Зөнбилэгч мэдээллийг заавал шүүн тунгааж байж ил гаргах ёстой. Би хүүхэд байхдаа далд увидсынхаа нөлөөгөөр харсан бүхнээ хэлдэг байсан. Ингэснээр хүмүүст тусалж байна гэж бодож байлаа. Нэг удаа гуравдугаар ангид сурч байхдаа би “2 хоногийн дараа газар хөдлөлт болно” гэж хэлсэн. Үнэхээр ч газар хөдөлж, түүнээс хойш манай ангийнхан, хөршүүд надаас зайлсхийж, хөндий харьцдаг болсон юм даа. Дараа нь намайг шулам, радар охин гэж шоолох болсон. Ийм байдлаар намайг хоёр гурван удаа “зодсон”-ы дараа би ирсэн мэдээллийг дотроо хадгалж сурсан.
-Зөнбилэгч гэж хэн бэ?
-Сансрын уудамд далдын хүчтэй, шидэт энерги тархсан байдаг. Бид түүн дотор амьдарч, нөлөөнд нь үргэлж өртдөг. Зөнбилэгчийн чадвар энэхүү энергийг хэрхэн тодорхойлж зохицуулан, хэрэгтэй чиглэлд ашиглаж байгаа эсэхээс хамаарна.  Хүн бүр яг аккумулятор шиг биднийг нэвт шувт сүлбэж байдаг эдгээр энергийг хуримтлуулдаг. Гэхдээ тэдгээр энергийн ихэнхийн нэрийг ч хүмүүс мэдэхгүй.
-Шинжлэх ухаан ба далд ертөнцийн хооронд холбоо бий юу?
-Өдөр тутмын амьдралын асуудалдаа дарагдсан хүмүүс тэр бүр нууц хүч, элдэв шившлэг, тарни билэгдэл тэмдэгт нэг их анхаарал хандуулдаггүй. Агийн ёс, шид тарний хүч бол сонгогдсон шилэгдмэл хүмүүсийн хийх ажил. Тэд үүнд амьдралаа зориулж, эгэл жирийн амьдралын олон зүйлээс сайн дураар татгалздаг юм. Тэгээд ч орчин үеийн шинжлэх ухааныг далд ертөнцийн мэдлэгтэй харьцуулах, ойртуулах гэж оролдох хэрэггүй. Далд ертөнц өөрийн хуультай, зарчимтай.
-Таны мэргэжил эмч гэсэн байх аа?
-Тийм ээ, би эмч. Одоо ч гэсэн хүмүүсийг эмчилж байна даа, тэдэнд ахуйн, гэр бүлийн асуудлаа шийдэхэд нь тусалдаг. Гэхдээ би зөнбилэгчийн хувьд жирийн эмчээс илүүг харж чаддаг юм л даа.
-Далдын хүч бүхнийг чадах уу?
- Аливаа дом, ёслол бол гадны, хөндлөнгийн нөлөө. Иймээс тэр таны “би”-г орлож чадахгүй. Тэгэхээр та ерөнхийдөө өөрийн хүчид найдах нь дээр. Яагаад гэвэл бид өөрсдийн сэтгэл санаагаар бий болгосон, мэдэрдэг тэр ертөнцдөө л амьдардаг. Сайн, мууг бүгдийг өөрсдийн гараар үүсгэдэг тул хариуцлагаа ч хүлээж сурах хэрэгтэй. Та бидний ухамсартайгаар эсвэл ухамсаргүйгээр хүссэн хүсэл мөрөөдлийн биелэл бол манай жинхэнэ амьдрал юм. Тэгэхээр хүмүүс бид ухамсар, далд ухамсрын түвшинд амьдардаг. Элдэв нууц, тусгай ёслол үйлдэх зэргээр зарим нь амжилтад хүрэх нь бий. Ухамсар үүнтэй эвлэрч болох ч харин далд ухамсар биднээс дотоод зохион байгуулалт, итгэл үнэмшлийг шаарддаг.
