Миний онгод зарга хэргийг их сайн аргалдаг

          Эрхэм уншигч түмэн олонтойгоо сэтгүүлийнхээ шинэхэн дугаараар дахин уулзаж байгаадаа баяртай байна. Монголд Ардчилсан хувьсгал ялсан нь сайн муу олон зүйл дагуулсан ч, түмэн олон минь тэнгэр шүтлэгтэйгээ эргэн золгох сайхан цаг үе ирсэн гэдэгт хэн ч маргахгүй бизээ. Шашины гүн ухаанд алив шашины урсгалууд сэргэн мандах, мандан буурах, устлын үе, үечлэлүүд бий болдог. Гарцаагүй бөө мөргөл хэмээх гайхамшигтай сайхан эртний ёс, зан заншил маань сэргэн мандаж байгаа энэ үед мөн л сайнтай муутай байгаа нь бидний хэдэн сэтгүүлч нөхөдийг үнэний эрэлд хөтөлсөн юм.  Ингээд энэ “Дугаарын эрхэм зочин”-оор  нэгэн онцгой зочныг урьж оролцуулж байна. Энэ хүн маань их нууцлаг, энгийн даруу нэгэн билээ. Түүний өгсөн яриаг авах гээхийн ухаанаар мэргэн уншинч та болгоон соёрхоно уу.

 

УДГАН  ГАНЖИНГИЙН  ТҮМБАЯР:

Миний онгод зарга хэргийг их сайн аргалдаг

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргье.

-Сайн, сайхан  уу?

-Та анх яаж бөө болсон тухай дурсамжаа хуваалцана уу?

-За нэг их олон юм ярих байхдаа. Миний бие бага байхаасаа л нэг сонин өвчинд баригдсан юм.  Би багадаа хачин сэргэлэн охин байж билээ. Хүний хэл ам болсон юмуу, эсвэл урьд хойд насны үйлийн үр юмуу нэг үгээр оношгүй  өвчинд нирвэгдсэн юм. Ээж аавыгаа ихэд сандаргаж байсныгаа багахан санадаг. Анх миний өвчнийг эмч нар буруу оношлоод хичнээн их эм ууж, тариа тариулсан ч улам л мууддаг байлаа. Намайг 10 жилээс илүү наслахгүй гэж эмч нар тэр үед дүгнэлт гаргаж байсан юм.  Тэрнээс хойш  20 гаруй жил өнгөрчээ.  Хоёр ихэр хөөхөн охиноо хүртэл  харсаар байгаад алдаж байлаа. Хараал болчихсон гэж маш олон засал хийлгэсэн боловч тусыг эс олж байв. Дүүрэг, хотын аль  сайн эмнэлэгрүү зоривч ямар ч онош гардаггүй байсан нь их сонин. Сүүлдээ бүр шар хадны эмнэлэгт хүртэл очсон гээд боддоо. Маш их сэтгэлээр унадаг байлаа. Хамгийн сонин нь архи  уухаар цоо эрүүл болчихдог. Энэ нь их муу юм байсныг хожим нь мэдсэн дээ. Өөр арга байдаг гэхүү дээ. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэж ёстой үнэн юм билээ. Ардын уламжлалт эмнэлэг, лам, хар, шар,  үзмэрч, бариач гээд очоогүй хүн гэж үгүй ээ. Хэсэг өргөс авсан мэт бие минь зүгээр болчихдог байсан ч эргээд л  муудна. Миний очиж байсан хүмүүсийг би муулах гээгүй юм шүү. Тэд бас л хүний төлөө сэтгэлтэй, туслачихья гэсэн сэтгэл байсан шүү.  Өвчнөөсөө болоод ч тэр үү биеээ чагнаад байдаг болчихдог юм байна лээ. Энэ байдлаас би өөртөө дүнгэлт хийхээр шийдсэн юм.  Ямар өдөр, ямар хугацаанд өвчин хөдөлж байгааг сайтар анхаарч тэмдэглэж эхэлсэн. Бясалгалд явж сэтгэлийн өвчин гэдэгээ мэдэж авсан. Бөө нартай уулзаж өөрийгөө онгодттой гэдгээ ч мэдсэн. Эндээс нэг л зүйл надад бодогдсон нь бөө болох ёстой хүн онгодын “бариа” буюу бөөгийн өвчинд нирвэгдэж байж бөө болдог эртний уламжлал байсны сайтар ойлгосон юм. Сэтгэлийн өвчнийг үгээр, биеийн өвчнийг эмээр эмчилдэг гэдэг үг байдаг даа. Ингээд бөө болохоор шулуудаж, энэ талаар нилээд судалгаа хийсэн. Миний уншиж судлаж байсан ном зохиолуудаас О.Пүрэв гуайн “Монгол бөөгийн шашин” ном надад хамгийн их нэмэр болсон.  Их сайн судласаны хүчинд хувцас хэнгэрэгээ бэлдэж аваад эртний сайхан ёсоор нь хийгээд өгдөг хүнтэй уулзаж,  бөөлж эхэлсэн дээ. Товчдоо л энэ.

