2015 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүд хэн бэ?

 

2015 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий

эмэгтэйчүүд хэн бэ?

 


Мэдээний зураг,

 

Forbes сэтгүүл манай гаригийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтыг танилцууллаа. Энэхүү жагсаалтад улс төрч, шоу бизнесийн одод зэрэг салбар салбарын эмэгтэйчүүдийг нэрлэхэд Германы канцлер, 59 настай Ангела Меркель жагсаалтыг тэргүүлжээ. Тэрээр уг жагсаалтыг 10 дахь удаагаа манлайлж байгаа нь энэ. Хоёругаар байрт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон орсон бол тус жагсаалтын гуравдугаарт Дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтсийн гэргий, Меланда Гейтс бичигджээ. 

АНУ-ын холбооны нөөцийн газрын дарга Джанет Йеллен дөрөвдүгээрт жагссан бол, айргийн тавд “General Motors”-ын ерөнхий захирал Мэри Барра, Олон улсын валютын сангийн Удирдах зөвлөлийн дарга Кристин Лагард, Бразилын ерөнхийлөгч Дилма Руссефф, “Facebook”-ийн Үйл ажиллагааны захирал Шерил Сэндберг, YouTube-ийн ерөнхий захирал Сьюзен Войчитски болон АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама нар бичигдсэн байна. 

2004 оноос хойш жил бүр гаргаж байгаа энэ жагсаалтын 71 дүгээр байрт ОХУ-ын банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина оржээ. 

"Forbes" сэтгүүлийн 2015 оны дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн

 ТОП-5 гэрэл зургийг толилуулж байна

Германы канцлер Ангела Меркель

Түүнийг М.Тетчирээс хойшхи дэлхийн хамгийн хүчтэй удирдагч нарын нэг гэж үнэлдэг. Германы “төмөр хатагтай” гэх нь ч бий. Энэ үнэлэмж хатагтай Ангела Меркелийг хэн болохыг хэлээд өгнө. Тийм ч учраас Forbes сэтгүүл түүнийг сүүлийн 10 жилийн дэлхийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулаад байгаа юм.

Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйн орлого, амьдралын хэв маягийг сонирхоё

Түүний мэдэлд албаны өвч хуягласан Audi A8 машин байдаг бөгөөд энэ машин нь Ангела Меркелийг сум төдийгүй тэсрэх бөмбөгний үйлчлэлээс хамгаалах чадвартай. Мөн ямар ч дайралтаас гарч чадах хэмжээний хүчин чадалтай. Бусад улс орон руу албан ёсны айлчлал хийхдээ тэрээр Германы бусад төрийн өндөр тушаалтнуудын адил “Аirbus А340”-ийг ашигладаг. Харин ойр зуур нисэхээр бол “Global 5000” онгоц түүний мэдэлд байдаг. Германы канцлер байсан Герхард Шредерээс ондоо нь тэрээр төрийн ордны мэдэлд харъяалагддаг албаны байранд амьдрахаас татгалзсан юм. Тэрээр нөхөр Йоахим Зауэрийн хамтаар Берлин хотын төв дэх 10117 Berlin, Am Kupfergraben, 6. гэсэн хаяг дээрх өөрийн байрандаа амьдардаг байна. 

Канцлерийн хувьд тэрбээр жилд ойролцоогоор 190 мянган еврогийн цалин авдаг бол 2012 онд сүүлийн 12 жилийн хугацаанд анх удаа цалингийн хөлсийг нь нэмжээ. Меркель чөлөөт цаг заваараа цэвэр агаарт, ууланд аялах дуртай бөгөөд гарсан зардлаа өөрөө төлдөг байна. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон

Хиллари Клинтон бол өөрийн хичээл зүтгэлээрээ Цагаан ордны эзэн болох дөхсөн эмэгтэй. Түүнийг улс төрд  “шуугиан таригч” хэмээдэг боловч түүний талаарх мянга мянган цуурхлаас илүү Хилларигийн тууштай, эрч хүчтэй байдал хүндэтгэл төрүүлдэг. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хэн ялсан нь хамаагүй, америкчууд түүнийг хамгийн хүчтэй улстөрчдийн нэг гэж үзсээр байна. 

