Яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлгийн дээжис

 

 

Яруу найрагч Б.Болорцэрэнгийн шүлгийн дээжис 


        Монголын шинэ үеийн сэтгүүлзүй, утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмрээ оруулж буй УЗНАДС-ийн 20 жилийн ой энэ сарын 25-нд тохионо. Тус сургуулиас “Болор цом”-ын эзэн Ш.Лхамноржмаа, “Болор цом”-ын эзэн Н.Гантулга, “Цагаан-Уул” наадмын тэргүүн байрын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Ганзул зэрэг олон арван яруу найрагчид, сэтгүүлчид төрөн гарсан билээ. Ингээд тус сургуулийн төгсөгч Б.Болорцэрэнгийн шүлгийн дээжисээс хүргэж байна.

 

... Чамдаа л бол хичнээн ч хэлсэн уйдахгүй
Нэг үгийг олоод
Цааш давтаад хичнээн ч хүлээсэн дуусахгүй
Их хайрнд автаад
Өөрийгөө чам руу зөөх
Өглөгийн зам болов би
Үнэнчээр нээрэн дурлаад
Хацрынхаа туяанаас мандав би
Чамтай л бол хичнээн ч мөрөөссөн ханахгүй
Хүслийн туйлд хүрээд
Цаг хугацаанд хичнээн ч савчуулсан алдрахгүй
Зүрх сэтгэлд ороогдоод
Санахад хол гэж үгүйг
Сануулахын гэрчээр татагдав би
Салхад мартна гэдэг л худлааг
Итгүүлэхийн дээдээр мэдэгдэв би
Чамдаа л гэж ...

 


ӨӨДРӨГ МӨРТ


Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр
Үзээгүй эрчүүд эдлээгүй жаргалыг
Өөрийн болгож амжаагүй байхад
Үхэх хаа ч байсан юм
Өнөөдрөөс л амьдрал эхэлж байна
Ахиад алдахад нас залуу байна
Амжих дурлахад намба эртдэж байна
Үймүүлж болох гоё цаг ирж байна
Үүсгэж болох гоё боломж олдож байна
Өнгөрүүлсэн амьдралдаа би мөрөөдөж сурсан
Өнөөдрөөс биелнэ ямар ч эрсдэлгүйгээр
Өөрийн ирээдүйг би зохион бүтээсэн
Өнөөдрөөс туршина ямар ч хохиролгүйгээр
Хамгийн өндөрт үйлдсэн нислэг минь амжилттай болж
Харсан эрийнхээ зүрхэн дээр би шүхрээ задлана
Онож буусан газрын зөөлөн хатуу нь хамаагүй ээ
Олон дурлалд өвдөлт төдийхөн юу ч биш
Сэтгэлд минь овор алга би залуу байна
Шинэхэн дурлал сэдэхийг бодоход би ануухан байна
Янаг дэмий гэж үү би эсэргүүцэж байна
Яасан гоё гээч та нар мэдэхгүй л байна
Өр зүрхэнд минь дурлах шалтгаан нэмж
Өнөөдрийн дотор хичнээн хүү төрөө бол
Үүнийх нь тоогоор би улам залуужсаар байхад
Өргөн дэлхийд болзох газар олдохдоо л олдоно
Өөр надад юу хэрэгтэй гэж
Нас бол тоо юм
Өчнөөн жилийн хойно ч би дурлачихсан л явна
Амьдрал болоод үхэл амраг хөвгүүдийнхээ хэнд ч
Авь адилхан хайраа би түгээх л болно хүртээх л болно
Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг ХЭН БЭ ТЭР


Б.Болорцэрэн


Нийтэлсэн: 2014-10-16 14:31:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