ДАРАНГУЙЛАГЧ МУССОЛИНИ АНГАРАГ ГАРАГИЙНХНААС БОЛООД ГИТЛЕРТЭЙ ХОЛБООТОН БОЛЖЭЭ

/А.Толстойн "Аэлита" зөгнөлт роман гарсны дараа хүмүүс харь гарагаар “өвчилжээ” /

Гитлер болон III Рейхийн өндөр албан тушаалтнууд далдын хүч, ид шидэд итгэж, Шамбалын орныг хайж, харь гарагийнхантай холбоо тогтоохыг оролдож байсан талаар мэдээлэл нэлээд тархсан. Харин Италийн дарангуйлагч Бенито Муссолини ч гэсэн тэднээс яаж хоцрохов гэсэн шиг харь гарагийнханд итгэдэг байжээ. Тэр бүү хэл тэдэнтэй холбоо тогтоохыг оролдож байсан гэнэ.
Нисдэг таваг судлаачид, ер бусын үзэгдлийг сонирхогчид “Муссолини харь гарагийнхнаас болоод Германы фюрертэй холбоо байгуулсан” гэж мэдэгдэж байна.
Энэ талаар ярихын өмнөхөн нэгэн товч түүх өгүүлье. 1930 онд дарангуйлагч Муссолиний тушаалаар Италийн хааны академийг Гульельмо Маркони гэгч тэргүүлэх болжээ. Түүнийг өрнөдийнхөн радио зохион бүтээгч гэх нь бий, харин бид радиог Оросын Александр Попов бүтээсэн гэдгийг мэднэ.
Үнэндээ Маркони энэ албан тушаалд санамсаргүй томилогдоогүй. Тэр нэг удаа Муссолинитэй ярилцаж байгаад радио холбооны ачаар бусад гарагийн оршин суугчидтай холбоо тогтоож болно гэж хэлжээ. Үүнийг харин Муссолини шүүрэн авч, амьдралд хэрэгжүүлэхээр шийдсэн гэнэ.
Энэ ялдамд тухайн үеийн нөхцөл байдлыг дурдахад, 1923 онд Алексей Толстойн "Аэлита" зөгнөлт роман Орост гарсны дараа дэлхийн хүмүүс харь гарагаар “өвчлөх” болсон байна. Түүний романд дэлхийн радио станцууд гэнэт сансраас нууцлаг дохио сигнал хүлээн авч байгаа талаар өгүүлдэг. Гэтэл энэ ном гарснаас 5 жилийн дараа бөөн дуулиан дэгджээ. Сансраас нууцлаг радио ирсэн, тэр бол харь гарагийнхны илгээмж гэсэн цуурхал дэлхий дахинаа түгэх болов. Үүний зэрэгцээ 1920-иод онд Европ даяар Ангараг гарагийн талаар нэг нь нөгөөгөөсөө итгэмээргүй мэдээ мэдээлэл түгэх болсныг мартаж болохгүй. Буурь суурьтай том эрдэмтэд хүртэл Ангараг гараг дээр амьдрал бий, тэр бүү хэл оюун ухаант амьдрал байгаа гэж үзэж байсан үе шүү дээ.
Одоо Муссолиний тухай яриандаа эргэж оръё. Италийн тэргүүн “Харь гарагийн оюун санаа нэгт ахан дүүс маань дэвшилтэт өндөр технологио яагаад бидэнтэй хуваалцаж болохгүй гэж, тиймээс үүнд бэлэн байх хэрэгтэй” гэж айлджээ. Ингээд дарангуйлагч Муссолини “Харь гарагтай холбоо тогтоох ажиллагааг аль болох яаралтай эхэл” гэж эрдэмтдэд тушаасан байна.
Хэдэн жил өнгөрлөө, гэтэл Италийн тэнгэрт гэнэт үл мэдэгдэх объект гарч ирж бөөн шуугиан дэгдээжээ. Ихэнх хүмүүс түүнийг Ангараг гарагийн нисдэг аппарат гэж үзэж байв. Сонирхолтой нь, энэ нисдэг тавгийн зураг одоо ч архивт хадгалагдаж байдаг аж. Харин Муссолини үүнийг шууд өөрийн тушаал шийдвэртэй холбон хүлээж авчээ. “Эрдэмтэд болон Гульельмо Маркони харь гарагийнхантай холбоо тогтоож чадан, тэднийг дуудсан байна. Харийнхан одоо дэлхийн хүмүүстэй уулзахаар иржээ” гэж Муссолини итгэсэн гэдэг. Энэ талаарх Муссолиний тушаал ч архивт хадгалагдаж байна.
