Энэ цагийн эгэл агаад эгэлгүй нэгэн



Энэ цагийн эгэл агаад эгэлгүй нэгэн



 

Шаналж явсан өдрөөс мөрөөдөж, тэмцэж явсан нь олон...

 

Дөрвөн мөчгүй, цээжээрээ явдаг Ник Вуйчич гэх залуу, түүнийг үнэнчээр хайрлан, хоёр сайхан үрийг нь төрүүлж өгсөн бүсгүйг дэлхий нийт мэднэ. Тэд бол агуу хайрын амьд жишээ агаад хүнд бодсоноос илүү хүч, тэвчээр байдгийг харуулсан эгэлгүй нэгэн гэр бүл.

Тэгвэл бидний дунд түүнээс ч дутахгүй азтай, хөдөлмөрч, хэрсүү Т.Пүрэвбаатар гэх нэгэн эрхэм энгийн даруухнаар амьдарч байна. Түүнийг Авьяаслаг Монголчууд шоуны оролцогч гэдгээр нь андахгүй биз ээ.

Ингээд түүний тухай ийн өгүүлье.

Тэр дөрвөн мөчгүй, цээжээрээ явдаг хэрнээ асар хэрсүү, уран илтгэгч Ник Вуйчич гэх залууг хүндэлж, түүгээр бахархаж явдаг гэдгээ хэлсэн юм.

-Хүн гэдэг чинь юу юм бэ?

-Хаана байнаа..

-Хүүхний гоо сайханд уу?

-Эрчүүдийн бяр тэнхээнд үү?

-Шинжлэх ухааны оньсыг эзэмшсэн чадварт нь уу?

-Шинэ загвараар хувцасласан биенд нь үү?

-Үгүй ээ, үгүй дээ ...

Хүн гэдэг зөвхөн үстэй толгой доторх ганц аяга үл тайлагдах шингэн алт болсон Үлэмжийн хүчит уураг тархинд нь байнам хэмээн Р.Чойном агсны хэлсэнчлэн биеийн эд эрхтний хүчээр бус сэтгэл зүтгэл, оюун ухаанаараа өөрийн гэрэлт амьдралыг босгож, сайхан амьдарч яваа нэгэн бол Т.Пүрэвбаатар.

Эгээ л энэ найрагт өгүүлснээр хүн гэгч эд хөрөнгөтэй, эрхтэн бүтэн, эрүүл биетэй байлаа ч зүрх тархи хоёр л буруу "ажиллавал” алд бие гөрөөс хийгээд малаас дор болмуй.

Т.Пүрэвбаатарт бусдаас илүү зүйл олон. Тэр нь СЭТГЭЛ+ЗҮТГЭЛ билээ.

Өөрийн авьяас, хөдөлмөрөөр энгийн сайхан амьдарч яваа түүнийг дотны найзууд нь Пүүгий гэж дуудна.

Тэрбээр анх ухаан ормогцоо л нийслэлийн Биокамбинатын чимээг мэдэрч, басхүү тэндээ амьдралын баяр гунигтай үеэ туулсаар, одоо олны танил уран бүтээлч болжээ. Анх ааваараа хүргүүлэн бага сургуулийн хаалга татсан ч аажимдаа олон нөхөдтэй болж, тэднээрээ ээлжлэн үүрүүлж, зөөлгөсөөр ахлах сургуулиа амжилттай төгсчээ.

 

 

Угийн сэргэлэн хүү байсан гэгддэг тэрбээр өөрийн авьяасаа хөгжүүлэхээр Дүрслэх урлагийн дээд сургуулийг зураачийн мэргэжлээр дүүргэжээ. Элэгсэг, нийтэч зантай түүнийг гадуурхахаас илүүтэй дотночлон хүлээн авсан нөхөд нь мөн л үүрч зөөсөөр...

