Б.Сайнбаяр: ХУУРАМЧ ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭГЧИЙН МӨНГӨ ОФФШОР БҮСТ УГААГДААД Ц.ЖИГЖИДНЯМААГИЙН ДАНС РУУ ОРДОГ


Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай ярилцлаа.
-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны гаргасан албан бичигт “Хуурамч шатахууны үйлдвэрлэлийг зогсооно” гэж мэдэгдлээ?
-Манай холбооны зүгээс шатахуун түгээх газруудаас дээж авч 4-5 лабораторид шинжилгээ хийлгээд шаардлага хангахгүй, машин техникт эвдрэл хохирол болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээ олон нийтэд танилцуултал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Любагийн Эрдэнэчулуун “Хуурамч шатахуун гэж байхгүй. Монгол Улсад орж ирж байгаа бүх л шатахуун октан дээшлүүлдэг” хэмээн мэдэгдсэн. Монгол Улсын Стандартад “Нефтийн бүтээгдэхүүн импортлогч нь октан дээшлүүлэгч, нэмэлт бүтээгдээхүүн хольж, нэмж болохгүй” гэсэн заалтын үгүйсгэсэн мэдэгдэл байлаа. Энэ хүн албан тушаалаа ашиглан яаран сандран мэдэгдэл хийсэн нь захиалгатай байж болзошгүй гэж үзсэн учраас Төрийн албаны зөвлөлд хандсан. Төрийн албаны зөвлөлөөс энэ хүндээ хариуцлага тооцоод мэдэгд гэсэн албан шаардлагыг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Б.Цагаанхүүд хүргүүлсэн байна лээ. Дээд удирдлага болох Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар нь хуурамч шатахуунг зогсоох санал хүсэлтээ Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлчихээд байхад шүү дээ. Энэ бүхнийг яагаад дурдав гэхээр иргэдийн дуу хоолой болоод явахад асар их саад бэрхшээл, доромжлол туулдаг юм билээ.
-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас гаргасан албан бичгийн талаар...
-Салбар хариуцсан яам нь “Хуурамч шатахуун үйлвэрлэлийг зогсооно” гэлээ. Биднийг үгүйсгэсэн албан тушаалтан, шатахуун импортлогч компаниуд үүнээс илүү хариу байхгүй болов уу. Манай холбоо Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Ашигт малтмал, Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын нөхдүүдтэй хамтарч ажилласан гэхэд болно. Эдгээр байгууллагуудаар “Хуурамч шатахуун байдаг” гэдгийг хүлээн зөвшөөрүүлсэн. Бид зүгээр нэг хэлээд зөвшөөрүүлчихсэн юм биш. Хоёр ч удаагийн хамтарсан ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт, эрдэмтэн мэргэдийн оролцоотойгоор үүдэн хэлж байгааг ойлгоорой. 
-Өнгөрөгч долоо хоногт “Магнай трейд”, “М-Ойл”, “Зам зуур” гэдэг компаниудыг хуурамч шатахуун зардаг гэж зарласан. Ямар нэг дарамт шахалт ирж байна уу?
-Нэр бүхий шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдын зарж борлуулж байгаа бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн лабораториудын ажилтнуудыг “Ажилгүй болгоно” гэж дарамталсан байна лээ. Бидэнд шинжилгээ хийн өгч, шударга ёсны төлөө, иргэдийн эд хөрөнгийг хамгаалах гэж оролдсон лабораториудын ажилтнууд зүгээр ч нэг ажлаас халуулахгүй. Тэднийг оролдсон, дарамталсан албан тушаалтан нарыг өөрсдийг нь ажлаас халтал тэмцэнэ гэдгээ энэ дашрамд хэлье. Нэр бүхий компанийн захиалгаар ажлаа хийж байгаа мэргэжилтнүүдийг дарамталсан нөхдийн нэрийг дурьдалгүйгээр сануулга өгье. Миний эргэн тойрондох найз нөхдүүд “Болгоомжтой байгаарай, чамайг тэр овгор, тийм дарга асуулаа” гэх юм. Бидэнд айгаад хулчийгаад байх зүйл алга. Таны асуугаад байгаа “Магнай трейд”, “М-Ойл”, “Зам зуур” зэрэг компаниуд ямар ч мэдэгдэл хийсэнгүй. Одоогоор “Манайх хуурамч шатахуун зардаггүй” гэж хашгирсан, мэдэгдсэн аж ахуй нэгж алга. Хүлээж л байна.
-Эдгээр компаниуд хямд төсөр, ойрыг нь бодоод Багахангай дүүрэгт байдаг нэрдэг, хольдог үйлдвэрээс шатахуун авч зардаг юм биш үү?
-Ашиг орлогоо бодох нь бизнесийн нүцгэн үнэн. Хаа байсан Ангарскаас зөөж байхын оронд хаяанд байгаа Багахангайгаас авах нь буруу биш. Гэхдээ чанар стандарт, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж бий. 54 улсад салбартай 1989 оноос эхлэн Эрдэнэтийн зэсийн баяжмалыг авсан, “Голомт” банкинд хувь эзэмшигч асан үндэстэн дамнасан Швейцарьт бүртгэлтэй “Трафигура”-гийн охин компани болох “Трансгайд” хуурамч шатахуун үйлдвэрлэдэг. Юугаар үйлдвэрлэдэг гэж үү. Энэ компани Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэхийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг татваргүй болгох хууль гаргасан. Нефтийн хомсдолд нөлөө үзүүлэх хэмжээний биш нэмэлт бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах хууль гаргасан нь хардлага дагуулдаг. Татварын орчин таатай болонгуут үйлдвэрээ байгуулаад хаалттай бүс болгочихсон. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагч Мөнхболд “Би хүртэл орж чаддаггүй” гэж бидэнд ярьж байсан хэрнээ “Хуурамч шатахуун байдаггүй” гэж яагаад мэдэгдэв. Энэ компанийг хамгаалдаг асар том сүлжээ Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газарт бий. 
-Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг “Трафигура” компанийг хэн оруулж ирсэн вэ?
-Хөгжиж гэж буй орнуудын зах зээлийг “агнадаг” асар том компани. Дэлхий дээгүүр эргэлдэн сул дорой олз омгоо эрж явдаг гэхэд болно. Энэ компанийг орж ирэхэд, татваргүй орчин бүрдүүлэхэд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөө, дэмжлэг орсон гэх мэдээлэл бий.
-Хуурамч шатахууныг яагаад зогсоодоггүй юм бэ? 
-2017 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нар “Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж байна” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Яагаад хуурамч шатахууныг зогсоож чаддаггүй вэ гэвэл асар том эрх мэдлийн сүлжээ, мөнгөнд үнэн гэдэг зүйл дарагдсан болов уу.
-Монгол Улсаас олсон ашиг орлого аль улс руу гардаг вэ?
-“Трафигура”-гийн охин компани “Ай Си Ай Си” гэдэг компани бий. Энэ компаниар ихэнх борлуулалт гүйлгээ хийгддэг байхгүй юу. Тэдний дансаар орсон мөнгө Хонконгт бүртгэлтэй “Class trading limimed” нэртэй оффшор компани руу ордог. Энэ компанийн үүсгэн байгуулагч бол Улаанбаатар төмөр замын дарга Ц.Жигжиднямаагийн төрсөн дүү Ц.Жүгдэрням юм. Дүүгийнх нь компани ахад хамаагүй гэж болох ч Ц.Жүгдэрнямын байгуулсан компанийн дансаар орсон 7,548,900 ам.доллар хамаарал бүхий этгээд рүү тараагдсан. Тухайлбал “Трафигура Монголия” компанийн гүйцэтгэх захирал Э.Жононбаяр, Ц.Жүгдэрнямын “Фрейткоммодити консалтантс' ХХК, Ц.Жигжиднямаагийн "Скайпрофейшнл ложистикс" ХХК мөнгө орсон баримт бий. Ах дүү Нямаа нарын компани руу л гэхэд 5.740,265 ам.доллар орсон байдаг. Хуурамч шатахуун үйлдвэрлэгч нараас Төмөр замын дарга Ц.Жигжиднямаа мөнгө авч байгааг гайхаад баршгүй. Энэ компаниудын учир начир, холбоо, сүлбээг гүйлгээ дараагийн дараах АТГ тайлбарлах биз. Үр хүүхэд, хамаатан гээд цааш хөвөрдөхөд их зүйл гарч ирнэ. Жаахан хазайчих уу, үгүй юу.
-Хуурамч шатахууныг яаж зогсоох вэ?
-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам “Хуурамч шатахууныг бүрдүүлэгч түүхий эдийг татвартай болгоё” гэсэн байр суурь илэрхийлээд Сангийн яам руу хүсэлт явуулдаг. Сангийн яам болохоор “Хуурамч шатахууныг хяналт шалгалтын аргаар зогсооно” гэсэн байр суурь илэрхийлдэг юм. Ер нь хуурамч шатахууныг бүгд хүлээн зөвшөөрдөг ч зогсоохгүй гэсэн далд санаа эрх баригчдаас цухалзаад байх юм.
-Татвар авах хэрэгтэй биз дээ?
-Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг нөхдүүд хөрөнгө мөнгөө Монгол Улсад оруулсан гэх байх. Ойлгож байна. Тэгэхээр зогсоохын тулд уран нарийн арга хэрэглэх хэрэгтэй л дээ. Торгууль тавь, татвараа нэм, холбоо сүлжээг нь илчил. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хаана дэл сул мөнгө эргэлдэж байна гээд явж байх учиртай хүн биз дээ. Сангийн сайд гээд занхайгаад сууж боломгүй санагдах юм. Хуурамч шатахуун, Ц.Дашдоржийн угсардаг тамхинаас хүртэл Гаалийн онцгой албан татвар авахад л багш эмч нарын нэмэгдэл цалин гараад ирэх юм билээ.
-Та бүхэн цаашид яах вэ?
-Төр засаг яст мэлхийн хурдаар яваа ч нефть боловсруулах үйлдвэрээ барина гэдгээ амлаад шаваа тавьчихлаа. Үүнийг дэмжиж байгаа. Нефть болосвруулах үйлдвэрийг гацааж мэдэх хуурамч шатахууныг нэн даруй зогсоохгүй бол “Трафигура” компанийн гар хөл болсон авгай нөхрүүд Гааль, Төмөр зам, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны албан тушаалтнуудыг зарлана. Одоогийн байдлаар хуурамч шатахуунаас болоод машин тэргээ эвдүүлсэн иргэдийн 1000 гаруй гомдол ирээд байна. Яг үнэндээ гараа чилтэл гомдол бичиж авацгааж байгаагаа дуулгачих уу. Санал гомдол авах утас 77223330 шүү.Иргэдийн гомдлын мөрөөр хохирлыг тооцоод Сангийн яам болон албан тушаалаа ашиглан “Хуурамч шатахуун байхгүй” гэж мэдэгдсэн НМХГ-ын дарга Любагийн Эрдэнэчулуунаас шүүхээр нэхэмжилнэ. Ирэх намар хуурамч шатахуунаас болж хохирсон иргэдтэйгээ цуг жагсаал цуглаан хийнэ гээд бүхий аргаар тэмцэхээр төлөвлөн ажиллаж байна.

Ярилцсан З.Дулмаа


Нийтэлсэн: 2018-07-12 13:45:00

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд massnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Видео мэдээ