Ж.Ариунзаяа: Спиннингээр 45 минут хичээллэхэд 10 км гүйсэнтэй тэнцэх хэмжээний калори шатаадаг



“Goo spinning”-ийн захирал Ж.Ариунзаяатай ярилцлаа.


-Спиннигээр хичээллэхийн давуу тал нь юу вэ. Насны хязгаар бий юу?

-Спиннинг нь аэро буюу анаэро дасгалыг хослуулж явдаг. Нэг ёсондоо кардио дасгалын төрөлд ордог. Гэхдээ хүндрүүлэгчтэй, гантелтай дасгал хийгддэг учраас бүх биед жигд ачаалал өгдөг болохоор хавсарсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, 45 минут дугуй жийхэд дунджаар 10 км гүйсэнтэй тэнцэх хэмжээний маш өндөр калори шатааж, үр дүн үзүүлдэг спортын төрөл юм. Спиннингээр хичээллэхэд 12 наснаас дээш насны хязгаар байхгүй. Харин 12-оос доош насанд хориглодог. Өндөр настай, 60-аас дээш насны хүмүүс ачааллаа тохируулж хичээллэх боломжтой.

-45 минут дугуй жийх хугацаа тогтоосон стандарт юм уу. Ер нь хүн өдөрт 45 минутаар хэдэн ч удаа спиннингээр хичээллэж болох уу?


-Тогтоосон хугацаа бас биш л дээ. Тухайн хүний биеийн онцлог, ачаалал авч байгаа чадамжаас нь шалтгаалаад өөр өөр байж болно. Ер нь бол манайд тогтсон цагийн хуваарийн дагуу л 60 минут хичээллэж байгаа юм. Түүнээс биш 45 минут хичээллэхэд хангалттай калори шатаадаг. Өөрөөр хэлбэл, 45 минут дугуйн дээр үлдсэн 15 минутыг нэмэлт дасгал байдаг.


-Хэт таргалалттай, целлюлит үүсээд удсан хүмүүс амархан турж чаддаггүй. Тийм хүмүүс спиннингээр хичээллэвэл үр дүнтэй юу?


-Ер нь өндөр үр дүн үзүүлдэг. Целлюлит гэдэг нь нэг ёсондоо өвчин. Тэгэхээр целлюлит үүсээд удсан хүмүүст эхний гурван сарын хугацаанд өөх задрах үйл явц явагддаг. Тийм хүмүүсийг биед нь ачааллыг нь дасгаад өдөр бүр эрчимжүүлсэн дасгалаар хичээллүүлэх хэрэгтэй байдаг. Мөн хоолны дэглэм, калорийн зарцуулалтыг гаргаж өгөх ёстой. Тэгэх юм бол үр дүн үзүүлэхгүй байна гэж байхгүй.  Мөн манайх дасгалын дундуур лекц хичээлүүд заадаг. Тухайлбал, таргалалт гэж юу болох, зөв хооллолт гэж юу юм, хөдөлгөөн гэж юу вэ, давсны болон усны хэрэглээ гэх зэргээр хичээл дундуур лекц өгөөд явчихдаг. Хичээл эхлэхээс өмнө жингийн хяналт хийхдээ хоолны дэглэм тарааж өгдөг.

-Анх хичээллэхэд хөл их булардаг. Тэр үед нь хүмүүс шантраад больчихдог тал анзаарагддаг?

-Спиннинг их тэсвэр шаарддаг спортын төрөлд ордог. Дээр нь тасалгаанд босоо жийдэг учраас маш их ачаалал авдаг. Ийм үед хүмүүс дасгалаа хийхээ больчихвол булраа нь арилчихна гэж боддог. Уг нь тэр тусмаа илүү хичээллэх ёстой. Тэвчээртэй дасгалаа хийгээд байвал булраа арилаад дараа нь амархан булрахаа больчихдог. Анхлан суралцагчдын анги гэж хичээллэх боломжгүй байдаг. Хуучин хичээллэж байгаа хүмүүс дээр нэмэгдэж ирэх тохиолдол байдаг. Манайх цөөхөн дугуйтай учраас бусад газраас илүүтэй хүмүүстэйгээ тулж ажиллах боломжтой. Хэн анхлан суралцагч вэ, хэн өмнө нь явж байсан бэ гэх зэргээр бүх судалгааг авсны дараа аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөөд эхний 2-3 цагийн хичээлд шахалт үзүүлдэггүй. Биеийг нь дасгах зорилгоор амьсгалалын тоо олшрох, зүрхний цохилт нэмэгдэх үед ийм арга хэмжээ авна гээд багш нь тулж ажиллаад, хянаад явчихдаг. 3-4 оролтын дараа бол тэр хүн аяндаа зүгширдэг.


