Ц.Оюунгэрэл:Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг Хууль сахиулах тухай хуультай уялдуулсан

Гэр бүлийн хүчирхийллийг өмнө нь зөрчил хэмээн үздэг байсан бол ирэх 9 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар гэмт хэрэгт тооцох болсон талаар УИХ-ын эмэгтэй гишүүд мэдээлэл хийв.

Уг хуулийг анх 2004 онд баталсан бөгөөд зарим зүйл заалт нь цаг үеэсээ хоцорч, хэрэглэгдэхгүй болсон тул шинэчлэх шаардлагатай болжээ. Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг шинэчлэн найруулж, өчигдөр буюу энэ сарын 19-нд болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан юм.

Өмнөх хуульд гэр бүлийн хүчирхийллийг зөрчил хэмээн үзэж захиргааны хариуцлага хүлээлгэдэг байсан бол шинэчилсэн найруулгад Эрүүгийн тухай хуультай уялдуулан гэмт хэрэгт тооцохоор тусгажээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд аргагүй хамгаалалт хийснээс нөгөө хүний амийг бүрэлгэх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байхдаа хариу үйлдэл үзүүлж, гэмт хэрэгт холбогдсон бол тухайн хүний ялыг хөнгөрүүлэх нөхцлөөр авч үзэхээр тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг Хууль сахиулах тухай хуультай уялдуулсан. Хүний амь нас эрүүл мэндэд аюул учирсан дуудлага нэн түрүүнд цагдаагийн алба хаагчид ирдэг. Цагдаа очиход дуудлага өгсөн айл нь хаалгаа тайлж өгөхгүй бол ахуйн зөрчил хэмээн орхидог явдал байсан. Харин шинэчилсэн найруулгаар дуудлага өгсөн айл хаалгаа тайлж өгөхгүй бол эвдэж орох эрхтэй байхаар тусгасан. Энэ нь хүүхэд, эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх, гэмт хэрэгтнийг газар дээр нь баривчилж, хариуцлага тооцох боломж бүрдүсэн” хэмээв.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд 90 гаруй эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаа алджээ. Энэ бол 3 сая гаруй хүн амтай Монгол Улсын хувьд гамшгийн хэмжээний үзүүлэлт гэдгийг гишүүд хэлж байв.


Нийтэлсэн: 2016-05-20 13:59:00
Видео мэдээ