-Их сонирхолтой юмаа? Та ихэвчлэн ямар засал хийдэг  хүн бэ?

-Би ихэнхдээ хуураа татаж онгодтойгоо холбогддог. Миний онгод зарга хэрэгийг их сайн аргалаад байгаа нь ажиглагдсан. Хараад байхад аливаа хүмүүс хорлолоос болж хэцүүддэг гэдгийг бага зэрэг ойлгож байгаа. Хэрвээ хорлол үгүй бол хүн мөнх байж магадгүй юм. Бидний идэж байгаа хоол хүнс л гэхэд  хорлолын шинжтэй санагддаг. Үүнийг мэдээд Чинхай, Шри Шри гээд л төгс гэгээрсэн хүмүүс зөндөө л байна даа. Ус, агаараар хүртэл хооллодог шүү дээ. Нэг ёсондоо энэ хорвоогийн бүх махбодь нэгийгээ илээж байгаа мэт санагдах юм. Ус шороог илээдэг, гал ус харшилддаг гэх мэтээр  хүн өдөр өдрөөр өсөн төлжиж, үргэлж илээгдэж хөгширдөг шүү дээ. Энэ бол зүгээр л миний бодол юм. Тиймээс аливаа хорлолын утга учрыг сайтар судалж, түүнийг яаж засдаг байсныг өвөг дээдсийн хийж байсан зан үйлийг л сайн сурах гэж явна даа. Яахав хөөрхий болоод л байдаг юм шиг байгаа юм. “Баярлалаа” гээд л олон түмэн ахин дахин ирдэг дээ. Тэрнээс гадна бөө байх бас хэцүү шүү. Хүний муу юмыг авчихаад гаргаж чаддаггүй, өөрөө зовох нь элбэг бөгөөд хажууд дахь хань нь ч ойлгохгүй үе байдаг юм.  Нэг үгээр бөө хүн гэдэг тоос сорогч шиг л амьтан даа. Бөө хүнийг хайрлаж байгаарай.

-Газар газрын зан заншил өөр өөр байдгаас бөөгийн хувцас хэрэгсэл бас их маргаантай байх юмаа. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Миний бодолоор бөөгийн зан үйлийг эртний сайхан ёсоор нь хадгалсан овог, ястан Дархад, Хотгойд, Тува, Буриад гээд цөөн хэдэн ястан байгаа санагддаг. Гэхдээ эрт үед бага нэгэн хүү тогооны тавиураар онгодоо дуудаж байсан гэх домог бий. Өөрт нь болоод бусдад тустай л байвал болоо доо. Нэг их үгүйсгээд яахав. Тэртээ тэргүй аяндаа зөв бурууг нь ялгаад өгдөг ард түмэн байна.  Харсан сайхан тэнгэр байна. Энэ байдлыг ашиглаад нэгнийгээ муулах, сайн нэр олох гэсэн хүмүүс ч бий санагддаг. Атаархуу тамын тогооны үлгэр шиг л байна шүү дээ хө. Миний хувьд Хотгойд, Дархад зан үйлээр хуягалсан надад таараад байдаг юм. Хөөгөөд сурахаар олон жилийн тэртээгээс уламжлагдасан байхаас гадна баримттай, хүнд хэлэх үгтэй юм даа. Бөө хүний эдлэж хэргэлдэг хэдхэн юм л байна даа. Болж өгвөл он цагийн дараалал, баримттай нотолгоотой, эрт цагийн хэрэгсэлээр бөөлвөл хурдан хүч авч онгодыг дуудах, холбогдох зэрэгт сайн суралцах юмуу даа.

