ҮС ЗАСАЛТЫН 2016 ОНЫ ЗУРХАЙ

Бидний өвөг дээдэс үс хүний амьдралын хүч чадал, энергийг хадгалдаг гэж үздэг байсан.Тиймээс үс засахад анхааралтай хандаж, олон хүчин зүйлийг авч үздэг байсан бөгөөд тэдний дотроос сарны мөчлөгт онцгой ач холбогдол өгдөг байв. Эрт үеэс үсэнд нямбай хандаж, нарийн арчилж, омог бардам байдлын бэлэг тэмдэг хэмээн үзэж, тайрсан үсийг хэзээ ч бусад хогтой хамт хаядаггүй. Өөрөөр хэлбэл үсээ тайрах нь амьдралаа үндсээр нь өөрчлөх утгыг илэрхийлдэг аж. Иймээс л эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ үсийг хөндөхдөө хариуцлагатай ханддаг байсан.

Үс засах сарны хуанли нь нэгдүгээрт: сарны тооллолын өдөр ба мөчлөг, хоёрдугаарт: сарны оршиж буй ордны тэмдэг, гуравдугаарт: үс засахаар төлөвлөж буй долоо хоногийн өдөр зэргийг шинжилсний үндсэн дээр гаргасан зурхайн нарийн ухаан юм. Тийм ч болохоор хамгийн түрүүнд үсчинд очиход таатай өдөр мөн эсэхийг тодруулдаг. Мөн долоо хоногийн ямар өдөр тохирохыг олох хэрэгтэй. Учир нь өдөр бүр нь энергийн цэнэгийн онцгой байдлыг хадгалж байдаг учраас бүх бие организмд нөлөөлдөгтэй холбоотой.

Даваа гариг

Гуниг гутралаасаа салах, сэтгэл санааны дарамтаас хагацах, сэтгэл хөдлөл таруу байгаа хүмүүс үсээ засуулахад таатай. Тэд сөрөг сэтгэл хөдлөл, санаа зовиносон байдал, хүнд дарамт, шийдэж чадахгүй байгаа асуудлаа тайруулсан үснийхээ хамт орхино.

Мягмар гариг

Мягмар гаригт үсээ засуулбал таны аураг шинэчилж, үсний угийг мэдэгдэхүйц сайжруулна. Мөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж дархлааг сайжруулна.

Лхагва гариг

Лхагва гаригт урт үсээ янзлуулбал 2016 оны турш мэдрэлийн тогтолцоог сайжруулах болон сэтгэл санааны тогтвортой байдлыг хангахад идэвхитэйгээр нөлөөлнө. Ой тогтоолтыг сайжруулна. Мөн энэ өдөр үсчинд зочилбол хөдөлмөрлөх чадварыг дээшлүүлж, таны амьдралд ажлын шинэ хамтрагчийг бий болгоно.

Пүрэв гариг

Хамгийн сайн өдрийн нэг. Түүнийг цэвэрлэгч, шинэчлэгч өдөр хэмээн зүгээр ч нэрлээгүй. Энэ өдөр үсээ засуулбал амжилтгүй явдлыг зайлуулж, муу хүмүүсийг болон тэдэнтэй холбоотой таагүй дурсамжийг амьдралаасаа үгүй хийх болно. Таны үс онцгой хүч, энерги, гоо сайхнаар тэтгэгдэнэ. Мөн амжилтын үзүүрээс атгах хүсэлтэй хүмүүс пүрэв гаригт үсээ засуулбал хувь заяа тань тань руу нүүрээ харуулах болно.

Баасан гариг

Баасан гаригт хийсэн үс засалт нь таны сэтгэл татам байдал, бусдыг гайхуулах чадал зэргийг тодосгож, сонирхолтой хүнтэй танилцуулж, хувийн амьдралыг тань аз жаргал руу эргүүлнэ.

Бямба гариг

Энэ өдөр үсээ засуулбал үсний бүтцэд сайнаар нөлөөлж үс хугарах  багасч, унах нь цөөрнө. Мөн үсний маскийг болон бусад үйлчилгээг сайнаар хүлээн авна.

Ням гариг

Ням гаригт үсээ засуулахыг хориглодог. Ням гаригт үсчинд очвол аз жаргал, гэр бүлийн болон санхүүгийн сайн сайхан бүхнээ үснийхээ хамт  хярган үлдээх болно.

Сарны аль мөчлөгт үсээ засуулбал тохиромжтой вэ?