“Ангараг гарагаас ирсэн харийнхан хэрэв Италийн нутаг дэвсгэрт газардвал тэдэнд бүх талаар туслахыг цэргийнхэндээ тушаасугай” гэж Муссолини гарын үсгээ зуржээ.
1933 оны архивын бичиг баримтуудаас үзэхэд Италийн хойд нутагт харь гарагийн нисдэг аппарат газардсан нь үнэн бололтой. Хэрэв нисдэг таваг судлаачид үнэн хэлсэн бол Муссолини чухам энэ үед хүнтэй төстэй харь гарагийнхантай уулзсан байж таарах нь. Тэгээд тэд Германтай нэгдэхийг Муссолинд санал болгосон юм байх. Сануулахад, яг энэ үед Германд Гитлер засгийн эрхэнд гарсан байв. Түүнчлэн, харь гарагийнхны тухай хачирхалтай онол дэвшүүлэгчид “Нэг бол Гитлер өөрөө харь гарагийн хүн, эсвэл харь гарагийнхны тусламжийг авсан” гэж хүртэл мэдэгдэж байжээ.
Түүх судлаачид “Алсын хараагүй, бүтэл муутай зураач Гитлер яаж сая сая хүмүүсийн толгойг эргүүлж, өөрийн араас дагуулж чадсан юм бол?” гэж одоо ч гайхсаар байдаг. Гитлерийн ярихыг хүмүүс ховсдуулсан мэт сонсч, түүнийг тахин шүтэж байсан нь одоо эргээд санахад ид шид мэт. Иймээс фюрерийг амиа хорлоогүй Антарктидад нуугдсан гэсэн цуурхал тарав.
Энэ бүхэнд та итгэхгүй байж болох ч нацист эрдэмтэд маш нууц, ер бусын төсөл дээр ажиллаж байсныг түүхэн баримтууд баталдаг. Фюрер шидэт зэвсгийн тусламжтайгаар дэлхий байтугай орчлон хорвоог байлдан дагуулахаар зэхэж байжээ. III Рейхийн инженерүүд мөн нисдэг таваг шиг аппарат бүтээж байсан гэж зарим судлаач баталдаг. Яг л Холливудын кинонд гардаг шиг үлгэрийг тэд ярьдаг. Нацистууд дайн дуусах гэж байхад Бетельгейзе од руу нисч очсон гэнэ. Тэд дэлхийтэй холбоо тасарсан тул III Рейх мөхсөнийг мэдээгүй аж. Хөгжингүй технологитой ч соёлоор хоцорсон харь гарагийнхантай холбоо тогтоосон нацистууд өөрсдөө сансрын фюрер болсон гэнэ.
Ийм үлгэрт хэн итгэх билээ? Гэвч энд нэг “но” бий. Хэдэн жилийн өмнө Америкийн хэвлэлүүдээр хачирхалтай мэдээ шуугиан тарьсан. 90-ээд оны эхээр Атлантын далайд нацистын гурван сансрын нисгэгч буужээ. Тэд өөрсдийгөө Гитлерийн тушаалаар 1943 онд Пенемюндийн полигоноос сансар руу хөөрсөн гэжээ. Хачирхалтай нь 50 жилийн дотор тэдний хэн нь ч хөгшрөөгүй байв. Харин НАСА болон бусад албан байгууллага энэ талаар ямар нэг тайлбар өгөхөөс эрс татгалзжээ. Сонирхолтой л баримт.

"Тайлагдашгүй нууц" сэтгүүлээс


Нийтэлсэн: 2016-05-10 20:07:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