Хамгийн сүүлд дасгалжуулагч болон нэг хүүхдийг гаргасан байна

Тайландын Тхам Луанг агуйд гацсан хөл бөмбөгийн багийн 12 хүүхдийг дасгалжуулагчтай нь хамт амжилттай аварч гаргажээ.

Хамгийн сүүлд дасгалжуулагч болон нэг хүүхдийг гаргасан байна. Хүүхдүүд 11-16 настай, дасгалжуулагч 25 настай аж.

Аврах ажиллагаа долоодугаар сарын 8-ны өдөр эхэлсэн бөгөөд нийт 4 км зам туулан гаргажээ. Аврагчид цаг агаарын байдал муудахаас өмнө тун яаралтай тэднийг гаргах эсвэл борооны улирал дуусахыг хүлээх гэсэн хоёр сонголтын өмнө ирээд байсан юм.

Хүүхдүүдэд харанхуйд усанд сэлж, тун хүнд газрыг даван туулах шаардлага гарч байсан аж. Эсвэл агуйд хэдэн сарыг өнгөрөөх хэрэгтэй болоод байлаа. Эрх баригчид агуйг бүр мөсөн үерт автахаас өмнө аврах ажиллагааг эхлүүлэхээр шийджээ.

Хөвгүүд зургаадугаар сарын 23-наас хойш 10 гаруй хоног Тхам Луанг агуйд хоргодож байхад Их Британийн шумбагч Жон Волантен, Рик Стэнтон нар олсон. Волантен камертай явж байсан бөгөөд тэдний бичлэгийг хийжээ. 

Одоогоор тэдний гурвыг нь эмнэлэгт хүргээд байна. Эхний найман хүүг аварсны дараа тэдэнд эмчийн үзлэг хийхэд бие сэтгэл зүйн хувьд хүндэрсэн зүйл байгаагүй гэнэ. Тэднийг хуурай газарт гаргасны дараа шаардлагатай бүхий л шинжилгээнд хамруулсан байна.

Хоёр хүүд уушгины халдварын эсрэг эмчилгээ хийж эхэлжээ. Тэднийг доод тал нь нэг долоо хоног эмнэлэгт хэвтүүлэх гэнэ.

Аврах ажиллагаанд Тайландын тэнгисийн цэргийнхэн болон Англи, Хятад, Мьянмар, Лаос, Австрали, Америк, Япон орнуудын  шумбагч, мэргэжилтнүүд оролцжээ.Эмч нар хүүхдүүдэд эхний ээлжинд хурдан шингэдэг хоол идүүлж байна.

Тэд ойр дотныхонтойгоо шилний цаанаас харилцах боломжтой аж. Учир нь тэдэнд ямар нэг халдварт өвчин байгаа эсэхийг бүрэн тогтоож дуусаагүй юм байна. Шинжилгээний хариу бүрэн гарч, халдваргүй болохыг тогтоосны дараа тэдэнд гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг зөвшөөрөх аж.

Түүнчлэн хүүхдүүд харанхуйд хоёр долоо хоногийг өнгөрөөсөн тул нарны гэрэлд нарны шил зүүж явах ёстой болжээ.Хүүхдүүдийг агуйгаас нэг нэгээр нь гаргасан билээ. Учир нь агуйгаас гарах зарим зам нь маш нарийхан байснаас гадна нэг хүүхэд нь цочирдвол бусдыгаа цочроох магадлалтай тул ийнхүү нэг нэгээр нь аварсан байна.

Нэг хүүхдийг гаргахад хоёр мэргэжлийн шумбагч дагалдан, замыг зааварчилж 4 км замыг туулах маягаар аврах ажиллагааг гүйцэтгэсэн юм.

Хэдийгээр одоо бүгд баяр хөөртэй байгаа ч аврах ажиллагаанд оролцож байгаад хүчилтөрөгчийн дутагдалд орж, амиа алдсан Тайландын шумбагч Саман Гунаныг дурсаж байна.

Тэрбээр хөвгүүд болон дасгалжуулагчид хүчилтөрөгчийн баллоноо өгч, өөрөө буцах замдаа ухаан алдсан юм. Хамт явсан шумбагч Гунаныг татан гаргасан ч амийг нь аварч чадаагүй билээ.


Нийтэлсэн: 2018-07-12 13:24:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