Дэлхийн дагуул сар нь Үхэр, Охин, Матрын ордонд орших үед үсээ засуулбал үс хурдан ургаж, илүү арчилгаатай харагдаж, хүчирхэг болж, хугаралт, салаалалт нь багасна.

Сар арслангийн ордонд орших үед үсээ засуулбал эрүүл, өтгөн, сэвсгэр үстэй болно. 2016 онд таны амьдрал бүрэн өөрчлөгдөж, бүх юм сайн байвал үсчинд очихгүй бай. Хэрвээ муу мэдээнүүд ээлжлэн ар араасаа цувраад байвал наймдугаар сарын дундуур үсчинд оч.

Хөвсгөр сайхан засалттай үстэй болоход сайн өдрүүд нь сар Ихрийн ба жинлүүрийн ордонд байрлах үе. Энэ үед содон сайхан үс засалт, каре засалтыг хийлгээрэй.

Сар мэлхий болон загасны ордонд байрлах үед үсэндээ тэжээлийн маск тавьж, бэхжүүлэхэд сайн боловч, ургалт нь удааширна. Үсээ ургуулахыг хүсэгчид үзүүрийг нь тэгшлэх хэрэггүй.

Сар хилэнцийн болон нумын ордонд байрлах үед үсэнд ямар нэгэн хор нөлөөгүй үйлчилгээ хийлгэхэд таатай. Энэ өдрүүдэд үсээ засуулахад ямар нэгэн сөрөг үр дагавар байхгүй байна.

Сар хонины болон хумхын ордонд байрлах үеэр үсэндээ ямар нэгэн арга хэмжээ авах хэрэггүй. Тэр дундаа их идэвхитэй болон хүсэл тэмүүлэлтэй гал бичин жилд дээрхи нөхцлийн үед үс засах нь амжилтгүй, үс хугарамтгай болж, унаж эхэлнэ.

Сарны тооллоор үс засахад тохирох өдрүүд

Бидний эмээ, ээж нар сар дүүрч байхад үсээ тайрах, маск тавих эсвэл будахад сайн хэмээн итгэдэг байсан. Харин буцах үед үсээ авхуулбал үр дүн нь удаан байна гэж ярьдаг байлаа. Иймээс та үс засалтаа байнга өөрчлөх шаардлагатай бол сар дүүрч байх өдрүүдэд үсчинг зориорой.

Хэрвээ үсний засалтаа удаан хадгалахыг хүсвэл сар буцах үед үсээ засуулах нь үр дүнтэй. Сарны мөчлөгийн арван тавнаас гучны хооронд манай дэлхийн дагуулын идэвхи сулардаг учраас үсний ургалт удааширч өнгө ч удаан сэргэдэг.Энэ өдрүүдэд богино үсийг засуулахад тохиромжтой. Шинэ сар гарах үед үсээ засуулахыг өвөг дээдэс маань таашаадаггүй байсан нь амьдрал урт удаан үргэлжилэхэд сөргөөр нөлөөлнө гэж үздэг байсантай холбоотой аж.

2016 онд үс засуулах өдрүүд

Шинэ сарны эхний өдөр үсээ засуулах хэрэггүй. Хяргуулсан үс таны эрүүл мэндийг авч одон амьдралын замыг тань богиносгож мэднэ.

Шинэ сарын хоёр дахь өдөр үсээ засуулбал ажлын хамт олонтойгоо харьцах харьцаанд муугаар нөлөөлж дарга удирдлагуудтайгаа хэрэлдэх, албан тушаал ахихад саад болно.

Шинэ сарны гурав дахь өдөр танд хуримтлагдсан муу энергийг үснийхээ хамт хярган хаяахад тааламжтай өдөр.

Шинэ сарны дөрөв дэхь өдөр үсээ засуулах нь энергийн вампируудаас салахад тааламжтай.

Шинэ сарны тав дах өдөр үсээ засуулбал амьдралын энерги, бие махбодийн байдлыг дээшлүүлж, өөдрөг сэтгэлийг бэлэглэн өөрийн хүчинд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Шинэ сарны зургаа дах өдөр үсээ засуулахыг төлөвлөх хэрэггүй. Учир нь бие махбодийг хамгаалах хүч суларч архаг өвчин сэдэрч болзошгүй.

Долоо дахь өдрийг алгассан нь дээр. Учир нь энэ өдөр үсээ засуулбал  гэр бүлийн дотор зөрчилдөөн үүсч, хүүхэд тань дуулгаваргүй болж, хамаатан садангийн дунд хэрүүл маргаан үүсгэнэ.