-Бөө хүн уурлахаар хараал ч юмуу, хүн  хорлох тохиолдол байдаг уу? Бөө нар хоорондоо ямархуу  харилцаатай байдаг вэ?

-Бөө хүн их хариуцлагатай байх ёстой. Энэ хорвоогийн ёсонд хүн уурлаж л байдаг. Үүнийгээ онгодтой холбоод байвал өөрт нь л муу. Нэг танил эмэгтэйд дүүг нь бөө болно гэж бөө хэлж л дээ. Тэгээд муухан таньдаг болохоор “За чи гэрт минь хүрээд ир. Хоол цай хийчихээд дүүгээ дуудаад байж байя” гэв. Гэрт нь яваад очтол дүү нь намайг шалгааж гарав. Бараг зодох нь ээ.  Учир нь тэр залууг онгодгүй болохыг би хэлээд тавьчихсан юм л даа. Бөөн уур уцаар болж “Миний багш болох гэж байгаа бөө надад хэлсэн. Жижиг онгодтой хүн чамайг мэдэхгүй гэсэн. Та ер нь ямар онгодтой юм” гээд янз бүр болсоон. Би “Дүү минь хамаагүй юмаар тогловол чамд л муу шүү. Миний тавьсан төлгөнд хагацал үзнэ гэж буулаа. Эгчийнхээ үгэнд ороорой” гээд гарсан. Хэсэг хугацааны дараа нөгөө эмэгтэй утсаар миний биеийг “Яаж байна зүгээр үү?” гээд л шалгааж гарав. Би ч “Урьд урьдаасаа эрүүл сайхан байна” гэтэл “Манай дүүгийн багш чамд хараал хийчихсэн. Одоо эмнэлэгт сэхээнд байна гэж онгод нь хэллээ. Тэгээд бүр санаа зовоод” гэж ярив. Хөх инээд  хүрч билээ. Энэ мэт хамаатан, ураг садан хүртэл бөө гэхээр л уур нь хүрээд байдаг. Өөрийгөө, онгодоо илүү гэж боддог бөө нар нэлээд байгаа дагаа. Харин тэр залуу бөө болсоноос хойш аав нь нас барсан юм билээ. Эгч нь уйлаад л ярьсан даа. Нэг л их том онгодтой бөө нар ихсэж байгаа шүү.Тэнгэрийн амьтан болсон мэт л байх юм билээ. Бөө гэдэг нэг их хүсээд байдаг юм бишээ. Их хатуу. Өөрөө хорлогдож амьдралаа барсан. Айхтар онгодтой ч улаачаас нь болж хатуурхсан, онгодоосоо болж зовж яваа бөө нар бий шүү. Ингээд  хэлчихээр бас л бөөн юм болно биз дээ. “Энэ муу юу юм бэ” гэдэг болсондог оо. Сургамж аваасай л гэж  хэллээ шүү.

-Онгоддоо хорлогдоод буруу замаар яваа шинэхэн, залуу бөө нар тэгээд яаж зөв замаа олох вэ? Та юу гэж бодож байна?

-Миний бодлоор бөө болох хүн ямар ч  замаар буруу зөрүү явсан ч бий. Хэзээ нэгэн цагт зөв замаа олоод л  ёстой нөгөө чонын хүн цогиод гарна гэдэг шиг хувь тавилан түүнийг заавал зөв сайхан болгоод өгнө дөө. Харин хөөрхий цаг хугацаа, бие эрхтэн, эд хөрөнгөөрөө, амьдралаараа  хохирч явдаг даа. Одоо ч тэгээд бөөгийн эвлэл, холбоо гээд замчлаад өгчихөөр хариуцлагатай газрууд нэлээд болжээ. Сайн судалгаа хийх хэрэгтэй. Юманд сайн бодолтой хандаж, багш болох хүнээ ямар хүн бэ гэдгийг сайтар мэдчихээд шавь орох тухай бодох хэрэгтэй л дээ. Зовж яваа хүний зовлонгоор нааддаг хүмүүс бий шүү. Харин айж шантарч болохгүй. Тууштай сайхан байгаарай гэж хэлмээр санагддаг.

-Танд баярлалаа.

Эх сурвалж Тайлагдашгүй нууц сэтгүүл

 


Нийтэлсэн: 2014-01-09 19:07:00
Видео мэдээ