“Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ


Иргэн Н.Цогтгэрэл гурван хүүхэдтэй. Нэг нь оюутан. Тэрбээр дунд охиныхоо сургалтын төлбөрийг төлөхөөр хоёр дахь жилдээ цалингийн зээл авчээ. Охин нь Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийн хоёрдугаар курсийн оюутан бөгөөд энэ жил хоёр сая 370 мянган төгрөгийг сургалтын төлбөрт төлжээ. Тэрбээр банкнаас хоёр жилийн хугацаатай зээл авч, сардаа 135 мянган төгрөгийг төлдөг байна. Харин “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Н.Цогтгэрэл “Одоо цалингийн зээлээ төлөөд дуусч байгаа. Ирэх намар цалингийн зээл авах шаарлагагүйгээр сургалтын төлбөрийн зээл авч болох юм байна” гэв.

Монгол улс нийт 162.200 мянган оюутан их, дээд сургуульд суралцаж байгаагийн 93 хувь нь хувийн зардлаар суралцаж байна. Хувийн зардлаар суралцаж байгаа 150.980 мянган оюутны 83 хувь нь эцэг эхийн цалин болоод тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө төлдөг байна.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сайн оюутан” хөтөлбөрийн нээлт өнөөдөр /2016.05.19/  Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Эко танхимд боллоо.

Хөтөлбөрийн нээлтийн үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, төрийн болон төрийн бус өмчийн дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын удирдлага болон “Хаан”, “Голомт”, “Төрийн банктай” хамтран “Сайн оюутан” хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэрээ байгуулж, зээлийн шаардлага хангасан эхний 27 оюутанд сургалтын төлбөрийн зээлийн батламж гардуулав.

“Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй АШУҮИС-ийн нэгдүгээр курсийн оюутан С.Оюунбилэг “Би сайн энэ хөтөлбөрт хамрагдахаар судалж байна. Нөхөр бид хоёр хоёулаа оюутан. Миний энэ жилийн сургалтын төлбөр болох хоёр сая 850 мянга төгрөгийг эцэг, эх маань төлсөн. Сургалтын төлбөрийн сарын хүү нь таван хувь гэхээр банк бус санхүүгийн байгууллагуудаас хамаагүй бага хүүтэй байгаа нь сайшаалтай” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Сургалтын төлбөрийн зээлийн нөхцөл нь аль ч банкинд жилийн таван хувийн хүүтэй. Богино хугацаатай зээл нь 12 сар хүртэл бөгөөд урт хугацаатай зээл нь сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртэл байх гэнэ. Мөн шинээр элсэгчийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтаа 400 буюу түүнээс дээш оноотой, бусад оюутны хувьд 2.5 болон түүнээс дээш голч дүнтэй байх шаардлагатай юм байна.

Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал Т.Хэрүүга “Манай сургуулийн хувьд өнөөдөр хоёр оюутан батламж гардан авлаа. Цаашдаа энэ хөтөлбөрт 2.5-аас дээш голчтой, богино хугацааны сургалтын төлбөрийн зээл авах хүсэлтэй оюутнуудынхаа судалгааг гаргаж, өргөнөөр хамруулах болно” гэв.

Сургалтын төлбөр төлөхөөр цалингийн зээл авсан эцэг, эхчүүдийн банкны зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн дагуу нэг удаа оюутны сургалтын төлбөрийн зээл рүү хөрвүүлэх гэнэ. Ингэхдээ өмнөх арилжааны банкны зээлийн жилийн 25 хувийг таван хувь болгон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.


Нийтэлсэн: 2016-05-23 14:14:00
Видео мэдээ