-Тэгвэл хүн өөрөө юу хийж чадах вэ?
- Хүн өөрөө өөрийгөө эмчлэхээр заяагдсан. Гэтэл хүмүүс өвдсөн үедээ айж сандарч, цөхөрсөндөө нэг бол юу ч хийдэггүй, эсвэл бүх эм тариа, арга чаргыг зэрэг хэрэглэдэг. Хэт ачаалал хэзээ ч сайн юманд хүргэж байгаагүй, ингэснээр хүн өөрөө өөрийгөө устгаж байгаа хэрэг.
-Эд юмсад сүнс бий юу. Хар дом гэж үнэхээр байдаг уу?
-Цаг, толь, хөзөр, дэвүүр, хаалга цонх зэрэг эд юмсад тайлбарлашгүй, ид шидтэй гэмээр зүйлс бий. Хүн далд ухамсраараа нөгөө ертөнцүүдэд орох хаалга эрж хайж байдаг. Дээрх эд зүйлсийг тэдгээр ертөнцөд нэвтрэх түлхүүр гэж тооцдог. Тэр бүү хэл сүлбээр зүү, зүүг ч ид шид агуулсан гэж итгэхэд бэлэн. Эртний хүмүүс аливаа эд юмс бүхэн далдын хүч агуулдаг гэж итгэж ирсэн. Тэд зүгээр л хүрээлэн буй эд юмс өөрсдийг нь хамгаалж, бас ид шидтэй байгаасай гэж хүссэн хэрэг. Үүний ачаар илүү амгалан тайван амьдардаг байсан байх. Ер нь бүх зүйл таны итгэж, байгаа эсэхээс хамаарна. Энд хоёр тал бий, далд ертөнц, бүхнийг чадагч нууц ёслолд хэтэрхий их итгэх нь сэжиглэмтгий болгож, таны мэдрэлийг муутган, сэтгэцийн өвчинд ч хүргэж болзошгүй. Нөгөө талаас эрс үгүйсгэлээ гээд тэр алга болохгүй. Өдгөө бид уламжлалаа мөрдөхийн зэрэгцээ орчин үедээ захирагдаж амьдардаг. Харин хар домын хувьд үнэхээр байдаг, маш аймшигтай хараал ч бий. Тэр тухай та мэдээгүй байсан нь дээр дээ.
-Харанхуйн хүч, хар домоос хамгаалах арга чарга байдаг уу?
-Байлгүй яахав. Хар домын аргаар бусдын амраг, хайртай нөхрийг булаах гэж сүүлийн үед их оролдох болжээ. Уг нь манай нийгэмд мөнгөний түрийвч хулгайлсан хүнийг Эрүүгийн хуулиар шүүдэг. Гэсэн хэрнээ бусдын нөхрийг хулгайлсан хүнд ял ногдуулдаггүй. Гэтэл тэр бүсгүй үнэн хэрэгтээ айлын гал голомтыг сүйрүүлж, ямар ч буруугүй хүүхдүүд, гэргийг нь зовоож шаналгаж байна. Энэ тохиолдолд толин хамгаалалт, сөрөг программыг арилгах, толгой нь эргэсэн нөхрийн ухамсрыг өөрчлөх, хар домын саармагжуулах зэрэг олон арга хэрэглэж болно.
-Янз бүрийн ёслол, арга чарга ашиглан хүнийг үнэхээр өөртөө дурлуулж болно гэж үү?
-Хүнээр хүсээгүй юмыг нь хийлгэх боломжгүй. Салаад явсан нөхрийг минь буцааж авч ирээч гэж надад ханддаг. Нөхрийг нь гэр бүлд буцаан ирүүлж, нууц амрагийг нь далдын хүч ашиглан саармагжуулж болно. Гэхдээ энд нөгөө урвасан нөхөр хүсч байгаа эсэхийг тооцон үзэх хэрэгтэй. Хэрэв тэр хүсэхгүй байгаа бол элдэв ёслол, арга чарга хэрэглээд нэмэргүй. Хайр дурлалын хувьд ч тэр адилхан.
