Зартай Ассасинчуудыг монголын Хүлэг хаан номхотгожээ

Дэлхий нийтэд олон тайлагдашгүй нууц зүйлс их байдгийн хэрээр бодит амьдралд бүхнийг өөрийн эрхшээлд оруулах гэж зүтгэсэн хүмүүсийн төсөөллөөр бий болгосон ертөнц зэрэгцэн оршиж байна. Тэр бол "нууц бүлэглэл" хэмээх нэр зүүсэн бүлэглэлийн тухай юм. Эдгээр бүлэглэлүүд эрх мэдлийг гартаа авч нийгмийг бужигнуулж, эрх мэдлийн байр сууриа өргөжүүлэх гэсэн хүсэл зоригийн нэгдэл бөгөөд өдрөөс өдөрт та бидний дунд чимээгүйхэн өргөжиж, цар хүрээгээ улам тэлсээр байдаг. Тэд дэлхийг хамарч, улстөр, эдийн засгийн ноёрхолын тогтоон  хүн төрөлхтөний түүхийг өөрсдийн дураар бүтээж буйг та бид хэдийнэ хүлээн зөвшөөрчээ. Гаднаас нь харахад хүндэтгэл төрүүлэхүйц эдгээр нийгэмлэгүүдийн далд зорилго нь та бидний хувь заяа, ухамсарыг удирдан залж чаддагт байгаа юм. Тэдний гол зэвсэг нь эрх мэдэл цаг хугацаа. Он дарааллын хувьд 2000-аад жилийн өмнөөс үүсч бий болсон этгээд бодолтнуудын талаар манай сэтгүүл цувралаар хүргэхээр боллоо. Дэлхий нийтийн айлган чичрүүлж басхүү сонин содон үйлдлээрээ соронз мэт татаж буй бүлэглэлийн тухай түүхээр хамтдаа аялцгаая. 


      Дэлхийн түүхэнд хамгийн анхны гэгддэг нууц бүлэглэл бол Ассасинүүд билээ.

Ассасинчууд буюу амиа золиослогч, мансуурагч, алан хядагчид нь МЭ-ний 1094 онд Хасан Сабах буюу уулын өвгөдийн удирдлаган дор нэгдсэн гэдэг. Тэд бол хүчтэй мансуурагчид бөгөөд 13-р зуун хүртэл 300 шахам жил лалын ертөнцийн хаад ноёд, эрх мэдэлтнүүдийг айлган сүрдүүлж, тэднийг устгаж яс маханд нь шингэтэл нь айлгагчид байсан юм.

Тэд далд тогтолцоог бүрдүүлж, лалын ертөнц даяар тагнуул туршуулаар хэлхэгдсэн пирамидыг байгуулсан гэдэг. Ассасинчүүд гэж /assasin- англиар улстөр, шашны зорилготой аллага гэсэн утгатай/-аар нэрлэжээ. Аллахын  зарлигдсан Исламын хууль эрхтэй эн тэнцэхүйц ариун хууль болох Шариатын тогтсон хуулийг өөрсдийн дураар тайлбарлаж , дарс ууж, гашиш, хар тамхийг  их хэмжээгээр татах эрх мэдэл эзэмшиж, лалын ариун дайны гэдэг нэрийдлээр бусад лалынхныг алах эрхтэй хэмээн тунхаглан зарлаж байв.

Түүх бичгүүдэд өгүүлснээр Сабах гэгч нь идэр залуусыг диваажин мэт цэцэрлэгт мансууруулан, цэнгэлийн дээдийг амтлуулсны дараа Эзэн ноёныхоо төлөө амиа өгвөл үнэнхүү жаргалыг эдэлдэг хэмээн итгүүлэн, мэргэжлийн дээд зэрэглэлийн алуурчин болгон бэлтгэдэг байв. Эдгээр идэр залуус маш сайнаар бэлтгэгдэн янз бүрийн дүрд хувирсаар эзнийхээ зааж өгсөн хэнийг ч алахад бэлэн болдог болсон төдийгүй, аллага ч амжилттай болж чаддаг байж. Уулын өвгөд нь Ассасинчууд буюу амиа золиослогчид хаад ноёдыг устгахад нь зөвхөн хутга гардуулдаг байсан нь тэдний даалгавраа гүйцэтгээд үхэх даалгавартай байсантай холбоотой.

Ассасиныг сургахдаа түүнээс" Чи хаанаас ирсэн бэ?" гэж асууна. Тэгэхэд нь "Би диваажингаас ирлээ" гэж хариулдаг. Тэгээд түүнд өгөх гол зааварчилгаа нь  "Миний нэрлэсэн хүнийг хөнөө. Буцаж ирээд чи диваажиндаа дахин жаргана. Үхлээс бүү ай. Юу ч болсон чамайг Аллахын элч диваажинд хүргэнэ" гэж хэлдэг. Мөн тэд хохирогчийн цээжинд чинжаал хэрхэн зоохыг маш сайн заалгадаг ба цэргийн маш хатуу дэг жаягт суралцсан, цагаан өмсгөл бүхий улаан малгай, гутлаараа жирийн иргэдээс ялгардаг байлаа. Сири дэх лалын шашны шийт урсгалын, хар тамхи татагчдын нууцлаг бүлэг нь маш нарийн тооцоолсон, өршөөл энэрэлгүй, хүчирхийллийг тунхаглагчид байв. Цар хүрээ нь улам хүчирхэгжсээр Египетийн халифат улсын хаанд хун тайж Низарияа аль-Талибыг өргөмжлөх оролдлогыг гар хөл бологсдоороо дамжуулан хийж хүртэл үзжээ. Энэ нь нэг талаараа түүхчдийн үздэгээр ассасинчүүдийн шинэ үе буюу Назарияа имамуудын шинэ үе хэмээн тодорхойлогддог. Назарияачууд Египетээс Сирид шилжин суурьшиж, Хасан бин Сабахын удирдлага дор баруун Персийн Аламутын хөндий дэх цайзнаас Багдадын эсрэг  хэрцгий бослого дэгдээн уулгалан довтолж, суннит талыг баримтлагч хаадыг түлхэн унагахын оролдож, аллага, зэвсэглэл, хордуулах, нууц явуулга хийх арга барилаараа алдаршжээ.

 

Тэд Иран, Ирак, Египед, Сири, Туркийн, бүр яваандаа Европийн ихэс дээдсийг айлгах болсон бөгөөд гагцхүү 13-р зуунд Монголын Хүлэгү хаан тэднийг арга сүвэгчлэн устгаж, Баруун Ази болон зүүн Европын ихэс дээдсийн сэтгэлийг амраасан гэдэг. Өдгөө орчин үед тэд ассасинчүүд нэрээ гээж лалын шашны ариун сургааль Коран судрын тэвчээр хүлцлийн номлолыг баримтлах болжээ.

"Тайлагдашгүй нууц" сэтгүүлээс


Нийтэлсэн: 2016-03-29 19:15:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