Түүний нэр алдрыг чимсэн он жилүүдээс дурдвал, 2011-онд АНУ-ын 67 дахь Төрийн нарийн бичгийн дарга, 2001-2009 онд Нэгдсэн улсын Сенатор /Нью Йорк муж/, АНУ-ын 42 дахь ерөнхийлөгчийн гэргий, 1993-2001 онд тэргүүн хатагтай зэрэг Америкийн хамгийн их түүхтэй эмэгтэйгээр нэрлэдэг юм. 

Оюутан байхдаа ултөрийн карьераа эхэлсэн Хиллари аавтайгаа адил Бvгд найрамдах намыг дэмжигч байв. Тэр оюутны зөвлөлийн даргаар ажиллаж, улс төрийн агуулгатай эсэргvvцлийн цөөнгvй жагсаал цуглаан зохион байгуулж байсан гэдэг. Коллежийн эхний жилд Бvгд найрамдах намыг дэмжих хөдөлгөөнд идэвхтэн байсан тvvний vзэл бодлыг Мартин Лютер Кингийн “Америкийн иргэний эрхийн хөдөлгөөн”, Вьетнамын дайн өөрчилж, Ардчилсан нам руу урвуулжээ. 

Хэдийгээр Хиллари, Жаклин Кеннеди шиг гоо үзэсгэлэн, шинэлэг хэв загварын илэрхийлэл болж байгаагүй ч тэрээр улс төрийн итгэл үнэмшил, үзэл баримтлал, хүмүүжил, боловсролоороо оюунлаг бүсгүйчүүдийн эгнээнд итгэлтэй алхаж чадсан билээ. Эмэгтэй хүн болгон өөрийнхөө амьдралын тухай ном бичиж зориглохгүй ч түүний амьдрал тэр чигээрээ түүхийн баялаг сэдэв байсан юм. Түүний 1995 онд бичсэн хүүхдийн эрхийн тухай “Тосгон хэрэгтэй байна” ном олон улсад борлуулалтаараа тэргүүлж, амжилтад хүрсэн. Түүний “Амьд түүх” номыг ч 12 хэлнээ хөрвүүлж, 1.3 сая хувь борлогдсон юм. 

Мөн Хиллари Клинтон ажлаа өгснөөс хойш 16 сарын хугацаанд 12 сая ам.долларын орлого олжээ. Bloomberg-ийн шинжээчдийн хийсэн судалгаагаар Хиллари Клинтоны орлого түүний сүүлд бичсэн намтар, илтгэл болон төлбөрт арга хэмжээнүүдээс орж ирсэн байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны илтгэл бүрт 106 сая ам.доллар төлдөг байсан 12 байгууллага түүний эхнэр Хилларитай ч мөн хамтран ажиллажээ. Хиллари Клинтоны хувьд АНУ-ын хүн амын нэг хувийг бүрдүүлдэг хамгийн их орлоготой иргэдийг тэргүүлдэг байна. 

Билл Гейтсийн гэргий Мелинда Гейтс

“Билл энд Мелинда сан”-ийн дэд Ерөнхийлөгч хатагтай Мелиндаг домогт тэрбумтан, программист Билл Гейтсийн эхнэр гэдгээр нь дэлхийн хүмүүс мэддэг. Мелинда Гейтс саа өвчинтэй тэмцэх, эмэгтэйчүүдэд жирэмснээс урьдчилан сэргийлэх чанар сайтай эм өгч тусалдаг. Тэдний сан 2012 онд эрүүл мэндийн салбарт голчлон зарцуулагдсан төслүүдэд 3,4 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 

Хүүхдүүддээ өв хөрөнгө үлдээхгүй хөрөнгөтнүүдийн адил энэ их хөрөнгөө хүүхдүүддээ хадгалах, тансаглах сонирхолгүй тухайгаа ярьсан байна. Тэрбээр “Хүүхдүүддээ мөнгө өгөх нь тийм сайхан санаа гэж бодохгүй байна. Хүүхдүүдэд маань өөрсдөд нь ч, нийгэмд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Мөнгийг нь бэлдээд өгчихвөл баялаг бүтээх сонирхолгүй, шаардлагагүй болчихно шүү дээ” гэжээ. Тиймээс тэд “Билл ба Мелинда Гейтс” сангаа байгуулж хүмүүнлэгийн үйлсэд хөрөнгөө харамгүй зарцуулсаар 20 гаруй жилийг үдэж байгаа гэв. Билл Гейтсийн хувьд дийлэнх хөрөнгөө хүмүүнлэгийн үйлсэд зориулна хэмээн албан ёсоор мэдэгдэж, гарын үсэг зурсан анхны тэрбумтан юм. 