-Тэгвэл бизнесийн хувьд?
-Бизнесийн хувьд байдал хоёрдмол. Энэ бол санхүүгийн амжилтын томъёо төдийгүй ёс суртахууны асуудал юм. Өрсөлдөгчдөө дордуулах, хорлох замаар баян, амжилттай болох нь бизнест хэвийн үзэгдэл боловч далд ертөнцөд энэ боломжгүй. Яагаад гэвэл сөрөг үйлдэл хийсэн хүн эргээд түүнийхээ үйлийн үрийг хүртэнэ. Та өөрийн шунал, хүслийг биелүүлэхийн тулд, хайр сэтгэл бизнесийн тал дээр далдын хүчийг түгшээх хэрэг байгаа эсэхийг эргэцүүл. Ингэснээр та хорвоогийн Сайн ба муугийн тэнцвэрийг алдагдуулж болзошгүй.  Ер нь хүмүүс зөнбилэгчид болон мэргэч төлөгч, зурхайчийн тусламжтайгаар амьдралаа өөрчилж, ирээдүйгээ мэдэхийг хүсдэг. Гэхдээ зөнбилэгч, далдыг харагчид хэн нэгэнд туслахдаа өөр нэгэнд хор хөнөөл хүргэж магадгүйг бодолцох хэрэгтэй байдгийг мартаж болохгүй.
-Сүүлийн үед яагаад стресс, сэтгэл гутралын өвчин эрс нэмэгдэх боллоо. Үүнийг багасгаж болох уу?
-Орчин үеийн амьдралын стресс, эсрэг тэсрэгийн ялгаа нь хорвоо ертөнцийн тэнцвэрийг ноцтой алдагдуулж байна. Хүмүүс өөрсдөө янз бүрийн цэнэгийн энергийг өөртөө хуримтлуулах нь элбэгшсэн. Эрүүл хүн бол туйлуудын хоорондох био энергийн цэнэгүүдийн бүрэн тэнцвэртэй байдлыг хадгалж, сансраас тэжээлээ авдаг. Гэтэл орчин үеийн амьдрал сансрын хуулийг зөрчихийг биднээс их шаардаж байна. Өөрөөр хэлбэл энергийн хөдөлгөөний жам ёсны явц доголдсон.
-Тэгэхээр яах ёстой вэ вэ?
-Өнөөгийн нийгэм нэг ёсондоо сансрын энергиэс хаалттай “авгалдайн үүр” болон хувирч байна. Үүний уршгаар хүмүүсийн 80%-д нь энергийн солилцоо их хэмжээгээр доголдсон. Нэг хэсэг нь энергийн донор болсон бол нөгөө хэсэг нь энергийн вампир болон хувирчээ. Өөрөөр хэлбэл нэг хэсэг нь нөгөө хүмүүсийнхээ энергийг “идэж” амьдарч байна. Үүнээс болоод л бие, сэтгэцийн олон асуудал үүсдэг. Орчин үеийн нийгэм био энергийн асуудалтай болсон гэж дүгнэж болно.
Ихэнх хүмүүс дотоод ба гадаад байдлаа ажиглан хянадаггүй, тэд өөрсдийн авир төрхөө “дэлхийн жинлүүр”-тэй тохируулдаггүй, харьцуулдаггүй.  Бид өөрсдөө био энергиэ сүйтгээд дараа нь тусламж эрэн зөнбилэгч, мэргэч төлөгч, далдыг харагчид руу гүйдэг. Мэдээж, гоц чадвартай хүмүүс тодорхой нэгэн хүний био энергийг нөхөн сэргээж чадна. Гэхдээ нийгмийн био энергийг нэг ч зөнбилэгч, домч засаж чадахгүй. Иймээс нийгэм бүхэлдээ элдэв асуудлаа ид шид ашиглалгүй шийдэж сурах хэрэгтэй.