 

Авьяасаараа мөнгө олж, амьжиргаагаа залгуулав

 

Т.Пүрэвбаатар хэдий хүссэн сургуулиа амжилттай төгссөн ч амьдрал түүний санаснаар болсонгүй. Мэргэжлээрээ ажиллахад хүлээж авах газар үгүй байсан тул олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газарт очиж, нар ургахаас шингэх хүртэл лимбэ тоглон амьжиргаагаа залгуулж эхэлжээ.

Сэтгэлээсээ хөгжимдөн, авьяасаараа хөдөлмөрлөж буй түүнд хүмүүс их, бага гэлтгүй мөнгө хандивлана. Энэ бол амьдралын хатуу, ширүүнтэй гардан тэмцэж эхэлсэн Т.Пүрэвбаатарын ажлын анхны гараа.

Арван настай байхдаа “Хонгилдоон” уран сайхны киног үзэж суутал киноны хөгжим түүнд ихэд таалагдаж гэнэ. Тэгмэгц чихэнд сонсогдох тэр аялгууг өөрөө сурахаар шийдэн, нэг өдөр орны цагаан төмрийг эвдэж байгаад найзынхаа лимбийг дуурайлгаж орхитол аятайхан хөг гарч сонирхлыг нь дэвэргэжээ.

Хөгжмийн мэдрэмж, чамгүй авьяас байсан нь тэр үед илэрсэн ч хожим түүнийг хоолтой нь залгуулна гэж зүүдлээ ч үгүй явсан гэдэг.

Тэрбээр Авьяаслаг Монголчууд шоуны үеэр лимбэ хөгжмөөр эхийн тухай дууг уяртал эгшиглүүлж, хөтлөгч төдийгүй үзэгчдийн нулимсыг дуслуулаад амжсан. Мэдээж, авьяасыг нь биширсэн ч бусдаас өөр түүнийг өдий хүртэл халамжлан гурван сайхан үрийг нь төрүүлж өгсөн гэргийг нь хүндлэх хүмүүс олон байна.

 

Нэгэн биеийн минь нөгөө тал нь чи юм шүү...

Тэд анх 16 жилийн өмнө танилцжээ. Эхнэр Б.Мөнхтуул насаар залуу боловч ахынхаа найз Пүүгийд ойр зуур тусалж явсаар нэг л мэдэхэд сэтгэл алдарч хувь заяагаа нэгтгэсэн аж. Т.Пүрэвбаатар ханиа дурсахдаа “Нэгэн биеийн минь нөгөө тал болж үргэлж хамт байдаг түүндээ маш их хайртай” хэмээн сэтгэлээ илчилнэ. Харин монгол бүсгүйн цэвэр ичимтгий зантай, үнэнч хайр, үлгэр жишээ гэргийн илрэл болсон Б.Мөнхтуул ханиа “хөгжилтэй, сайхан хүн шүү дээ” хэмээн тодотгоно.

 

 

Хайрын түүх нь энгийн боловч хувь тавилангаараа учирсан тэдний амьдрал хэнээс ч дутахгүй. Эхнэр Б.Мөнхтуул тогооч мэргэжилтэй. Гэхдээ нөхөр, хүүхдүүдээ халамжлан одоогоор ажил эрхлэхгүй байгаа гэнэ. Тэр хэний ч өмнө нүүр бардам үрийн сайн ээж, хүний сайхан гэргий. Бусдыг хуурч, буруу аргаар амьдарсан балаг тэдэнд үгүй тул санасан бодсон нь зөнгөөрөө бүтдэг хэмээн Пүүгий ярина.

Ямартаа л хоёр хөлөө орлодог төмөр тэргэнцэрээ арай сүүлийн үеийнхээр сольж, өөрийгөө аваад явчихдаг болохыг мөрөөддөг байж. Гэтэл мөрөөдөл нь биелж, түүнийг телевизээр харсан гэх үл таних эмээ нэг удаа цэнэглээд 10 километр замыг торохгүй туулдаг цахилгаан тэргэнцрийг бэлэглэжээ. Тухайн үед яг л хөлтэй болсон мэт хөөр баяр болж байсан тухайгаа тэрбээр инээмсэглэн хүүрнэнэ.