Анх ирж байгаа хүмүүс ихэнхдээ “Долоо хоногт хэдэн кг хасах вэ, сар явахад яах вэ” гэж их асуудаг. Үр дүн мэдээж хувь хүнээс маш их шалтгаална. Тэр хүн хичээлээсээ хоцроод байвал мэдээж дутуу л дасгал болно. Дээр нь хоолны илчлэгийн зөрүү гаргахгүй бол бас болохгүй. Стресстээд, нойр дутуу яваад байвал жин хасалт удаан явагдана.  Учир нь таргалалт олон шалтгаанаас болж үүсдэг. Тийм учраас би “Жин хасахдаа гол нь биш амьдралын зөв хэвшлийг өөртөө тогтоо. Шантрахгүйгээр энэ спортоор хичээллэ. Ямар ч тохиолдолд шантрахгүй байснаар хүссэн үр дүндээ л хүрнэ” гэж хэлдэг.

-Энэ спортоор хичээллэхэд шилбэ, гуянд л ачаалал өгдөг гэсэн ойлголт байдаг?


-Энэ бол буруу ойлголт. Хүмүүс булчин их хөгждөг, гуя шилбээр турдаг гэдэг. Гэтэл спиннингээр хичээллэхэд бүх биед жигд ачаалал өгдөг. Хэвлийгээр таргалалттай үед хийгдэх, өгзөгний дасгал, булчин хөгжүүлэх гээд дасгалууд байдаг. Түүнийг цогцоор нь багтааж хичээллүүлдэг. Тиймээс дан ганц гуя, шилбэнд ачаалал өгдөг гэж өрөөсгөл ойлгож болохгүй.

-Танайх үйл ажиллагаагаа эхлүүлээд хэр удаж байна вэ. Багш нарын хувьд ямар хүмүүс байх уу?

-Үйл ажиллагаагаа эхлүүлээд найман сар болж байна. Манайх гурван багштай. Нэг багш маань фитнесийн дасгалжуулагч, спиннинг төрөл дээр фит тал руугаа аваад явчихна. Нөгөөх нь СУИС төгссөн бүжигчин хүн байдаг. Энэ багш маань аэробик, бүжгийн төрлөөр, би бол фитээ ч бүжгээ ч хослуулдаг.


-Энэ төрлийн үйлчилгээ явуулдаг бусад газраас ялгарах хамгийн том давуу тал нь юу вэ?


-Нэгдүгээрт, бид үйлчлүүлэгч нараа жингийн араас хөөцөлдөх бус харин амьдралын зөв хэвшлийг өөртөө бий болгох талаарх хичээлүүдийг заадаг. Зөвхөн жингээ хасах, гоё болох гэхээсээ илүүтэй зөв амьдралын хэвшилтэй болоод, эрүүл зөв хооллолтын талаарх ойлголтыг авчихвал тэр хүн гоо сайхан болон эрүүл мэндийн асуудлаа давхар шийдчихэж чадна. Хоёрдугаарт, манай зөвлөх багш дугуйн спортын мастер, би өөрөө дугуйн спортын тамирчин учраас мэргэжлийн хувьд энэ спорт ямар давуу талтай, хүмүүст ямар нөлөө үзүүлдэг вэ гэдгийг илүү ойр тайлбарлаж өгдөг. Дугуйн спортын тамирчид гэдэг утгаараа бид спиннингүүдээс анх удаа дугуйн уралдаанд оролцсон. Тодруулбал, "Чингис хаан 2017" Азийн дугуйн анхдугаар наадамд баг бүрдүүлж оролцсон. Энэ наадамд Солонгос, Монгол, ОХУ-ын 47 багийн 251 дугуйчин оролцсон юм.


-Хичээлийнхээ цагийн хуваарийг тодруулбал?


-Өглөөний дасгал 06 цагаас эхэлдэг. Мөн 7,8 цагаас ч бас хичээл ордог. Ажилтай хүмүүс ажилдаа явахаасаа өмнө дасгал хийх цаг гаргаж өгөхийг зорьж байгаа юм. Өдөр 10 цагт хичээллэнэ. Оройны анги 18, 19 цагт бий. Манайх харьцангуй тохилог орчинтой, үйлчилгээний хувьд сайн ч гэсэн үнийн хувьд бусадтай бараг ижилхэн. Хямдрал, урамшууллуудыг маш сайн өгдөг. Дээр нь “Гоодаль” салонтай хамтарч ажилладаг учраас тэднийд хямдралтай үйлчлүүлэх эрх олгодог. Үндсэндээ залуус, бүсгүйчүүдийнхээ гоо сайхны асуудлыг цогцоор нь шийдэхээр хичээж байна.


-Ярилцсанд баярлалаа.


"Goo spinning" Хаяг: ЮНЕСКО-гийн гудамж Континэнтал зочид буудлын зүүн талд Рэжинси резидэнсийн 2 давхарт (13 зам дагуу Пицца хат-ын ард)

Утас: 91910525


Илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.


Нийтэлсэн: 2017-10-23 15:19:00
Видео мэдээ