АНУ-ын холбооны нөөцийн газрын дарга Джанет Йеллен

Жанет Йеллен АНУ-ын Холбооны Нөөцийн газрын даргаар 2014 онд сонгогдож байжээ. Эдийн засагч мэргэжилтэй. Өмнө нь Сан Францискогийн Нөөцийн банкны гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч Билл Клинтоны удирдлагын доор Эдийн засгийн зөвлөлийн захирал, Калифорнын Беркелей Их сургуулийн профессор байсан гээд түүний ажилаж байсан албан тушаалуудыг дурдахгүй өнгөрч болохгүй. АНУ-ын сенат түүнийг Холбооны нөөцийн газрын даргаар томилсон юм. Тэрээр инфляци болон ажилгүйдлийг тогтворжуулж Уолл Стрит санхүүгийн дүүрэгт "Энх тайвны тагтаа" хэмээн хочлогддог аж. 2014 онд Форбс сэтгүүлийн Дэлхийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн хоёрт орж байжээ. Тэрээр Дэлхийн эдийн засгийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг боловч өндөр цалин авдаггүй. Жилдээ 201,700 Ам.долларын орлоготой байдаг хэмээн "Time" сэтгүүлд мэдээлсэн байна.

“General Motors”-ын ерөнхий захирал Мэри Барра

"Женерал Моторс" корпораци Мэри Барраг гүйцэтгэх захиралаараа сонгосноор анхны эмэгтэй захиралтай болжээ. Уг шийдвэр нь удирдлагын өөрчлөлт шинэчлэлтийн чухал шийдвэрүүдийн нэг байсан юм. Мэри Барра нь 53 настай бөгөөд 1980 оноос хойш, 20 настайгаасаа эхлэн бүхий л насаараа Женерал Моторс корпорацид ажиллаж байгаа юм байна.

Тэр анх энэ компанид 18 настайдаа үйлдвэрийн шугам дээр, чанар шалгадаг ажилтнаар орж байжээ. Сургалтынхаа төлбөрийг олохын тулд хагас цагаар, хичээлээ тарж ирээд ажилладаг байсан тухай нэгэнтээ ярьжээ. Сургуулиа төгсөхөд нь үйлдвэр нь түүнийг жинхэлж, автомашины салбарт тэр бүр мөсөн орсон юм.

Дэлхийн хамгийн том, баян автомашин үйлдвэрлэгч, зуун жилийн түүхтэй компанид залуухан бүсгүй тушаал дэвшиж, карьераа энэ компанитай холбох үнэхээр амаргүй байлаа. Гэвч Мэри зүтгээд л, бага багаар урагшилсаар. Тэрээр үйлдвэрлэлийн салбараас холдож, хүний нөөцийн чиглэлд оржээ. Тэнд Мэри өөрийгөө хүмүүстэй ажиллах, харилцан ойлголцох чадвартай гэдгээ харуулав. Бичиг хэрэг, харилцаа, зохион байгуулах чадвартай гэдгийг нь харсан үйлдвэр нь түүнийг захирлуудын туслахаар хэсэг ажиллуулсан байна. Гаднаас нь харахад албан тушаал бууруулаад байгаа мэт харагдавч үнэндээ Мэри өөрийгөө дээд түвшинд бэлтгэж байлаа. Бүхий л хурал уулзалтуудад захирлуудыг дагаж орно... захирлууд асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна, хүмүүстэй яаж харилцаж байна, асуудлыг хэрхэн авч хэлэлцэж байна... бүгдийг Мэри харж, дотроо нууцхан суралцаж байв.

Удирдах зөвлөл шийдвэрээ гаргасан тэр өдөр бүх дэлхий даяар олныг цочирдуулсан мэдээ цацагдлаа. Дэлхийн автомашины түүхэнд анх удаа автомашин үйлдвэрлэгч аварга том компанийг шавилхан эмэгтэй хүн удирдах болсон тухай мэдээлэл байлаа. 

Бүхий л чухал эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн Мэри машин үйлдвэрлэлийн салбарыг цоо шинэ түвшинд гаргах эрс шийдэмгий, эрсдэлтэй алхмуудыг зэрэг зэрэг хийж, энэ салбарын нүүр царайг өөрчилж чадсан юм. 

Сэтгүүлч Г.Ганчимэг


Нийтэлсэн: 2015-05-28 14:39:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