Энэтхэгийн нарийн мэргэжлийн эмч нар Мандал суманд ажиллалаа

Хэдхэн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэдийн дунд сүрьеэгийн өвчлөл хамгийн өндөр байжээ.

Харин одоо хавдар, элэгний өвчлөл их байна. Эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт шатанд илрүүлэх зорилгоор Мандал сумын иргэдийн дунд давхар шатлалтай эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийг зохион байгуулжээ.

Мандал суманд өнгөрсөн тавдугаар сард Хавдар судлалын үндэсний төвийн баг бүрэлдэхүүн ажиллаж, нийт иргэдийг үзлэгт хамруулсан байна. Мөн манай улсад дөрөв л байдаг зөөврийн дижитал рентгенээр цээжний хөндийн эмгэг илрүүлэх үзлэг оношлогоо хийжээ.

Үзлэгт хамрагдсан нийт иргэдийн дундаас сэжигтэй буюу нарийн үзлэгт хамрагдах шаардлагатай 141 гаруй иргэн байсан байна. Мандалчуудын дунд элэг цөс, нойр булчирхайн хавдрын өвчлөл, мэдрэл, нуруу нугасны өвчлөл өндөр байгааг өмнөх үзлэгээр тогтоосон байна. Тэдгээр иргэдийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хоёр дахь шатны үзлэгт хамрууллаа.

Энэтхэгийн Шинэ Дели хотын Би Эл Кей “Хавдрын Төв”-ийн Хавдрын мэс засалч, ахлах Зөвлөх, доктор Панкаж Панде, мөн төвийн нарийн мэргэжлийн эмнэлгийн зөвлөх эмч, доктор Рохит Бансил, Шинэ Дели хотын БЛК Супер Спешиалти эмнэлгийн элэг цөс, нойр булчирхайн мэс засалч, элэг шилжүүлэн суулгах төвийн хэлтсийн ахирал доктор, профессор Санжэй Сингх Неги нар Мандал суманд ажиллажээ.

Хоёр дахь шатны үзлэг оношлогоонд мэдрэлийн болон элэг цөс, мэс заслын эмчийн хяналтад байдаг 141 иргэн хамрагджээ. Элэг шилжүүлэн суулгах шаардлагатай долоон иргэн илэрсэн бол бусад өвчтөнүүдийн оношийг батлагаажуулан, тодорхойгүй оношийг илрүүлж, иргэдэд зөвлөгөө өгчээ.

 

Мөн Энэтхэгийн зөвлөх эмч нар Мандал сумын нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ. Шинэ Дели хотын Би Эл Кей “Хавдрын төв”-өөс Мандал сумынханд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч эмнэлгийн ажилтнуудыг сургах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахаар боллоо.

Энэтхэгийн талаас Мандал сумын хүн амд жилд нэг удаа иргэдэд урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн төрөлжсөн тусламж үйлчилгээг үзүүлэх эмчийн баг ажиллуулах бөгөөд цаашид Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг загвар болгон хөгжүүлэхээр боллоо.

Тавдугаар сарын эрүүл мэндийн үзлэг болон энэ үзлэгийг тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат зохион байгуулжээ.



Нийтэлсэн: 2018-07-03 11:05:00
Видео мэдээ