Харин найм дахь өдөр үсээ засуулбал бие махбодийн амьдралын хүч нэмэгдэж, эрүүл мэнд сайжирч, биеийн жин тогтворжино.

Сарны мөчлөгийн 9,10,12,15,16,18,24,29-ны өдрүүдэд ямар нэгэн санамсаргүй тохиолдох өвчин болон бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлж үсэндээ үйлчилгээ хийлгэхээс татгалзаарай.

Сарны мөчлөгийн арван нэг дэх өдөр эргэн тойрныхоныгоо илүү сайнаар ойлгохыг хүсэгчид, өөрийн зургаа дахь мэдэрхүйг хүчирхэгжүүлж урьдчилан тааварлах чадвараа нэмэгдүүлэхийг хүсэгчид үсээ засуулбал тохиромжтой.

Арван гурав дахь өдөр үсээ засуулах нь маш амжилттайд тооцогдоно.Учир нь энэ өдөр үс засуулах нь хувийн аз жаргалаа олоход туслах бөгөөд 2016 онд хувийн амьдралаа зохиож гэр бүлийн харьцаагаа сайжруулна.

Арван дөрөв дэхь өдөр үсээ засуулбал мөнгө санхүүд таатайгаар нөлөөлж, цалин тань нэмэгдэж санаандгүй шагнал ирнэ.

Арван долоонд үсээ засуулбал санхүүгийн байдалд болон хол явахад амжилт ивээнэ.

Арван есөн нь үс засуулахад хамгийн сайн өдөр. Үсэндээ хийлгэсэн ямар ч үйлчилгээ эрүүл мэндэд тань сайнаар нөлөөлж илүүдэл жингээ хасахад тусална.

Хоринд үсээ засуулах нь сайн муу ямар ч үр дүнг үзүүлэхгүй, амжилт ч авч ирэхгүй.

Хорин нэгэнд үсээ засуулбал гадаад үзэмжийг нэмэгдүүлж, үзэсгэлэнтэй болгож, эрүүл мэндийг сайжруулна.

Хорин хоёронд үсээ засуулах буюу үсэндээ үйлчилгээ хийлгэвэл  материаллаг байдалд нөлөөлж санхүүгийн ажилд амжилт гарна.

Хэрвээ та сэтгэл санаагаа дээшлүүлэх, сэтгэл гутралаас салж аз жаргалыг өөртөө татахыг хүсвэл сарны хуанлийн хорин гурванд үсчинг зориорой.

Сарны хуанлийн хорин таванд үсээ засуулбал нүдний хараанд хүндрэл учрах тул үсчинд очих хэрэггүй.

Хорин зургаанд үсээ засуулбал амьдралаа аз жаргалтай болгож харин үс тань шулуун сэвсгэр болно.

Үсэндээ ямар нэгэн үйлчилгээ үзүүлсэнээр таны гадаад үзэмжинд сайнаар нөлөөлөөд зогсохгүй сэтгэл гутралаас салж шаналалаа мартах өдөр бол хорин долоон.

Сарны хуанлийн хорин найманд үсээ засуулбал таны бусдыг татах чадвар дээшилж ажил дээр гарсан гомдлыг амжилттай шийдвэрлэж ажлын талбарт нөлөө бүхий хүмүүстэй танилцана.

Сарны хуанлийн гуч дахь өдрийг үсчингийн ямар нэгэн үйлчилгээгүйгээр өнгөрөөх нь дээр. Учир нь энэ өдөр үсээ засуулбал хувийн амьдралд тань азгүйтэл учирна.

Одоо дээр бичигдсэн зүйлсээ дүгнэн үзье. Манай хуанлид хэд хэдэн сансрын төлөв бичигдсэн байгаа. Хамгийн чухал нь сарны өдөр болон түүний ордны тойрогт байрлах байрлал юм. Хэрэв энэ хоёр хүчин зүйл хоёулаа эерэг байвал үсчинд очихоо хойшлуулах хэрэггүй. Хэрвээ нэг нь тааруу байвал бодох хэрэгтэй. Боломжтой бол сайн өдрийг хүлээсэн нь дээр. Хэрвээ хоёр төлөв байдал нь хоёулаа муу байвал эрсдэлээс болгоомжилж үсэндээ ямар нэгэн үйлчилгээ хийлгэхгүй байж, үс засуулах өдрөө өөрчил.


Нийтэлсэн: 2016-03-25 19:01:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