 

 

Хүсэл зогсоогүй цагт амьдрал зогсоно гэж үгүйн батлагаа одоо дөнгөж 40 шүргэж яваа Т.Пүрэвбаатар. Тэр одоо л миний амьдрал эхэлж байна, би залуу байна гэж өөрийгөө хурцалж, олон зүйлийг сар жилээр төлөвлөж, эхнээс нь амжуулж явна. Саяханаас тэрбээр хөгжмийн онолын мэдлэгтэй болохоор шийдэж, шаггүй багшид шавь оржээ. Цаашид уран зургаа ч улам хөгжүүлж, үзэсгэлэн гарган, бүтээлээ арвижуулахын зэрэгцээ захиалгаар хөрөг зурж амьжиргаандаа нэмэр болно.

 

 

Нэгэнт хийж байгаа зүйлдээ сэтгэл гаргах нь түүний суурь хүмүүжил тул хөрөг зургаа 60 мянган төгрөгөөр үнэлж, хэмжээнд нь тохируулж жаазалж өгдөг гэнэ.

 

Анхны хүүгээ эрүүл саруул төрөхөд алтан дэлхийг эзэгнэх мэт баярласан....

 

Тал биетэй түүний амьдрах хамгийн том итгэл болж ирсэн анхны хүү нь 15 жилийн өмнө мэндэлжээ. Тухайн үед хүүгийнхээ уйлах дууг сонсоод, өөрөөсөө эрүүл хүүхэд төрсөнд баярлахдаа дээдийн жаргал гэдгийг мэдэрсэн ажээ.

Эднийх хоёр хүү, нэг охинтой. Бага охин нь таван настай. Санаа л зөв бол заяа зөв байдаг болохоор хүүхдүүдээ зөв бодолтой хүн болгохыг л хүсдэг гэж тэр өгүүлнэ.
 

 

Одоо тэр....

 

Бурхан түүнд бүтэн эрхтэн заяагаагүй ч авьяасыг харамгүй хайрлажээ. Т.Пүрэвбаатар лимбэ сайхан тоглодгоос гадна уран зураг зурах төрөлхийн авьяастай. Зургаараа нийгэм болоод цаг үеийн үзэл бодлоо ширүүхэн илэрхийлж, анхны үзэсгэлэнгээ 2013 онд гаргаж, “Сонгох уу, эс сонгох уу” хэмээн нэрлэсэн байдаг. Үүнд байгаль хүн хоёрын харилцааг шүүмжээр дүрсэлсэн нь шагналд хүргэсэн түүхтэй.

 

Мөн үзэсгэлэнгийн үеэр 10 дуу бүхий “Хэрвээ хүмүүс” лимбэний гоцлолыг гаргажээ.

 

 

Тавиландаа шаналж, шантарч үзээгүй энэ эрхэм уран бүтээлээ тасралтгүй туурвиж, түүнийг нь сонсдог олон мянган фенүүдтэй ч болсон. Лимбэ хаана уянгалаг эгшиглэнэ, тэр газрыг зорино. Уран зургаар нийгэм, цаг үеийн асуудлыг өөрийн үзлээр илэрхийлнэ.

 

Одоо тэр Буянт-Ухаа хороололд лизингээр авсан өөрийн гэсэн тохилог орон сууцандаа хамгаас хайртай хүмүүстэйгээ хэнээс ч дутахгүй, элэг бүтэн аз жаргалтай, сайхан амьдарч байна.

 

Тийм ээ, Т.Пүрэвбаатар бол энэ цагийн эгэл агаад эгэлгүй нэгэн. Лимбэ бол дээр дурдсанчлан түүний хийж чаддаг олон зүйлийн нэгээхэн хэсэг нь. Түүнд бусдыг уйлуулж, инээлгэж, сэтгэлийг нь хөдөлгөхөөс илүү амьдралыг хайрлах ухаан бий..

 

Хайраас илүү хүчтэй мэдрэмж

Итгэлээс илүү тэвчээр үгүй аж.

П.Мөнхжаргал

 


 

Eagle.mn


Нийтэлсэн: 2015-10-22 16:28:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