-Хий үзэгдлийн талаар санаа бодлоо хуваалцахгүй юу?
-Би домч, амьд хүмүүсийн бие, сэтгэлийг эмчилдэг. Иймээс хий үзэгдэлтэй харьцдаггүй, тэдэнд тусалж чадахгүй. Миний хувьд хий үзэгдэл, сүнс бол хэвийн үзэгдэл. Хий үзэгдэл гарч ирж байгаа нь тэдэнд хүмүүсийн ертөнцөд ирэх шалтгаан байгаа гэсэн үг. Ер нь сүнс, хий үзэгдлийг харсан буюу тэдэнтэй ярьсан, уулзсан хүмүүст ямар нэгэн айдас, нууц, гэм буруутай мэт мэдрэмж, болоод өнгөрсөн засаж залруулшгүй явдлыг засах хүсэл байгаа гэж ойлгож болох юм.
-Хий үзэгдэл яагаад амьд хүмүүсийн ертөнцөд гарч ирдэг юм бол?
- Хүн бол энэ махан бие махбод төдий биш, бидэнд бас оюуны энерги бий. Хүн нас барахад ялангуяа гэнэтийн золгүй үхлээр эсвэл хүчирхийлэлд өртөн өөрийн бус үхлээр өнгөрөхөд түүний энэ оюуны энерги хаачдаг бол? Хий үзэгдэл нь ихэнхдээ нас барсан хүний сүнс байдаг. Нас барсны дараа хэсэгхэн хугацаанд амьддаа амжаагүйг, эсвэл хийсэн алдаагаа залруулах цаг хугацаа байдаг ч байж магадгүй. Ихэнх хий үзэгдэл нас барсан газраасаа хол явдаггүй, амьд хүмүүст хор хөнөөл учруулдаггүй, амьд хүмүүстэй холбоо тогтоох нь маш ховор. Олон зууны турш хий үзэгдлүүдийн авир төрх өөрчлөгдөөгүй, иймээс тэд материаллаг ертөнцийн ямар нэг үнндсэн хуульд захирагддаг байж магадгүй.
-Каббала, масоны нууц мэдлэг гэж ямар ашиг тустай вэ?
-Хүн төрөлхтөн үүссэн цагаас л нууц мэдлэг оршин байсан. Гэхдээ ийм мэдлэгийг үеэс үед явцуу хүрээнд нууц бүлэглэлүүдийн хүрээнд дамжуулдаг иржээ. Гэвч сүүлдээ тэдгээр нийгэмлэг зөвхөн өөрийн хүрээндээ эргэлдээр бусдаас зожгирон тасарсан. Шинэ “агаар”-гүйн улмаас гаж согогтой хөгжин, хуурамч шашин, харгис түрэмгий ёслол болон хувирсан ч бий. Зөв хөгжих боломжгүйн улмаас эдгээр бүлэглэл сүүлдээ сансар ба хүний холбоог үгүйсгэн, аажмаар нууц мэдлэг нь сохроор шашинчлан шүтэх болон хувирчээ. Жишээлбэл, каббала, масон, гностик, теософ. Уг нь эртний нууц мэдлэг хүмүүст үнэлж баршгүй нөлөө үзүүлэх байсан, олон өвчнийг анагаах, одон орны үзэгдлийн мэдлэг, гүн ухааны мэдлэг гэх зэргээр. Ингэснээр хүн төрөлхтний олон мянган жилийн туршлагыг ашиглаж сурах байсан. Далд мэдлэгийн тусламжтайгаар өөрийгөө төгөлдөржүүлэх, танин мэдэх боломжтой. Үүний дүнд дэлхий маань арай цэвэр байх байсан юм.
-Сонирхолтой илэн далангүй ярилцсан танд баярлалаа.


Нийтэлсэн: 2013-09-27 18:03:00
Видео мэдээ